ЗАРИМ ТӨРИЙН ТҮШЭЭД ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ НИЙТЛЭГ АШИГ СОНИРХОЛТОЙ БАЙЖ, МУ-ЫН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН БОДЛОГЫГ СУЛРУУЛСНААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

2023-01-18  

  Тамхинаас шалтгаалсан цус харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар болон ковидын дараах цус өтгөрөл зэргээс хайртай аавч ээж, ах дүүгээ алдсан маш олон  айл өрх шаналж, өнчирч, ядуурч байна. Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдгээрийн сэтгэцийн болон нөхөн үрхижүйн эрүүл мэнд, цаашлаад хүн амын хөгжил, үндэсний эрх ашигт ихээхэн аюул заналхийлээд байгаа нэгэн эмзэг  асуудалд санаа түгшиж,  эрхэм хууль тогтоогчид, төрийн түшээдийг  анхаарлаа  хандуулахыг хүсч байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол улсын зах зээлд электрон тамхи маш хурдацтайгаар тархаж, ялангуяа хүүхэд залуучуудын дунд хэрэглээ нь огцом өсч байна. Электрон тамхи нь тамхины нэг төрөл бөгөөд аль ч хэлбэрийн электрон тамхины импортлолт, худалдааг хориглох эсхүл тодорхой хязгаарлалт тогтоохыг ДЭМБ-ын ТХСК-ийн Нарийн Бичгийн дарга нарын Газар зөвлөсөөр байгааг энэ ялдамд дурдая.

Гэвч дэлхийн улс дамнасан тамхины корпорациуд электрон тамхины ямарч хуулийн зохицуулалтгүй Монгол улсыг судлан онилж, электрон тамхины ноёрхолыг тогтоож, тамхинаас гаргах бэлдмэл мэтээр монголын ард түмэн, төр засгийг хууран мэхэлж, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг сааруулж Тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтад оруулахгүй байж цаг хожих замаар  хүн амыг энэ тамхины  хэрэглэгч болгохын төлөө маш хүчтэй ухуулга нөлөөллийн олон арга хэмжээг явуулж байгаа нь сэтгэл түгшээж байна. Мэдээж тэд маш их хөрөнгө мөнгөтэй, юуг ч худалдаж авах чадалтайг онцлоё. 

Улс орон бүр электрон тамхины нийлүүлэлтийн цунамигаас хүн амаа хамгаалах бодлогоо эрч хүчтэй явуулж байна. Тухайлбал, хэдхэн жилийн дотор л электрон тамхийг дэлхийн 100 гаруй орон хуулиараа хязгаарлалт ,  зохицуулалт хийж, 32 орон импортлох, худалдахыг бүрмөсөн хориглосон байна. Өөрсдийн соёл гэж ойлгож байсан Арабын Нэгдсэн улс л гэхэд усан хоолойгоор татдаг тамхины хэрэглээг хориглоод байна.  Гэтэл манай улсад электрон тамхины импорт огцом нэмэгдэж, хаа сайгүй худалдаалагдаж, өсвөр насныхан өнгө үзэмжинд нь хууртан хэрэглэсээр байна.   Хуулиараа импортлолт, худалдааг хориглосон Камбожоос гэхэд л 1.6 сая ширхэг, БНХАУ-аас 1 сая ширхэг электрон тамхи Монгол улсад ганцхан 2021 онд нийлүүлэгджээ. 

