АНУ-ЫН ОРОН НУТГИЙН СОНИН БОЛ УДАМ ДАМЖСАН ГЭР БҮЛИЙН БИЗНЕСС

2022-07-25  
No photo description available.
No photo description available.
АНУ-д үндэсний, бүсийн, орон нутгийн түвшинд сонин гарна. Хэвлэгдэх сонины тоо хэмжээ нь хүн амаасаа хамаарна. Арав гаруй мянган хүн амтай жижиг хотод нэг л сонинтой. Хоёрмянган хувь хэвлэгдэнэ. Долоо хоног тутмын тэр сонинг зуун зуун жилээр удам дамнан нэг л гэр бүлийнхэн эрхлэх аж. Сүүлийн хоёр жилд ковидоос болж, хамгийн хүнд цохилтыг амссан салбар бол орон нутгийн сонин болжээ. "Сүүлийн 4 жилд (2019 -2022 ) 360 орчим орон нутгийн сонин үүдээ барьсан. 2005 оноос хойш нийтдээ 2000 орчим жижиг сонин хаагдсан. Энэ янзаараа үргэлжилбэл Америкийн 70 гаруй сая иргэд сонингүй үлдэх магадлалтай. Одоогоор үйл ажиллагаагаа эрхэлж буй сонины гуравны нэг нь санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Тиймээс хаагдах, үгүй бол өөр эзэнд зарахдаа тулсан" гэж Northwestern Их Сургуулийн Сэтгүүл зүйн танхимын профессор Рийд Аффинсон энэ талаар хийсэн судалгаандаа дурдсан нь энэ салбарын дүр төрхийг тодорхойлсон харагдана. Сонины бизнес эрхлэгчид ч үүнийг зөвшөөрч байна. Цаасны хомсдол үүссэн. Үнэ нь өссөн. Ковидоос болж реклам өгөгчид цөөрсөн нь АНУ-ын орон нутгийн сонины бизнест ийнхүү хүнд цохилт өгчээ.
Сонины зах зээл сэргэх хандлагатай болж байна гэж байгаа ч, Кентаккид зохиогдож буй конференсэд оролцож буй эздийн дунд сониноо зарчих бодолтой, найдвартай худалдан авагч хайж буй ганц нэг эзэд ч таарлаа.
- "54 сэтгүүлчтэй, 24 нүүр сонин хэвлэдэг байлаа. Ковидын дараа 17-уулаа үлдсэн. Сониныхоо хуудсыг цөөлсөн. Цаашид яах вэ? гэж бодож байгаа гэж өдгөө 64 настай сонины эрхлэгч Катерина дуулгасан.
- Ердөө л хагас цагаар ажилладаг хоёр сэтгүүлчтэй үлдлээ. Хараахандаа сонингоо зарах тухай бодол орж ирээгүй байна. Хотын амьд түүх, архив нь Ситизен сонин. Архивынхан өнгөрсөн түүхийг манай сонины шарласан хуудаснаас л сэргээдэг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ үнэ цэнтэй бизнесийг тасалмааргүй байна гэж Ситизен сонины эзэн Векка хатагтай ч түүнийг залгаж хэлсэн. Ийм нөхцөл байдалд тулсан сонин олон байгаа нь ажиглагдлаа. Тиймээс сонины бизнесийн орчинд хөдөлгөөн орсон байна. Уналтанд байгаа сонингуудыг том компаниуд, том сонингууд ч залгих ажиллагаа эхэлсэн аж. Тиймээс АНУ-ын орон нутгийн сонины эзэд, эрхлэгч нар цуглаж, өөрсдийн уламжлалт бизнесээ хадгалж үлдэх, цаашид хөгжүүлэх талаар туршлагаа солилцоцгоосон.
АНУ үүсэж байгаа хүнд нөхцөл байдлыг анхааралдаа авч " Non profit news" гэсэн төсөл хэрэгжүүлж, орон нутгийн сонины бизнесийг дэмжих зорилгоор 10 сая ам.долларын санхүүжилтийг Кентакки муж төвлөрүүлж эхэлжээ. Энэ төсвийг орон нутгийн сонины хөгжилд зарцуулна гэж Ал Кросс профессор тодотгосон.
- Сонингийн бизнес хаа сайгүй хүндэрч байна. Гэхдээ унтрахгүй. Сонин бол бодит түүхийн хадаас юм. Сонины хуудас, түүний мөр бүрээс түүхийн ул мөр ханхална. Ийм үнэ цэнтэй бизнес хэзээ ч унтрахгүй гэж Канадын орон нутгийн сонины эзэн Кен Ваддел байр сууриа илэрхийлсэн. Сониноо 10 мянган хувиар хэвлэж, үнэгүй тараадаг тэрбээр реклам өгөгчид оршин тогтносоор байх аваас сонины үйл ажиллагаа тасрахгүй. Реклам өгөгчид эргэн ирсээр байна гэж тэр бусдадаа итгэл хайрласан.
No photo description available.
May be an image of 1 person
Хуралд оролцогчид Хатагтай Веккагийн сонины газраар зочилсон. Над шиг сонины газраас ажлын гараагаа эхэлсэн хүнд хар тугалга, үсэг, бүхэн их л дотно танил санагдлаа. Тухайн үеийн, улсын мэдлийн, цорын ганц "Сүхбаатар" сонины үйлдвэрт "Утга зохиол, урлаг" сониноо хэвлүүлэх, хяналт, сигналын уншилт хийхээр үүр цайлгадаг байсан маань санаанд орлоо. Найман нүүр сониныг үг, үсэг гээлгүй уншихад яг л хоёр цаг зарцуулдаг сан. Нэг нүүрийг 30 минут уншина. Үүрээр , хэвлэхийн өмнө " Сониныг хэвлэхийг зөвшөөрөв, Сигнал уншсан Ц.Энхбат" гэж бичээд хэвлэлтэд шилжүүлдэг байв. Сонин бол бичихээс эхлээд, хэвлэх хүртлээ өндөр хариуцлага үүрдэг ажил .
Үсэг хулгайч гэдгийг сониныхон бүгд мэднэ. "Утга зохиол, урлаг" сонины нэгэн удаагийн дугаарт Цэдэнбал даргын нэрийг Цэдэн-ал гэж тасалж бичээд багаараа "хуйхлуулж" байсан бодогдов. Сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Санжийн Пүрэв, редактор Цэндийн Доржготов нарын зохиолчид албан тушаал бууж, цалингаасаа хасуулж, гаргагч Найдан гуай халагдаж, дадлагын оюутан миний бие донгодуулж байж билээ. Үсэг хулгайч гэдгийг тэгэж л өөрийн биеэр анх мэдэрсэн...
May be an image of 2 people
Ц.ЭНХБАТ ( КЕНТАККИ, СИТИЗЕН сонины редакциас)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?