УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн тогтолцоог 50+26 гэсэн хувилбараар өргөн барив
Эрх баригчдын зүгээс улс орны тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг харгалзан үндсэн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан гэж тодотгож байна. Энэ нь, 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох хувилбар юм.
50+26 хувилбарыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэснээр УИХ дахь МАН-ын бүлэгт шилжсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах Зѳвлѳлийн шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр унагасан саналаараа одоо хуулийн төсөл өргөн барьдаг нь ямар учиртай юм” гэж шүүмжилсэн байна. Мөн залуу бөгөөд анх удаа сонгогдсон гишүүдийн зүгээс “Ах нарт боломж олгох хуулийн төслийг хэлэлцэхэд суухгүй” гэх үг яриаг гаргасан нь 50+26 хувилбарыг дэмжихгүй гэдгийн илэрхийлэл юм. Намын генсек Д.Амарбаясгалан бүлгийн хуралдаанд оролцож, Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагахыг намын гишүүддээ сануулсан ч тусыг олсонгүй.
Хоёр шалтгаанаар дээрх хувилбар дэмжигдэхгүй байх талтай. Нэгдүгээрт, гишүүдийн хэн нь ч тойроггүй үлдэхийг хүсэхгүй байна. Хоёрдугаарт, 50+26 хувилбараар сонгууль явбал парламентын гадна байгаа намуудад ѳмнѳхѳѳс илүү боломж нээгдэж, тэдэнд цөөн ч гэсэн суудал зулгаах боломж олдоно гэхээс МАН болгоомжилж буй аж.
О.Гоо-Оюун