Электрон тамхины хор хөнөөлийн талаар ДЭМБ-ын судлаачид олон нотолгоонуудыг гаргасаар байна. Электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэйгээс гадна  байгаль  орчинд пластик хог хаягдал ихээр үүсгэдэг. Зөвхөн хэдхэн нотолгоо дурьдахад л АНУ-д 2019 хэрэглээ маш эрчтэй нэмэгдэж, 2020 он гэхэд 50 мужид уушгины гэмтлийн улмаас 68 хүн нас барсныг ДЭМБ мэдээлсэн байна. (эх сурвалж: cdc.gov/tobacco/basic_information/e-cigarettes/severe-lung-disease.htm) Түүнчлэн электрон тамхины аэрозольд агуулагдах формальдегид, акролейн гэх мэт химийн хортой бодисууд тухайн хүний ДНК-г гэмтээж, мутагенез үүсгэдэг,  аэрозольд удаан хугацаагаар өртөх нь төрөл бүрийн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг, эр бэлэг эрхтэний судсуудыг нарийсгаж, цусан хангамжийн дутагдалд хүргэж, улмаар бэлгийн сулрал, хөрөлт үүсэхэд хүргэдэг, уушигны ноцтой гэмтэл үүсгэдэг зэрэг сөрөг хортой нөлөөтэй болохыг судалж тогтоосоор байна.

Монгол улсад олон салбарын хамтарсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцид нийцүүлэн боловсруулж, ЗГХЭГ-т өргөн барихаар ид ажиллаж байгаа өнөө үед үндэстэн дамнасан корпорациуд, тамхи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа улам эрчимжиж   байна.

Саяхан Марлборо брэндийн янжуур тамхины үйлдвэрлэгч Филипп Моррис Интернэйшнл (PMI) нь дэлхийн олон сая хүний үхлээр ашиг орлого хийсээр байгаа томоохон корпорацийн гар хөл болох Англи улсын иргэн, экс парламентийн гишүүн асан  Кевин Бэррон, Австралийн иргэн, электрон тамхиар тамхинаас гаргагч гэх  Колин Мендельсон нарыг Монгол улсад ажиллуулж, “Тамхигүй маргаашийн төлөө” гэх сайхан нэр зүүсэн Монголын ТББ, сэтгүүлч С.Бүдрагчаа нар маш зүтгэлтэйгээр ажиллаж, монгол улсынхаа хууль сахиулагч байгууллагыг ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь Конвенцийг зөрчиж, монгол улсын  төрөөс тамхины хяналтын талаар баримтлах бодлого, хуулийг зөрчүүллээ.

Тэд хэвлэл мэдээллийг ашиглан ДЭМБ-ын зүгээс хүлээн зөвшөөрөгдөж батлагдаагүй буруу ташаа мэдээллийг тогтмол давтамжтайгаар түгээж, хэвлэлийн бага хурал, захиалгат нэвтрүүлэг хийж, электрон болон шинээр үүсч байгаа тамхин бүтээгдэхүүнийг “хор багатай”, “тамхинаас гарах арга” хэмээн хараахан хуулиар зохицуулагдаагүй байгааг далимдуулан сурталчилж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн үнэнч шударга ажиллаж байгаа гишүүдийг харлуулах, доромжлох, айлган сүрдүүлэх “янжуур тамхиныхнаас хээл хахууль авсан” мэтээр гүтгэн гүжирдэж, сэтгэл санааны хохирол учруулж улмаар АТГ-аар шалгуулах үйлдлүүдийг худалдагдсан хэвлэл мэдээллийн сувгууд, С.Бүддрагчаа мэтийн хөлсний сэтгүүлч нарыг ашиглан хийсээр байна. (Нууц материалууд: тахал, Нууц материалууд: төрд тэрслэгч/нууц зэрэг нэвтрүүлгүүдийг сошиалаас олж үзэж болно.) Харамсалтай нь эрхэм гишүүн Ж.Чинбүрэн дээрх “туршлагыг” сонсох л хэрэгтэй байсан юм хэмээн С.Бүдрагчаад ярилцлага өгч байгаа нь хачирхалтай.

Энэ үйлдлээрээ тэд Монгол улс 2003 онд нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенийн 5.3 дахь заалт, Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийн төрөөс баримтлах бодлогыг үл хайхран, тус хуулийн 4.1.8, 4.1.9, 5.1.3, 5.1.4, 5.1.5 дахь заалтыг зөрчиж, АТГ-т хуурамч мэдээлэл өгч өөрсөддөө  ашигтай нөхцөл үүсгэхээр олон ажлыг хийж байна.  

