ЭТТ"- Н ЭКС ЗАХИРАЛ Д.АРИУНБОЛД УЛС ТӨРЧДИЙН ГАР ХӨЛ БОЛООГҮЙ УЧРААС ХАЛАГДСАН..

2022-12-21  
May be an image of 4 people and people standing
Ямагт өр ширэнд баригдаж, захирал бүр нь " аавын хаалгыг" татаж байсан тус компанийн ёрын хар түүхэнд цэг хатгасан анхны хүн бол "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн ерөнхий захирлаар богино хугацаанд үр дүнтэй ажилласан Доржийн Ариунболд захирал юм. Монцамэ хэмээх Монгол улсыг гадаадад сурталчлах үүрэг бүхий их айлыг найман жил удирдсан түүнийг "ЭТТ" ХХК-ийн захирлаар томилогдоход нь гайхсан олон хүний нэг бол би. Тэнд голдуу л улс төрийн лоббигоор, цүнх баригчдыг, эс бөгөөс улс төрчдийг л томилж ирсэн. Харин анх удаа өөр салбараас томилогдсон нь миний гайхлыг тийнхүү төрүүлсэн. Тухайн үеийн МАН-ын генсекээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, давхар ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Ж.Мөнхбат түүнийг томилоход нөлөөлсөн гэж ярьдаг. Гэхдээ энэ бол Д.Ариунболдыг нүүрсний хулгайч гэж нэрлэх үндэслэл болохгүй юм.
Д.Ариунболдыг Монцамэ-гийн захирлын хувьд сайн мэдэх ч, түүний ажлын арга барилыг өмнө нь огт мэддэггүй байж. "ЭТТ"ХХК-д нэг жил хэртэй хэвлэлийн зөвлөхөөр ажиллах хугацаандаа түүний ажлын арга барил нь төрийн өмчит бусад компанийн захирлуудаас эрс өөр болохыг харьцуулсан. Нэгдүгээрт, тэрбээр өмнөх ажлаа л хийнэ. Хоёрдугаарт өмнөх ажлаа л хийнэ. Гуравдугаарт, өмнөх ажлаа л хийнэ. Зарчимч. Өглөө эрт ирнэ. Орой, ажлын цаг дууссан хойно харина. Хэдийгээр Төрийн саарал ордон зүүн хойно нь, Намын цагаан ордон зүүн талд нь , 100, 200 метрийн зайд ойрхон орших ч, тэр түүгээр үл эргэлдэнэ. Намынхантай, өндөр тушаалын улс төрчидтэй ч үл сүлбэлдэнэ. Энэ нь түүний алдаа, онооны аль байсныг хожим цаг хугацаа харуулах болно.
Засгийн тэргүүн Ж.Эрдэнэбаттай ажил хэргийн шугамаар цөөхөн удаа уулзахдаа "Эрдэнэс Таван Толгой"ХХК-ийн үйл ажиллагааг гацаанаас гаргах, үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргуулж чадаж байсныг санаж байна.
"ЭТТ" ХХК-ийг жил гаруй хугацаанд удирдахдаа нэг ч удаа гадаадад томилолтоор яваагүй. Өөрөө явахгүй учир, бусдыг ч бас шахна. Үргэлж "ажлын буг" болж байсанд нь оффисын ажилтнууд нь тийм ч дуртай байгаагүй. Өмнө нь, өөрийн барилгын компанийг удирдаж байсан туршлагатай, мөнгөний хор нь гарсан хүний хувьд завших биш, хийх бүтээхийг зорьж, аль болох хэмнэх зорилт тавьж байсан нь тус компанийн зарим удирдлага, ажилтны сэтгэлд нийцэхгүй тохиолдол гарч, багагүй эсэргүүцэл ч тулгарч байлаа. Дарга нар цалингаа нэмдэг бол тэр өөрөө үлгэрлэж, өөрийн 5 сая төгрөгийн болон удирдлагын багийнхаа цалинг 50 хувиар бууруулж, зардлаа хасаж ажлын гараагаа эхэлж байв. Ерөнхий захирлыгаа Өмнөговь дахь уурхайн камп-даа очиход хашааны гадна талд хэд хэдэн жип машиныхаа дугуйг авч, тоосго дэрлүүлэн угтсан нь санамсаргүй тохиолдол биш гэж би хувьдаа хүлээн авсан. Энэ бол бяцхан эсэргүүцэл байсан. Гэвч " " нарийн захирал" гэдэг хочноосоо Ариунболд огт ичээгүй, бас ухраагүй. Тэр тооцоог тун нарийн барьж, кампанийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох тамирчдын хувцсыг ч шинэчилж өгөхөөс татгалзаж байсан. Харин компанийн орлого цаг өдрөөр нэмэгдэж, тооны машин нь тэр тоог багтаахаа больж байсан. Тиймээс хамгийн түрүүнд олон оронтой тоо багтдаг тооны машиныг ерөнхий нягтландаа дуртайяа авч өгч байж билээ. Ажиллах хугацаандаа хамгийн олон удаа уулзсан ажилтан нь ерөнхий нягтлан бодогч нь гэдэгт би итгэлтэй.
