Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХАД ХЭН, ЮУ ХЭЛЭВ ?

2017-09-08  

Ц.ЦОГЗОЛМАА : ГАРЫН ҮСГИЙН ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙДАГ ВЭ?

Засгийн Газрыг огцруулна гэдгийг би эсэргүүцэхгүй. Гэхдээ Засгийн Газрыг огцруулах гарын үсгийн цаана юу нуугдана вэ? гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй. Тэглээ гээд Засгийн Газрыг өмгөөлөх, хаацайлах санаа бодол алга. Засгийн газарт хийсэн, хэрэгжүүлсэн ажил, гаргасан эерэг үзүүлэлт бий гэдгийг зөвшөөрдөг. Засгийг огцрууллаа гээд хэн хожих вэ ? Улс төрчид хожиж, ард иргэд хохирдогийг санах хэрэгтэй.

Д.ЭРДЭНЭБАТ : ХАЙРАН Ч МОНГОЛЫН ТӨР, ХАЙРАН Ч АРД ТҮМНИЙ ИТГЭЛ

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. 2014 онд Алтанхуягийн Засгийн Газрыг огцруулах хурлын үеэр сөрөг намын дарга Та (М.Энхболдыг хэлэв) миний нүд рүү харж байгаад, - Засгийн газрыг олонхи унгадаг юм аа гэж хэлж байсан. Үнэн юм байна. Ийм л үйл явдал өнөөдөр өрнөж байна. Бид Засгаа огцруулж байхдаа, - Энэ хувь заяа Та нарт тохиолдоно шүү гэж хэлж байсныг сануулчихья. Хайран ч Монголын төр, хайран ч ард түмний итгэл найдвар. Бид дэндүү арчаагүй байна. Шуналдаа хөтлөгддөг, эрх мэдэлд дөрлөгддөг ийм төрөөр, ийм Их Хурлаар яах юм бэ? гэж бодож сууна. Дүүрэн асуудал, шийдэж чаддаггүй төртэй. Тэгэхээр УИХ маань бүхэлдээ тарчихвал яасан юм бэ? гэж асууя. Нөгөө Монгол хүний жудаг хаачсан бэ? Жилийн өмнөхөн баярлалдаад, тэврэлдээд, бие биендээ хайр зарлаад байсан журмын нөхдийг бие биенээ үзэн ядаж буйг харж байна. Та бидэнд итгэх ард түмний итгэл байхгүй болсон. Тэгэхээр тарцгаая.

Т.АЮУРСАЙХАН : ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ГЭДЭГ БОЛ БОДЛОГЫГ Л ХЭЛДЭГ

Энэ Засгийн Газар концессийн хуулийг зөрчсөн. Кабинетийн гишүүн сайд нартаа найр тавьсныг ажлын хэсгийн шалгалтын явц тогтоосон. Нийгмийн хамгааллын сайд Номтойбаярын мэдлийн компанид 78 тэрбум, хууль зүйн сайд Бямбацогтын мэдлийн комданид 77 тэрбум, ЗГХЭГ-ын дарга Мөнхбатын мэдлийн компанид 162 тэрбум төгрөгийн концессийн гэрээ байгуулсан. Энэ бол нотлогдсон. "Эрдэнэс Таван Толгой" компанийн 49 хувийг Шинхуа компанид өгөх гэж зүтгэснийг нь УИХ дээр таслан зогсоосон. Одоо тогтвортой байдал гэж ярьж байна. Тогтвортой байдал гэдэг бол бодлого тогтвортой байхыг хэлнэ.

Б.БАТ-ЭРДЭНЭ : ОЛОН ТАЛААС ХАРААСАЙ, НУХАЦТАЙ ХАНДААСАЙ

Та бүхний итгэлээр би Батлан Хамгаалах Салбарыг удирдлаа. Төрийн удирдлага суларсан тухай ярьж байна. Энэ бол Засгийн Газрын сүүлийн нэг жилд үүссэн асуудал биш. Энэ бол удаан хугацааны турш хуримтлагдсан асуудал. Түүнийг сууриар нь засахыг хичээх хэрэгтэй. Засгийн Газарт ажилласны хувьд бид кабинетаараа хичээсэн. Эдийн засгийн үзүүлэлт өссөн. Засгийн Газрын оруулсан хувь нэмэр бий гэж хувьдаа үзэж байна. Огцруулах асуудлыг олон талаас нь хараасай, нухацтай хандаасай гэж хүсэж байна.

Б.БАТТӨМӨР : ӨРТЭЙГЭЭ ЗОХИЦОЖ АМЬДРАХ ОН ЖИЛҮҮД БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Засгийн газрын ажиллагааны үр дүнд эдийн засагт мэдэгдэхүйц ахиц гаргасан. Өсөлт 5,3 хувьд хүрч, нэг жилийн хугацаанд 11 тонн алт олборлолоо. Амжилт байна. Гэхдээ Засгийн газар бүрэлдсэн 14 сарын хугацаанд бол чамлалтай санагдана. Эдийн засгийн хувьд тогтвортой суурь тавигдсан байх учиртай. Үүнийг олж харахгүй байна. Дэвшүүлсэн том том мега төслүүдийн аль нь ч сууринаасаа хөдөлсөнгүй. Ажилгүйдэл, ядуурал буурсангүй. Одоо бидэнд 2 жил гарны л хугацаа үлдлээ. Хөгжлийн саад их байна. Судалгаагаар (хөгжлийн саадын) Монгол улс 10-т орсон байна. Тэгвэл хөгжлөөрөө сүүл мушгисан судалгаа гарчээ. Монгол улсын 10 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний өр бий боллоо. Усанд амьдарвал матартайгаа зохицож амьдар гэдэг зүйр үг бий. Тэгвэл өртэйгээ зохицож амьдрах он жилүүд монголчууд биднийг хүлээж байна.