Их Британийн УИХ-ын гишүүн асан Кевин Бэррон гэж хэн бэ? - "Тамхины шилжилтийн сан"-г байгуулах замаар тамхи үйлдвэрлэгчид Засгийн Газартай хамтран ажиллах тухай хуулийн төслийг өнгөрсөн Английн парламентад санаачилан өргөн барьсан боловч батлуулж чадаагүй нэгэн.

 Колин Мендельсон гэж хэн бэ? – Филипп Морис тамхины корпорацийн өөрийн санхүүжүүлдэг Тамхигүй Ирээдүйн Төлөөх Сан (Foundation for Smoke-Free Future)–гийн төсөл хэрэгжүүлэгч “Knowledge-Action-Change” байгууллагын дэмжлэгтэй Австралийн тамхины хор хөнөөлийг бууруулах Холбоо, мөн дээрх сангаас санхүүждэг Ази Номхон далайн тамхины хор хөнөөлийг бууруулах ухуулагчдын эвсэл буюу CAPHRA гэх сүржин нэрийн ард үнэн нүүр царайгаа нууж электрон тамхийг хор хөнөөлгүй хэмээн сурталчилдаг байгууллагыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийнх нь гишүүн, Австралийн нэгэн их сургуулийн дэд профессор нэгэн.  

Дээрх хоёр этгээд нь УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын хорооны гишүүдтэй лобби уулзалт хийх, МҮОНР телевизээр  нэвтрүүлэгт орох, гишүүдтэй шууд ярилцлага зохион байгуулах, эрүүл мэндийн ажилтнуудын дунд семинар хийх зэрэг оролдлогыг хийсэн ч  эдгээр үйл ажиллагааг зогсоож,дээрх арга хэмжээнд  оролцохоор төлөвлөж байсан УИХ-ын гишүүд, ЭМЯ-ны зарим удирдлага, ажлын хэсгийн гишүүдийг Тамхины хяналтын хуулийн 5.1.3, 5.1.4. 5.1.5 дахь заалтуудыг зөрчиж  Монол Улсыг дэлхий дахинд хамгийн муу жишээгээр тодрохоос сэргийлж  чадсан ч Eagle, Tenger зэрэг сувгууд зочноор оролцуулж улмаар Теnger телевиз сошиалаар идэвхижүүлэлт хийж олон хүний хүртээл болгосон. Мэдээллийн сайтуудын хувьд эдгээр этгээдийн яриаг ихэнх нь нийтлэсэн.  

Төрийн түшээд маань мэдлэгтэй, хүчтэй, хувийн ашиг сонирхолгүй, шуналгүй байвал улс орон маань хэнээс ч хамааралгүй хөгжих боломжтой гэж би үздэг. Харамсалтай нь  дээрх арга хэмжээнүүдийг тамхи үйлдвэрлэгчдийн тактик гэдгийг холбогдох байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх, ажлын хэсгийнхэнд мэдээллийн эх үүсвэрийн хамт хүргүүлж сэрэмжлүүлсээр байтал ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тэр ч байтугай дараа нь ч тамхины компанийн дэмжлэгтэй арга хэмжээг зохион байгуулах, оролцохыг завдсан төрийн түшээдийг энд нэг бүрчлэн дурьдах нь зөв гэж үзлээ: 

-  УИХ-ын Тамгын газрын Нийгмийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Цогзолбаяр /энэ албан тушаалтан Блүүмберг Филантрописын “Тамхигүй хүүхдүүд” олон улсын байгууллагын шугамаар Дэлхийн Тамхигүй Өдрийг тохиолдуулан 2022 оны 5 сарын 24-нд болж өнгөрсөн Европын Тамхидалтаас Урьдчилан Сэргийлэх Сүлжээний “Европын Холбооны тамхины хяналтын бодлогод тамхи үйлдвэрлэгчдийн “ногоон” үйл ажиллагаанаас учирч буй аюул” сэдэвт хуралд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамт бүх зардлаа даалган оролцож, мэдлэгээ дээшлүүлсэн нэгэн/

