Х.НЯМБААТАР: 2009 ОНООС ХОЙШ АВСАН БҮХ АВТОБУСНЫ ХУДАЛДАН АВАЛТЫГ ШАЛГУУЛНА

2023-10-30  

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж ирсэн байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус худалдан авчээ. Гэвч улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн. Ингэхдээ “Автобус I” 120, “Автобус-III” 80, “Цахилгаан тээвэр” 50, “Эрдэм Транс” 30, “Автобус нэгдэл” 10, “Сутайн буянт” 30, “Мяралзаа” компани 8, “Тэнүүн Огоо” 50, “Тэнүүн дэлгэр” 14, “Атибус”-8, нийт 400 автобус авсан ч 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн. Үүнээс болж, дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй байна. Цөөхөн компани нь цөөн хувиар эргэн төлсөн байна" гэв. 

Үүнээс улбаалан ханшийн зөрүүнээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүсчээ. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдөртэй золгожээ.

Автобус захиалагч нь Зам, тээврийн яам,  санхүүжилт гаргасан яам нь Сангийн яам юм байна. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “2009 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд нийтийн тээврийн автобусыг бүрэн шинэчлэх боломж байсан” хэмээн онцоллоо.

Түүний дараагийн буюу маргааш хийх хэвлэлийн хурлын сэдэв нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй хотын төвийн бүсэд төлбөр тогтоох асуудал юм. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?