1996 онд Монголын сонгогчид "Ардчилсан Холбоо Эвсэл"-д итгэл үзүүлж, 76 суудлын 50-ийг нь найр тавьсан. Ардчилагчид анх удаа олуулаа болж, Төр, Засгийн эрхийг барьсан. М.Энхсайхан У.Хүрэлсүхийн нэг адил хүссэн албан тушаалдаа хүрч, намын дарга, ерөнхий сайдын өндөр сэнтийд заларсан. Тэр өдөр, тэр цагаас хойш М.Энхсайхан ард иргэд сонгогчидоо умартсан. Хайр энэрэл, дэмжлэг хүлээж байсан төр нь гарч ирэнгүүтээ ард иргэдээ "нулимсан." 500 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1000 төг хүрч огцом өссөн. Мөнгө санхүүгийн дарамт тэр чинээгээр нэмэгдсэн үед ерөнхий сайд М.Энхсайхан өөрөө уриалж эрчим хүчний үнийг чөлөөлсөн. Тэгснээрээ 2-хон сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд "навсайтлаа" ялагдаж, өөрөө намын даргын тамга, ерөнхий сайдын албан тушаалаа Ц.Элбэгдоржид шилжүүлж байсныг санах цаг болжээ.
Хүрэлсүх ч гэсэн Монгол түмний уламжлалт цагаан сарын өмнө татвар нэмж, шатахууны үнийг өсгөлөө. Энэ бол Монголын ард түмэнд У.Хүрэлсүхийн тэргүүлэх эрх баригч нам, Засгаас барьж буй цагаан сарын том "бэлэг" байлаа. У.Хүрэлсүх М.Энхсайханы алдаанаас сургамж авсангүй. Намаа дотор нь хагалж орхисон. 65-ийн бүдүүн бүлгийн харьцаа бараг тэнцүү буюу 33:32 байдаг. Дэмжиж кноп нэмж байсан АН-ынхны санаа бодол түүнээс урвасан. Дээр нь ард иргэд бухимдаж, Үйлдвэрчний Эвлэл жагсаал цуглаанаа зохион байгуулж эхэлсэн.
Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хямралыг хазаарлаж, ам долларын өсөлтийг зогсоож, өр ширээ барагдуулж, эдийн засгаа сэргээж байсан бол У.Хүрэлсүхийн үед татвар, үнэ нэмэгдлээ.
Тэр Ж.Эрдэнэбатын дэргэд жулдаж харагдах болов гэж нийгэм дүгнэж У.Хүрэлсүхийн чадавхид эргэлзэх болов. Нөхцөл байдал У.Хүрэлсүхийн эсрэг эргэлээ. У.Хүрэлсүх хэр удаан тэсэх бол? Тэр амьдрал мэдэхгүй М.Энхсайханы араас огцрох болов уу, тэр цаг нь удахгүй болов уу? гэж таамаглах болов.
Ц.ЭНХБАТ