Залуу жүжигчин, мисс А.Баярцэцэг Италийн Флоренц хотод болсон 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас “Шилдэг жүжигчин" шагнал хүртлээ. Тэрбээр Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны киноны гол дүрд тогложээ. Энэ нь түүний кинонд бүтээсэн анхны дүр байсан. Мисс Баярцэцэгийг бид 2016 оны “Дэлхийн мисс”-д Монгол улсыг төлөөлөн оролцож шилдэгүүдийн тоонд багтаж байснаар нь мэднэ. Тэрээр чадварлаг жүжигчин бөгөөд өөрийн авьяас чадвараа олон улсад хүч сорихыг хүсдэг. Даширамд дурдахад “Хөх тавилан” киног зохиолч Д.Норовын ижил нэрт туужаас сэдэвлэн, жүжигчин Т.Алтантуяа найруулжээ.
Мисс А.Баярцэцэгийн боловсролын тухайд Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуулийг маркетингийн менежментийн чиглэлээр сурч төгсөн, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрийн дагуу нэг жилийн хугацаанд суралцсан байна. А.Баярцэцэг загвар өмсөгчид дундаа өндөр боловсролтойд тооцогддог гэдэг. Тэрбээр англи, испани, франц хэлтэй.
Э.Сувд-Эрдэнэ