АМЛАСАН МӨНГӨӨ ХУГАЦААНДАА ӨГЧ СУР !

2016-01-26  

2003 онд батлагдсан Монгол улсын биеийн тамир спортын тухай хуулиар Олимп, Тивийн наадам олон улс, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчдад засгийн газраас мөнгөн шагнал олгох зохицуулалтыг оруулсан. Үүний дагуу 2004 оноос хойш засгийн газрын мөнгөн шагналын журмууд удаа дараа гарч байсан. Тухайн үедээ Олимп, Олимп бус гэж тамирчдыг сонгож хичээллэсэн спортоор нь алагчилсан, Үндсэн хуулийн цэц дээр тамирчдын эрхийг хязгаарласан гэж Засгийн газар нь буруудаж байсан түүхтэй. Өөр нэг зүйл нь хуулинд анх тухайн тамирчинд мөнгөн шагнал олгогдоно гэснээс дасгалжуулагчид мөнгөн шагнал олгогдох тухай тусгагдаагүй нь маргаан дагуулсан. Бүр дасгалжуулагч болон тамирчид хэлэлцэж өөр хоорондоо хувь тохирсон гэрээ хийж эхэлсэн. Зарим нь бүр насан туршийн гэрээ ч байгуулсан нь асуудал үүсгэсэн. 

Энэ бүхнээс үндэслээд 2009 онд биеийн тамир спортын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан :

1/7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт : 

7.1.4. " Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам батлах " гэж заасан байдаг. Энэ нь азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгогдохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл азийн аваргын тамирчдын мөнгөн шагналын хувь дасгалжуулагчдад оногдохоор болжээ гэж үзэхэд хүргэж байна. Ийнхүү төрөөс шагнал олгох зохицуулалтыг хуульчилж, төсвийг жил бүр баталж ирсэн. Мөнгийг ч олгож ирсэн. Гэтэл энэ мөнгөн шагнал 2015 оноос тасалдаад эхэлчихэж. Энэ талаар бид албаны зохих хүмүүсээс тодруулахыг хүссэн боловч "ӨРТЭЙ БАЙГАА" гэдэг тайлбар өгч, дэлгэрэнгүй хариулт өгөхөөс татгалзсан юм. Төсвийг батлаад өгсөн байхад юуны өр билээ?  гэсэн асуулт үүслээ. 

2015 онд 1.7 тэрбум төгрөг

2016 онд 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байхад шүү.

Гэтэл сонирхолтой нь, 2015 оны 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн шагналын урамшууллыг өмнөх оны буюу 2014 оны 1.5 тэрбумын өрөнд зарцуулчихсан гэсэн албан бус баримт байх юм. Үлдсэн 200 сая төгрөгийн 120 орчим саяыг нь хүүхдийн спортын наадмаас медаль хүртсэн тамирчдад олгосон мэдээлэл олдлоо. Ингэж олгохдоо тухайн тамирчдад олгох мөнгөн шагналын ердөө 30 хувийг нь л өгсөн байгаа юм.  Хэн ингэж тамирчид, дасгалжуулагчдыг хохироож, хөдөлмөрийг нь мөлжиж байна вэ? 

