"ОСАКА ЭКСПО"-ГИЙН ҮЕЭР АНГАРАГИЙН СОЛИРЫГ ҮЗҮҮЛНЭ

2024-09-18  

Антарктидаас Японы судлаачдын багийн олж илрүүлсэн “Ангараг гаргийн чулууг” 2025 онд Осака хотод болох “Дэлхийн Экспо” үзэсгэлэнгийн үеэр анх удаа олон нийтэд үзүүлнэ гэж тус улсын засгийн газраас өнөөдөр мэдэгдлээ.

Уг солирыг Японы Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн судлаачид 2000 онд олсон бөгөөд Ангараг гаргийн гадаргууг астероид мөргөсний улмаас сансарт шидэгдсэн болохыг тогтоожээ. Нийт 29 см урт, 22 см өргөн, 16 см өндөр, 13 кг жинтэй энэ солир нь Дэлхий дээрээс олдсон хамгийн том солируудын нэг юм. Солирын дотор агуулагдаж байсан хийг шинжилснээр гарал үүслийг нь тогтоосон байна.

Эл чулуунд устай урвалд ордог эрдэс бодисууд агуулагдаж байсан нь Ангараг гараг ​​дээр урьд өмнө ус байсныг харуулж байгаа бөгөөд амьдралын үүслийн талаар ойлголттой болоход тус дөхөм болж магадгүй байна. Японы Засгийн газар солирыг Экспогийн урианд нийцэж байна гэж үзээд үзмэрийн тоонд оруулахаар шийдвэрлэжээ.

1970 оны “Осака Экспо”-гийн үеэр “Аполло 11” сансрын хөлгөөр авчирсан Сарны чулууг олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Засгийн газар ирэх дөрөвдүгээр сард эхлэх экспогийн үеэр уг чулууг дахин нэг удаа үзүүлэхийг АНУ-ын талаас хүссэн байна.

Шинжлэх ухааны сайд Машахито Морияма хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, солирыг үзүүлэх нь судалгааны экспедиц болоод Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн явуулж буй үйл ажиллагааны талаар хүмүүст мэдээлэл өгөх таатай боломж болно гэжээ.

Экспогийн үеэр мөн Ангараг гараг дээр нисгэгчгүй төхөөрөмж буулгах үйл явцыг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байсан боловч Японы Сансар судлалын агентлаг уг төхөөрөмжийг хөөргөх хугацааг 2026 онд болгон хойшлуулсан тул шууд дамжуулах төлөвлөгөөг цуцалсан байна.

 
 
Эх сурвалж: ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 17 /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?