МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ТӨРИЙН ЗОЛГОЛТ ХИЙВ

2018-02-16  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшиглүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдлээ. 

Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:


 

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлав. Төрийн өндөрлөгүүд хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй шороон нохой жилийн өнгийг хэлэлцэв.

Төрийн золголт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө хүрэлцэн ирж:

“Ирж буй шороон нохой жилд иргэдийн аж амьдрал өөдлөн дээшлэх сайхан жил болоосой. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.


 





 

Мэдээний зургийг том хэмжээгээр татах бол энд дарна уу.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?