"ЖУ" -Г БАРИВЧИЛСАНД НИЙТЭЭРЭЭ УЧИР ЗҮЙГҮЙ ТАЛАРХАХ ЁСТОЙ БАЙЖЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ , ОЮУН-ЭРДЭНИЙН БОДЛООР...

2023-04-11  

Засгийн газарт монголчууд эргэлзэж буйн нэг илрэл нь "Жу"-г "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баривчилж ирсэн явдал боллоо. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд нь өөрийн биеэр Филиппинд очиж, "Шувуу" ажиллагааг удирдлаа. Энэ бол гадаадад орогносон гэмт хэрэгтнийг хууль зүйн сайд нь биечлэн толгойлж удирдсан анхны операция боллоо. МАН-ын зүгээс авилгачидтайгаа эрс шийдэмгий тэмцэж буйгаа харуулах гэсэн "5Ш" ажиллагааны гараа нь санаснаар нь явж өгсөнгүйд ерөнхий сайд бухимдлаа. Бүх монголчуудыг " алга нижигнүүлэн ташна" гэж төсөөлж байтал, харин ч "шүгэлдэх" нь олон таарлаа. Бачимдсан ерөнхий сайд Оюун-Эрдэнэ барьж алдахдаа: -" Хууль, шүүхийнхэн Мөнх-Эрдэнэ, Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авилгачдад яаж гаргахыг харцгаахгүй юу" гэж багтрах нь холгүй тунирхан хэлснийг өдөр тутмын томоохон " Зууны мэдээ" сонинд нийтэлсэн байна. Жиргэх төдийхэн" болжмор" Мөнх-Эрдэнийн дэргэд бол "Жу" бол жигүүртний хаан хангарьд юм. Түүнд зохих шийтгэл оноох нь шударга ёсонд нийцнэ. Гэхдээ түүнийг Засгийн газраас зарласан "Шувуу" ажиллагааны хүрээнд жинхэнэ баривчилсан уу, эс бөгөөс тэр өөрөө Монголдоо ирэх хүсэлт гаргасныг нь хүлээн авав уу? гэдэг бол тэс өөр хоёр ойлголт. Ийм нэг эргэлзээ нийгэмд бий боллоо. Миеэгомбын Энхболд , түүний баруун гар Т.Бадамжунай нар бол нэг зоосны хоёр тал. Намын бүх томилгоог энэ хоёр хүн л шийдэж байсан. Тухайн үеийн ерөнхий сайд Эрдэнэбат ч томилгоонд оролцох эрхгүй байсан нь Бадамжунай гэгч ерөнхий сайдаас ч дээгүүр эрх мэдэлтэй байсныг өгүүлнэ. Хотын фракцын тэргүүн М.Энхболд ( 2017) ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаар Т.Бадамжунайн эрх мэдэл хумигдах эхлэл тавигдсан. МАН дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж, түүнд нь тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулга хүч нэмснээр С.Энхболдыг УИХ-ын даргын сэнтийнээс нь унагаж чадсан түүхийг бид мэднэ. Тэр цагаас хойш удалгүй "Жу" ноён машин хөлөглөн урд хилээр сэмхэн оргон зайлсан. Олон хэргийн гогцоо, учгийн зангилаа , авилгын аалзны торыг таталцсан гол эзний нэг болох Бадамжунай оргон зайлснийг М.Энхболд болон түүний фракцтай ч холбож бичиж байсан нь бий. Сураг нь алдарсан түүнийг Индонезийн нөлөө бүхий улс төрчийн ивээлд багтаж, тус улсаас улс төрийн орогнол хүсэж, тэндээ өнгөрсөн 6 жилийг үдсэн мэдээлэл бий. Миний ойлгосноор тэр бараг өөрөө ирэх шиг боллоо. Хөрөнгө мөнгө бол эх орны салхины үнэд ч хүрэхгүй юм байна гэдгийг нас ахисан Жу мэдэрсэн бололтой. Бас бус зохицуулалт ч хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хавдар туссан гэх дам мэдээлэл ч дуулдаж буй. Хамгийн гол нь Нямбаатар сайд өөрөө очиж авчирсан нь ямар учиртайг тайлбарлах, Бадамжунай юу хүссэн, ямар нэгэн тохироо хийсэн эсэхийг хэлэхэд дэндүү эрт байна. Гэмт хэрэгтэн, нэгэн намын журмын нөхөр Мөнхбатад зугтах боломж олгосон, АН-ын гишүүн, ерөнхий сайд асан Сайханбилэгийг өдий хүртэл баривчилж ирэхгүй байгаа нь "Шувуу" ажиллагаа нэр төдий болчих бий гэдэг болгоомжлол төрүүлнэ. "Шүүр" ажиллагааг бол дураараа хийж болох байх. "Шүгэл" ажиллагааг Засгийн газар өөрөө захиалж, өөрийн хүмүүсээр " шүгэлдүүлбэл" явж магад. Учир нь, хууль, хүчнийхэн тэдэнд саад болохгүй. Харин ард иргэд " шүгэлдэх нь цагдаад дуудагдах, шүүхийн хаалгыг татах эрсдэлд орох магадлал өндөр. "Шүгэл" ажиллагаанд баталгаа өгөхөд бэрх. Учир нь, ард иргэдийн шүгэлдэх хууль ,эрх зүйн орчинг МАН-ын гишүүдээс дагнан бүрдсэн УИХ -аас иргэдийн дуу хоолойг хавчиж, боосон олон хууль баталсан. "Шүгэл үлээгч" Мөнх-Эрдэнэд эхнээс нь шийтгэл оноосон. Засгийн газрын "5 Ш" ажиллагаа нь 2024 оны сонгуулийн дүнд бүхэлдээ нөлөөлж мэдэх юм. Дүр эсгэсэн үү, шударга хатуу "5 Ш" ажиллагаа юу гэдгийг цаг хугацаа харуулах нь. С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан нарыг мөн л сүр дуулиантай баривчилж, шүүж байсан. Юу болсон? Бүгдийг өршөөлийн хуулиар өршөөсөн. Одоо Бадамжунай болон түүний фракцынхны хэргийг шүүх хэрхэн сөхөх, авилгын торын үзүүр нь хаа хүртэл үргэлжлэхийг харах үлдлээ. Эргэлзэж буй монголчууд олон учраас "нижигнэтэл алга ташин" угтсангүйд Оюун-Эрдэнэ гомдоллов.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?