Дээхэн үед "ХЭЛ, ХИЛ, МАЛ" гурваа хамгаалбал Монгол улс хөгжинө гэж зохиолч, сэтгүүлч Зундуйн.Дорж хэлж бичдэг байсан. Их ч явж, их ч зүтгэсэн. Гурван үсгээс бүрдсэн, гурван үгийг Дорж тийнхүү гаргаж ирж дэлгэрүүлсэн. Тэгвэл дараагийн хэллэгийг УИХ-ын гишүүн, хэл шинжлэлийн доктор, утга зохиол судлаач С.Лувсанвандангийн хүү Лу. Болд гаргалаа.
Энэ удаа "Хор, Хог, Хов" гэсэн үгийг Лу.Болд өөрийн санаачилсан МоАН-ын Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн хуралдааны үеэр анх хэлсэн байна. Тэр Монголын улс төр бохирдсон гэдгийг маш товчхон илэрхийллээ.
Түүний энэ үгийг тайлбал : "Хор найруулагчид", "Ховоор амьдрагсад”, "Нийгмийн хог шаар болсон хүмүүс" Монголын улс төрд дүүрчээ. Ийм хүмүүсээс салсан цагт улс төр цэвэрших юм байна. Тиймээс энэ цэвэрлэгээг хийхийн тулд МоАН-ыг байгуулсан гэж ойлгож болох нь.
Харин АН-ын хувьд Монголын гэсэн үгээ авч хаяснаас хойш даль жигүүр нь хумигдсан гэж үзэл бодлоо илэрхийллээ. Тиймээс шинэ байгууллагынхаа өмнө Монголын гэсэн тодотголыг тэр авахаа мартсангүй. МоАН-ын үүсгэн байгуулагчийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү юм байна. МоАН-ыг Ардчилсан намын дараагийн хувилбар ч гэж ярих ажиглагчид бас бий болжээ.
Д.САЯН