ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАГ ГАРГАВАЛ 12 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

2017-04-13  

Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.

Ойн чиглэлээр:

- Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-т заасны дагуу нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, объект байрлуулах, мод, бут, сөөг, торлог тайрахыг хориглодог. Ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, ойн сан гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлдэг.

Иргэдийн дунд бут, сөөг, торлог бүхий газрыг ойн санд багтахгүй гэсэн ташаа ойлголт байдгаас Ойн тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр СБД-ийн Хуурай мухарын аманд иргэн Б.У нь байшингийн суурь ухах зорилгоор 0,0375 га талбайн бут, сөөг, торлогийг устгасан тул уг иргэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлж, хохирлыг барагдуулах, газрын зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байна.

Худаг, усны чиглэлээр:

- Усны тухай хуулийн 27-р зүйлд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах бол Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, улсын тэмдэгтийн хураамж төлсний дараа мэргэжлийн байгууллагаар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай. Ашиг олох зорилгогүйгээр буюу ахуйн хэрэглээнд усыг ашиглах тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөгддөг.

Манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, ойн сан газар, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглодог тул газрын координатыг нийслэлийн Байгаль орчны газрын 318003 дугаарын утсаар, эсвэл биечлэн ирж урьдчилан шалгуулах боломжтой.

Зөвшөөрөгдсөн бүсэд худаг гаргах зөвшөөрөл нь аливаа чирэгдэлгүйгээр шуурхай шийдвэрлэгддэг тул хууль ёсны дагуу худаг гаргуулж ашиглахыг анхааруулж байна. Зөвшөөрөлгүй худаг гаргавал иргэнийг 1,200,000-3,600,000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 4,800,000-12,000,000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:River Garden-аас баруун тийш Туулын эргийн бургасыг 3 удаа шатааж барилгын талбай гаргах гэж байна. Туулын ус эрс татрана. Бүгд анхаарал хандуулах цаг болж 2017-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?