Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 56 минутад, гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь татгалзлаа.
Иймд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар горимын санал гаргаж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн систем амаргүй байгаа цаг үед Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хаалттайгаар хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Харин УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Банкны зээлийн хүүд Монголбанк хязгаар тогтоохоос эхлээд банкны асуудлыг нухацтай авч үзэж, ярилцах шаардлагтай тул АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсныг мэдэгдсэнээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.