-  ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Буянтогтох, ажлын хэсгийн дэд дарга /энэ албан тушаалтны хувьд дээрх гадныхны лобби үйл ажиллагаатай шууд холбоотой хэмээн үзэх үндэслэлтэй. Учир нь 2022 оны 9 дүгээр сарын  22-ны өдөр Их Британийн Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Тереза Коффи рүү Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааг үл ойшоон, уландаа гишгэн, ноцтой зөрчиж, Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гэж ашиглан “тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх туршлага солилцох” хүсэлтийг өөрийн албан хаягнаас илгээж байсан нь ил болсон. Улс дамнасан тамхины корпарацийн төлөө ажиллаж байгаа ташаа ойлголт төрүүлэхэйц нэр зүүсэн “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-ын нийгмийн сүлжээнд байршуулж, олон түмэнд түгээж байсан мэдээлэлд Их Британи улсыг тамхидалтаас сэргийлэх шилдэг туршлагатай орон хэмээн буруу сурталчилж байсан нь дээрх үндэслэлийг улам бататгаж байгаа юм. Мөн өрхийн эмч нарт буруу сурталчилгаа явуулах байсан сургалтыг нээж удирдахаар төлөвлөж байсан нь нотлогдож байгаа.

Тамхи үйлдвэрлэгчдийн лоббид автан төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэн хувийн ашиг сонирхлын үүднээс өргөсөн тангарагаасаа няцсан төрийн түшээдийн цаашдын үйлдлийг нь нэн даруй таслан зогсоох шаардлагатай байна.  

Учир нь Засгийн Газар, УИХ-аар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахад дээр дурьдсан хүмүүс аль болох саад тотгор болох, бүхий л техникийн ажлыг бие даан хийсэн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллийг УИХ дээр байгуулагдах ажлын хэсэгт аль болох оруулахгүй байх талын бүхий л арга хэмжээг авах эрсдэл байгаа гэж үзэж байна. 

Мөн Сангийн яам хуулийн төсөлд хуулинд заасан хугацаандаа саналаа өгөхгүй маш их хугацаа алдахад хүргэснээс гадна “тамхины зохистой хэрэглээ”, “хор багатай тамхийг төр бодлогоор дэмжих” гэсэн дэлхий дахинд байхгүй ойлголтуудыг гаргаж ирсэн, түүгээр ч үл барам ДЭМБ-аас “тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхины тархалтыг бууруулах хамгийн үр дүнтэй стратеги болохыг хүлээн зөвшөөрч жижиглэнгийн үнийн 70%-д хүргэх ТХСК-ийн 6-р зүйл”-ийг зөрчин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл олгохдоо Онцгой албан татварын хуульд халаадаг тамхины татварыг 3 дахин хямд үнэтэй янжуур тамхитай ижил үнийн дүнгээр 11%-иар тогтооно гэсэн үндэслэлгүй шаардлага тавьсныг дурьдах нь зүйтэй болов уу. Энэ үйлдлийг Сангийн сайд Б.Жавхланг албан тушаалаа урвуулан ашиглахаас гадна ашиг сонирхолын зөрчилтэй нэгэн хэмээн үзэх үндэслэлийг бий болгож байна.   

Эцэст нь эрхэм хууль тогтоогчид, төрийн түшээдийг үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл мэндээ тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөллөөс хамгаалах үйлсэд манлайлан оролцож, ёс зүйтэй байхыг уриалж байна.  

Хүндэтгэсэн,

Б.Туяа, “Монгол улсад тамхины хяналтын эрх зүйн орчинг бодлогын ухуулга нөлөөлөл хийх замаар сайжруулах нь” төслийн зохицуулагч, Фокус ТББ-ын тэргүүн 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?