Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. 10 гаруй жил завсарлаад байсан тус уралдаан өнөөдөр 18.00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно.
Энэхүү наадам нь 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой титмийн эзэн болох юм. Энэ удаад 100 гаруй охид бүсгүйчүүдээс шалгарч үлдсэн 18 оролцогч титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорих юм.
“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг Төрийн шагналт, зураач Я.Үржнээ урлажээ.
1989 онд анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодорход задгай загвартай титэм тэргүүндээ залсан.
Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү титмийг ялагчид гардуулдаг байсныг сүүлд дахин задгай болгосноор өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм байна.
Б.ХУЛАН