
Төсөлд хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болохоор тусгасан бөгөөд уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр, эсхүл түүний доторх аль нэг өдөр, цаг агаарын нөхцөлтэй уялдуулан товлохоор заажээ. Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах бөгөөд азарга, соёолон насны морьд 16–17 км, их насны морьд 18–19 км зам туулах юм.
Төсөлд уралдаанчийг дулаан, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, заавал даатгалд хамруулах, эцэг эхтэй нь гэрээ байгуулах, замд эмнэлгийн тусламжийн хэсэг байрлуулах шаардлагыг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь төслийг дэмжжээ.
2019 оны Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байсан бөгөөд шүүх ч хүйтний улирлын уралдаанд хүүхэд оролцуулахыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж дүгнэж байв. Хүний эрхийн үндэсний комисс төслийг дэмжихгүй байгаагаа 11 дүгээр сарын 16-ны албан бичгээр илэрхийлсэн байна.