Ж.МӨНХБАТ: ЭНЭ БОЛ ШАЛТГААН БИШ, ШАЛТАГ

МАН түүхэндээ анх удаа, олонхи болсон үедээ Засгийн газраа огцруулах нь. Түүхэндээ анх удаа, ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа Засгийн газартайгаа хариуцлага тооцох нь. 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд бид ялагдсан. Ийм зүйл болж байгаагүй. Концессийн гэрээг ярьж байна. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөнхбат гэдэг надад хувийн нэг ч компани байхгүй. Манай эхнэртэй холбож яриад, бичээд буй тэр компанитай манай эхнэр ямар ч холбогдолгүй. Гэрээний тухайд ганц ч төгрөг олгогдоогүй. Би гэрээг нь цуцал гэж хэлж үзсэн. Засгийн газрыг огцруулах шаардлагууд нь шалтгаан биш шалтаг.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ : ЭНЭ ЗАСАГ ӨӨРӨӨ ОГЦРОХ ЁСТОЙ

Засгийн газрын үйл ажиллагааг би бүхэлд нь буруутгаагүй. Миний хувьд, тогтолцооны төлөө л би гарын үсэг зурсан. Монгол төрийн асуудал хувийн компанийн өрөөнд л шийдэгддэг болсон байна. Үүнийг л өөрчлөх гэж гарын үсэг зурсан. Наадмын өмнө 49 хувьтай байсан нам маань сонгуулийн үеэр 10 хүрэхтэй, үгүйтэй хувьд хүрсэн. Иймээс Засгийн Газар өөрөө огцрох ёстой.

Д.ОЮУНХОРОЛ : МОНГОЛ УЛСЫН ЭКОЛОГИ БҮРЭН АЛДАГДСАН

-1,3 хувийн үзүүлэлтэй, дампуурлын ирмэгт ирсэн эдийн засгийг хүлээн авч, +5,5 өсөлтөд хүргэлээ. Дампуурлаа зарлах гэж байсныг залруулж чадсан гавьяа бол энэ Засгийн газарт хамааралтай. Эдийн засагт сахилга батыг нэвтрүүлсэн. Түүний үр дүнд эдийн засгийн эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Шүүмжлэхдээ бүхнийг бүү харлуулаасай. Жилийн хугацаанд үр өгөөжөө өгсөн олон арван оновчтой зөв шийдвэр гаргасан. Энэ шийдвэр бол дан Засгийн Газрын гавьяа биш. Бид 65-ийн гавьяа. Болохгүй зүйл байна. Монгол улсын экологи алдагдсан тухай ярьж байна. Үнэн. Хариуцлагагүй уул уурхай, АА-н нэгжийн үйл ажиллагаа энэ доройтлын эзэд. Эцэст нь Засгийн газрыг огцруулахад улс төрчид хэзээ ч хохирч байгаагүй. Ард иргэд л хохирлыг нь амсана.

М.БИЛЭГТ : НАМ ДОТОРХИ ХЯМРАЛЫГ ТӨРИЙН ХЯМРАЛ БҮҮ БОЛГООСОЙ

Өвлийн бэлтгэл, намрын ажлаа ярьж байх үед бид засгаа огцруулах гэж хуралдаж байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг Засгаа огцруулах шалтаг болгож буйд харамсаж байна. Засаг огцорсноос эдийн засаг унана. Нам дотроо ярьж хэлэлцэх зүйлээсээ хальж Засгийн газартайгаа тооцоо бодох болгож буй нь зохисгүй. Хоёрхон сарын дараа намын Их Хурлаа хийх гэж байна. Намын хурлаар асуудлаа хэлэлцэе. Засгаа огцруулахдаа хүрвэл, кабинетаар нь биш, хэсэгчлэн өөрчлөх саналтай байна.

С.БЯМБАЦОГТ : БИЕ БИЕНЛҮҮГЭЭ ШИДЭЖ БУЙ ХАТУУ ҮГ ЧИНЬ БИДНИЙ ЭСРЭГ ӨШИГЛӨХ ЗҮЙЛ БОЛНО ШҮҮ, 2020 ОНД

Монгол улсын эдийн засаг унаж, ард иргэдийн амьдрал доройтсон учир үүнийг засах байх гэж бидэнд найдаж 65 суудал өгсөн. Төр тогтвортой байхыг, түүнийг тогтвортой байлгахыг биднээс хүссэн. Тэгэж чадна ч гэж найдсан. Засгийн газар сайн ажилласан. Эдийн засаг сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл дээшилсэн. Өнөөдрийн бие биенлүүгээ шидэж буй хатуу үг чинь 2020 онд бидний эсрэг ашиглах зүйл болно шүү.

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Za da busdiig ni medexgui um.Tsogzolmaa gishuunig urd ni ix xundeldeg blaa.tegsen ax duu ber sadanaa tomildog bogood ted ni xunii nereer orj xunii nereer gardag gedgee meddeggui um u esvel duraara durgij bolno gedeg um u yamar ch chadvargui baij erxee edelj edlex durtai ajil uuregee oilgodoggui xaritsaani yamar ch soyolgui balai amitad bdag.yadaj tanil talaa.avch bolno ****ard****a tavix xeregtei shde!!! Yamar xyviin bgul**** uu?ichij uxmeer. 2017-09-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?