Өнгөрсөн амралтын өдөр ОБЕГ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдад зориулан “Байгаль орчныг хамгаалахад иргэн таны хуулийн мэдлэг чухал" сэдэвт сургалтыг зохион байгуулж, хаврын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж өгч ажилласан байна. Энэ бүрэлдэхүүүнд манай сурвалжлах баг явж ажиллалаа.
Хустайн байгалийн цогцолбор газар нь төв айгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших 506 км² талбайг хамарсан газар нутаг билээ. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон бөгөөд дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, эхэн-ус, алтганат, мойлт, уртын ам, шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой үзэсгэлэнтэй нутаг.
Хустайн байгалийн цогцолборт нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул , шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ.
УИХ-ын 1993.11.12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км зайд оршино.
Тахь тун үзэсгэлэнтэй амьтан. Тахь буюу зэрлэг адуунд хамгийн сайхан шинжүүд байдаг. Биеийн төрх, галбир, өнгө зүс гээд хурдан адууны бүхий л шинж зөвхөн тахид бий. Тахь маш сайхан янцгаана. Тахийн янцгаалтыг адуутай харьцуулан үзвэл дууны өнгө маш нарийхан, цээл байдаг. Тахь хааяа янцгаана. Ихэвчлэн тахийн дэргэд үүр цайлгаад, өглөө эрт дурандаж байвал янцгаахыг нь сонсох боломжтой. Тахь хэмээх тэнгэрлэг адууг нутагшуулах, хамгаалах, харж хандахад монгол хүн бүрийн оролцоо чухал. Иймээс энэ сайхан байгалийн цогцолбор газар, ан амьтдаа хайрлан хамгаалцгаая.
А.ЦЭРЭНДУЛАМ
Х.ХАШИЙМАА