Тэр томилогдсон цагаасаа л кампанийнхаа үйл ажиллагааг эрчимжүүлж, нүүрснийхээ үнэ тарифыг нэмэгдүүлж чадсаны үр дүнд улс төрчдийн тавьсан 350 сая ам.долларын өрийг Чалкод төлж дуусгасан.
Үр дүнд нь Хятадын Чалко компанитай ижил түвшинд хэлэлцээр хийх эрхтэй болж, улс орноо өрийн дарамтаас салгасан. Энэ цагаас л "ЭТТ" ХХК бол Эрдэнэт үйлдвэрээс томрох эхлэл тавигдсан. " Алтаар баадаг үнээ" гэдэг шиг л энэ компани шинэ ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхааралд өртсөн. Улмаар Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулж, У.Хүрэлсүх ерөнхий сайд болсны дараах анхны шийдвэрийн нэг бол " Эрдэнэс таван толгойн" захирлаар Ганхуягийг томилох шийдвэр байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Бямбасүрэн ажил хүлээлцүүлэх үеэр Д.Ариунболдыг сайн ажилласан гэж дүгнээд, " Алт - эрдэнэс" компанийн захирлаар дэвшүүлэн томилсноо танилцуулсан. Урамшуулбал зохих Ариунболд захирлыг дэвшүүлэх нэрээр халсан нь 'ЭТТ" ХХК-г дуулгавартай хүнээр дамжуулан гартаа оруулах улс төрчдийн эрээгүй жүжиг байжээ. Шалтгаан нь маш энгийн. Д.Ариунболд нэг ч улс төрчтэй үгсэн хуйвалдаагүй, шударга ажиллах хатуу зарчим баримталсан нь эрх баригч намын топ удирдлагын сэтгэлд нийцээгүй. Цаашид ч энэ зарчмаасаа үл ухрах түүнийг зайлуулж, хоосон цаасан дээр байгуулсан "Алт-Эрдэнэс" компанийн захирал гэсэн тушаалтай л Д.Ариунболд үлдсэн. Харин түүний дараа "Эрдэнэс ТТ" ХХК-ийн захирал болсон Ганхуяг нь мөнгөнд жинхэнэ " эзэн суусан". Ариунболдын " нарийлаад" , дугуйг нь солиход гар татаад байсан нөгөөх хэдэн машины дугуйг авч өгөх биш, машиныг иж бүрнээр нь шинэчлэн сольсон. Дэргэдээ том хэвлэлийн алба байгуулсан. Тэр нь 3000 троллтой ажиллаж байсныг түүний хэвлэлийн албаны дарга Амарбаяр бусдад сайрхахдаа ам алдсан байдаг. Ийм л ам, ажлын зөрүүтэй даргаар Ариунболдыг сольжээ.
Төр муу менежер биш, харин ч эсрэгээрээ сайн менежер байж болдогийг Д. Ариунболд богино хугацаанд харуулсан. Гэтэл нүүрсний хулгайч 17 хүнийг нэрлэхдээ, төгсгөлд нь яаж орхих вэ? гэсэн шиг түүний нэрийг зоожээ.
Монгол даяар хулгай, дээрэм нүүрлэсэн. Дээрэмчин төртэй болсон.
Үүнийг өөрчлөх ёстой гэж олон жил ярьсан хүний нэг.
Ийм нийгмийг хэн ч хүсэхгүй. Хэн ч хүсээгүй. Дээрэмчдийг нэрлэх биш, илрүүлж, шийтгэх ёстой. Харин түүний завсарт гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж бас болохгүй. Харин улс төрчдийн заль мэхэнд автаж, илбэдүүлж л болохгүй.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?