ТЭГШ ОЙД ОДТОЙ БАРИЛДДАГ БӨХ БОЛ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ

2022-07-10  

No description available.

 Улс хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар 10 даван түрүүлсэн С.Мөнхбат найрах, бууж өгөх гэдгийг мэддэггүй, шударга барилддаг аварга. Ухаалаг, сийрэг, биендээ тохирсон уран барилдаантай Мягмар зааныг тэр санагдуулдаг. Гарын сарвуу, шуундаа үнэн хүчтэй гэж Увс нуур дэвжээний бөхчүүд үнэлдэг. Сэрвүү барьцнаас голдуу мэхээ хийнэ. Мэхэндээ даацтай. Хараа сайтай. Хутгах мэхийг гаргуун эзэмшсэн бөх. Мөн тахимдана. Тахимдах мэхээрээ Эрхэмбаяр харцагыг тавын даваанд давж( 2009 онд ) улсын начин, хоёр жилийн дараа буюу Улс хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүний даваанд улсын арслан цолтойд нь мөн л Эрхэмбаярыг тахимдан өвдөг шороодуулж, аварга цолонд хүрч байсан түүхтэй. Тэр барилдааныг санавал: - Өмнөх жилийн наадмаар би начин цолоо ахиулж харцага, харин Эрхэмбаяр 9 даван түрүүлж арслан цолтой болсон байсан. Харин 90 жилийн баяр наадамд аль аль нь адилхан ес давчихсан, шийдвэрлэх 10 -ын давааны өмнө бодлоо цэгцэлж, хүчээ салбэцгээсэн. Миний араас "Увс нуур" дэвжээ түшиж, Баянмөнх багш зөвлөж байсан. Халуун цай залгилж, бодлоо цэгцэлсэн. Барилдаан эхэлсэн. Хүлээх биш, өрсөхийг хичээж, хэн хэн нь мэхээ урьтаж хийхийг хичээж байв. Эрхэмбаяр бол цээж томтой, бяраар надаас илүү. Тэврүүлчихвэл мултрахад бэрх. Би Эрхэмбаяр арсланд мэх хийх хэд хэдэн оролдлого хийгээд маш их цуцсан. Хоёр талдаа харцагадаж сугадаж аваад, баахан шигшсэн, мушгисан. Янз бүрээр л оролдсон. Үзэгчид суудлаасаа өндөлзөн, шуугиад л.. Тэгэж байтал Эрхэмбаяр арслан миний элэг бүсийг түрүүлээд авсан. Харин би авч чаддаггүй. Тэр бол элэг бүснээс сайн барилддагийг мэднэ. Тэгж байтал сэнжигний барьцнаас хүчтэй угзарч ухарсан. Тогтох тухай л бодож байснаас хариу мэх хийх тухай бодол ч орж ирээгүй. Гэтэл яг энэ мэхийг нь хариулж түүнийг хаяж улсын начин болж байсан бодол гэнэт тархинд харван орж ирсэн. Тэгээд л энэ мэхээ дахиад хийгээсэй гэж хүлээж байтал тэр бодсоноор давтсан. Намайг элэг бүсийг нь авах гээд ухасхийхэд, тэр нөгөө мэхээ дахисан. Тэр үед нь дагаж ороод, тахимдаад л өвдөг шороодуулсан гэж дурссан нь бий. Ийм л хараатай сийрэг барилддаг бөх. Дараа жил нь Мөнхбат бас л түрүүлчих байсан. Харамсалтай нь нэг ч унаж үзээгүй бөхдөө унаж, дахин түрүүлэх боломжоо алдсан. Энэ тухайд: -Би тонгорсон. Уг нь яг л хаяж явсан. Гэтэл өөрөө дор нь орчихдог байгаа. Наадамд түрүүлэх бөхтэй л таарсан нь тэр байж гэж тахимаа өгсний дараа хэлсэн байдаг. Ийм л гүндүүгүй сайхан бөх. Харамсах гэдгийг мэддэггүй. Шуналгүй. Мөнхбат аваргын хувьд хэзээ ч даваа, унааны талаар маргаан үүсгэж үзээгүй. Унасан бол тахимаа шууд л өгч сурсан. Аваргууд дотроос залуу бөхчүүдийг тунаанаас гарган бууж өгөх, цолны найраанд татагдаж орж үзээгүй нэр цэвэр, ёс зүйтэй цорын ганц аварга. Энэ жил тэрбээр мөн л 37-ний жил нь орж буй. Цол өндөртэй түүнийг дээгүүр барилдана гэж бөхийн хорхойтнууд хүлээж байна.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?