Тэгвэл, 2014 оны тамирчдад олгох мөнгөн шагнал хаашаа орчихов ? Улс яагаад тамирчиддаа мөнгөн шагналын өртэй болчихов ? Гэтэл энэ нь 2013 оноос улбаатай ажээ. Тодруулж хэлбэл : Соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдснаар тухайн үеийн удирдлагууд нь энэ шинэчлэлийг хийхдээ алдаа гаргажээ гэж хардахад өөрийн эрхгүй хүргэлээ. Яагаад гэхлээр Соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдахаас өмнө хэвийн явагдаж байсан зүйл тэр үеэс л доголдоод эхэлчихэж. Бүр тодруулбал Соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдаад  Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор 2009 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 1/7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтнаас хасагдсан ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн урамшууллыг эргэн оруулаад, дээрээс нь зөвхөн залуучуудын насны ангилалын тэмцээнээс медаль авсан тамирчинд мөнгөн шагнал олгодог тогтолцоон дээр оюутан гэж нэмсэн нь улс тамирчиддаа тэрбум орчим төгрөгийн өртэй болоход гол түлхэц болсон гэсэн баримт байгаа юм. Энэ нь 2013 оны улсын төсөв дээр тооцоологдоогүй ачаа болон нэмэгджээ. Ерөнхийдөө хууль зөрчсөн журам гаргаж, төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, зохиомол өр үүсгэсэн гэсэн үг. Энэ үйл явц нь тухайн үеийн Соёл спорт аялал жуулчлалын яамны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан тухайн үеийн удирдлагуудтай холбоотой гэсэн мэдээлэл ч цухалзаж байна. Үүний дараа 2014 оны хоёрдугаар сарын 28-ны 64 дүгээр тогтоолоор дээрх журамд дахин нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус шинэчлэн тогтоож, мөнгөн шагнал олгох процесст гарсан өмнөх алдааг залруулсан гэж хэлж болно. Ингэсэн нь үүсээд байсан өрийг бага ч гэсэн багасгах санаа байсан нь илт. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар амжилт гаргасан тамирчин дасгалжуулагчдад олгох ёстой 2015 оны мөнгөн шагнал эздээ хүлээлгэсээр байгаа юм.

 Бид энэ талаар "Аврагч спорт хороо"- ны дасгажуулагч Ц.Шийрэв багшаас тодруулахад : "Уралдаан тэмцээнд явж байгаа тамирчдын ихэнхи нь өөрсдийнхөө зардлаар явдаг. Энэ тэмцээнд оролцоод амжилт гаргавал би энэ хэмжээний мөнгийг авна гээд банк болон хувь хүнээс зээл авах эсвэл ивээн тэтгэгч нараараа зардлаа гаргуулж явдаг. За тэгээд тэмцээнээсээ амжилт гаргаад ирлээ гэхэд нөгөө шагналын мөнгө нь бүрэн олгогддоггүй. 20, 30 хувь гэж хувааж өгөх, олгохгүй хүлээлт үүсгэж удах зэрэг нь их хүндрэлтэй байдаг. Олон улс, дэлхийн чанартай тэмцээнд оролцоод амжилт гаргаад ирсэн тамирчид маань амжилт гаргаснаасаа илүү өрийн дарамтад орохоос эхлээд хүндрэлтэй зүйл их байна" гэсэн хариултыг өгсөн. 

Харин зарим нэгэн тамирчнаас тодруулахад /нэр усаа гаргахыг хүсээгүй/ : " Амжилт гаргаад ирсэн тамирчиддаа олгох мөнгөн урамшууллыг цаг тухайд нь бүрэн гүйцэд олгож байх хэрэгтэй байна. Бид чинь бас ар гэртэй хүмүүс. Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй. Мөнгөний асуудал өдөр бүр л гарч байдаг. За тэндээс тийм хэмжээний мөнгө ирэх юм чинь эндээс ийм хэмжээний мөнгө зээлээд асуудлаа зохицуулах маягаар явж байна. Тэгээд улсаас ирэх мөнгө нь хүлээгдээд банкнаас зээл авсан бол нөгөө зээлийн хүү нь яваад аль аль талдаа л хэцүү байна" гэв. 

Гэтэл ийм зохиомол өр үүсгэж, хууль журам тогтоолыг "өөрийн хүссэнээр" өөрчилж "холион бантан" хутгасан, улсыг зохиомол өрөнд оруулчихаад хариуцлага хүлээдэггүй, өөрсдийгөө уснаас цэвэрхэн аваад гарчихдаг "зальжин" явдлыг хэзээ зогсоох вэ? ... 

                                                                                  

 

 СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Шагналаа хүлээсэн нэгэн:2014 оны шагналын мөнгийг гүйцэд өгөөгүй. 2015 оны шагналын мөнгө сураг ч байхгүй. Сонгуулийн өмнө гараа сунгаж, өөртөө санал авах гээд байгаа юм уу? Ард түмний амьдралыг муутгаж, албаар хямрал үүсгэж, улс төрийн тоглоом хийхээ болимоор юм. 2016-01-31
Munkhjargal:Tatvar tulugchdiin munhiih ugch baigaa nolohoos neg ih mundag darga nar sain sanaalj ugch baigaa gedgiig sain oilgooroi manai tamirchid. 2016-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?