Тэр хэвлэлийн бага хурал хийлгэх хүн биш. Тиймээс ТЕГ-ын дарга Б.Хурц Хууль зүйн сайдынхаа эсрэг хэвлэлийн бага хурал хийсэн нь сонирхол татаж байна. Ярьсан хэлсэн зүйл нь шинэ мэдээллээр өчүүхэн. Ялангуяа Ц.Нямдорж бараа шахдаг байсан тухай мэдээллийг урьд өмнө нь олонтой сонссон. Хуулийн байгууллага шалгаад тогтоогоод ил болгох хугацаа байсан байх. Тийм зүйл огт хийгээгүй, харин С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг Ц.Нямдорж 5 удаа сольсон гэдэг нь шинэвтэр зүйл байв. Ийм л зүйлийг хэлэхийн тулд Б.Хурц АТГ-ын дэд дарга, ТЕГ-аар 8 жил ажиллалаа гэж үү ? гэж асууяа. Хүний өөдөөс эгцэлж хардаггүй, энд тэнд үг хэлээд байдаггүй, маш нууц далд орчинд ажиллаж, амьдардаг Б.Хурц яагаад ил гарав, ил гарахдаа яах гэж хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдийг цуглуулав, тэгээд Ц.Нямдорж руу ямар учраас довтлов гэдэг нь анхаарал татлаа.
Түүнийг ТЕГ-ын даргаас чөлөөлөх нь нэгэнт тодорхой болсон учраас тэр эсэргүүцэж энэхүү хурлыг зарласан гэх дүгнэлтийг яаран хийх учиргүй. Түүнийг өөрчлөх нь тодорхой байсан. Харин өнөөдөр өөрчилнө гэдгээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж илэрхийлсэн. Б.Хурц албан тушаалаар дутах хүн биш. Тэр юугаар ч дутахгүй хангалуун хүн. Зүгээр л чимээгүйхэн суудлаа орхиод явчих түүнийг хэвлэлийнхний өмнө өөрөө гарч иртэл нь түлхсэн тодорхой хүчин зүйл байж болох. Тэр турхирсан хүн нь Ц.Элбэгдорж байх магадлалтай гэдэг таамаглалыг дэвшүүлж болно. Яагаад гэвэл Эрдэнэтийн хувьчлалтай хамгийн их нэр нь холбогдож яригдаж буй хүн бол яах аргагүй Ц.Элбэгдорж. Тиймээс Эрдэнэтийн асуудлаар түймэр дэгдэхээс өмнө Б.Хурцаар дамжуулан цурам татаж байж болох талтай. Энэ бол зүгээр л тактик. Асуудлыг өөр тийш нь хандуулдаг сурсан арга барил ч гэж хэлж болох. Яагаад Б.Хурцын тухай асуудал ярьж байхад Ц.Элбэгдорж гараад ирэв ? гэж асууж болох. Учир нь Ц.Элбэгдорж Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой болсон. Зоосны хоёр тал гэсэн үг. Үе үеийн ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг хяналтандаа байлгаж ирсэн уламжлал Ц.Элбэгдоржийг тойроогүй. Сүүлийн 8 жил ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдоржийн он жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийг хувьчилсан тохиолдол гарсан. Ц.Нямдорж ч гэсэн Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг байнга сөхдөг, шалгана гэдгээ ч илэрхийлдэг. Тиймээс Б.Хурц бол хэн ч биш түүний албан тушаалаа өгөх, авах ч юу ч биш. Энэ бол маш том бүлэглэлийн эсэргүүцэл гэж ойлгож болох. Ц.Нямдорж, Б.Хурцын зөрчил нь алсдаа Ц.Нямдорж Ц. Элбэгдорж хоорондын тэмцэл болон үргэлжлэх болно.
Ц.ЭНХБАТ