ХОТЫН ТӨВИЙН БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД "БААС"-Н ДУНД АМЬДАРСААР Л...

2016-01-25  

Багшийн дээдийн автобусны буудлын ард байрлах 1968 онд ашиглалтад орсон 64 дүгээр байрыг иргэд андахгүй. Сүхбаатар дүүргийн 8-р хороо буюу хотын "А" зэрэглэлд, зам дагуу байрлалтай уг байрны нэг давхрын өргөтгөлд голчлон цайны газрууд болон бусад үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл тэр нь тухайн байрны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нь ноцтойгоор зөрчиж байна. Тодруулж хэлбэл үйлчилгээний газруудын бохир нь хальж 64 дүгээр байрны орцоор урсаад гараад ирдэг. Өвлийн цагт цан цохиж, дулааны улиралд үйлчилгээний газруудын хоолны үнэрээр нь ялаа батгана шавж, хүн амьдрах аргагүй бохир орчин үүсдэг. 

Таны харж байгаа энэ зураг орц руу бохир орж ирдэг нүх. 

64 дүгээр байрны оршин суугчид удаа дараа хотын удирдлагуудад энэ талаар шаардлага хүргүүлж байсан боловч "СӨХ"-дөө ханд гэсэн хариу өгдөг. Гэвч энэ байрны "СӨХ"-ийг хариуцдаг Цэцэгээ гэх ганц эмэгтэй байдаг бөгөөд "СӨХ"-ийн төлбөр мөнгө гэж хуучин жишгээр хурааж авдаг. Уг нь цаг үетэйгээ нийлүүлээд "СӨХ"-ийн мөнгөө нэмж авч, орцны цэвэрлэгээ, байрны тохижилтыг хийж байх ёстой. 

  

За энэ яахав гэж бодоход байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний газрууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад оршин суугчдын эрүүл тав тухтай амьдрах орчинг бүрдүүлмээр... Гэвч бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминчхан бодол нь дийлчихсэн бололтой. 

64 дүгээр байрны оршин суугч н.Саран-Эрдэнэ : Манайх энэ байранд таван жилийн өмнө нүүж ирсэн. Бохир нь байнга халиад баас нь орцоор хөвж байдаг. Цай хоолны үнэр гэж авах юм байхгүй. Цан цохиод мөстөөд, хальтарч унаж бэртэх энүүхэнд. Манай дээд талын айлын өвөө тэр мөсөн дээр нь хальтарч унаад гараа хугалж байсан. Өндөр настай хүн бэртэл авах ямар л олиг байв гэж, тийм биз дээ? Одоо энэ ханыг хар л даа хөгц мөөгөнцөрдөө баригдаад ховхроод уначихсан. 2 жилийн өмнө доод талын нэг цайны газар нь газ алдаад гал гарч байсан. Орц тэр чигээрээ хөө тортог утаа угаар болсон. Гэвч тухайн газар нь ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ядаж орцны хөө тортгийг янзалж өгөөгүй. Бид өөрсдөө л цэвэрлэж янзалж, засварласан. Гэвч цан уур нь цохиод эхнээсээ ховхроод уначихсан.

64 дүгээр байрны оршин суугч н.Баярсайхан : Энэ байранд үнэндээ оршин суух арга алга. Доод талын үйлчилгээний газрууд агааржуулалтын хоолойг тэр чигээр нь бөглөчихсөн. Тэр чигээрээ ямар ч агааржуулалт байхгүй чийг, мөөгөнцөртөө баригдчихсан. Орцонд бол дандаа энэ үйлчилгээний газруудын бохир нь хальдаг. Орой орж ирэхэд цантаж мөстөөд баас шээс нь гоожчихсон. Тэрийг нь харанхуйд мэдэхгүй орж ирээд хальтраад л "баас, шээс"-н дээр унана. Улаанбаатар хотын төвийн байр гэхэд арай л дэндчихсэн байгаа юм. Ямар ч амьдрах нөхцөл алга. Ихэнхи оршин суугчид байраа аргагүйн эрхэнд түрээслээд өөрсдөө өөр газар амьдарч байна.

  

Үүнээс болж уг байрны даац муудаж, хөгц мөөг ургаж насжилтад нь муугаар нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр хамгийн хурцаар яригдах зүйл бол иргэдийн ЭРҮҮЛ МЭНД. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Энэ мэтээр оршин суугч жирийн иргэд хохирсоор байх уу?

 

Бид энэ талаар иргэдийн мэдээллийн мөрөөр эргэн сурвалжлах болно.

 

 СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?