АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болж буй "Оскар"-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслолын шилдгүүд тодорсоор байна.
Шилдэг эрэгтэй туслах дүр: Брэд Питт “Холливудад нэгэн удаа” /Once Upon a Time in Hollywood/ кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. “Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд мөн Жо Пеши, Аль Пачино нар “Ирланд эр”, /The Irishman/ кинонд бүтээсэн дүрээрээ, “Хөршүүдийн сайхан өдөр” /A Beautiful Day in the Neighborhood/ киноны туслах дүрд тоглосон Том Хэнкс болон Энтони Хопкинс “Хоёр аав” /The Two Popes/ кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн байна.
Шилдэг эмэгтэй туслах дүр: Лора Дерн “Гэрлэлтийн түүх” /Marriage Story/ кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртжээ. Энэхүү төрөлд Кэти Бейтс /“Ричард Жуэллийн хэрэг”, “Richard Jewell”/ Скарлетт Йоханссан /“Жожо туулай”, “Jojo Rabbit”/, Флоренс Пью /”Бяцхан эмэгтэйчүүд”, “Little Women”/, Марго Робби /“Дуулиан”, “Bombshell”/ нар нэр дэвшсэн байна.
Шилдэг эх зохиол: Энэхүү шагналыг “Paratise” буюу “Шимэгч” киноны найруулагч Өмнөд Солонгосын кино найруулагч Бонг Жоан Хо хүртлээ. "Parasite” нь 92 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг зураач”, “Гадаад хэлээрх шилдэг кино” гэсэн 5 төрөлд нэр дэвшсэн билээ.
Шилдэг анимэйшн: “Диснэй” болон “Пиксар”-ын хамтарсан бүтээл болох “Toy Story 4” кино шилдэг анимейшн төрөлд Оскарын шагнал хүртлээ. Энэ нь Уолт Диснейн 13 дахь удаагийн Оскарын шагнал юм. Түүнчлэн, “Toy Story” цувралын хоёр дахь Оскар. Өмнө нь 2011 онд “Toy Story 3” бүтээл шилдэг анимейшний шангалыг хүртсэн билээ.
Шилдэг сэдэвчилсэн кино зохиол: Найруулагч Taika Waititi-ийн найруулсан “Jojo Rabbit” кино “Шилдэг сэдэвчилсэн кино зохиол”-оор тодорлоо. Уг кинонд дэлхийн хоёрдугаар дайны үеийн үйл явдлыг 10 настай герман хүүгийн амьдралаар төлөөлүүлэн өгүүлдэг бөгөөд2008 онд Кристин Леуненсийн зохиосон “Caged Skies” зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна.
Гадаад хэл дээрх шилдэг кино: "Parasite" кино "Гадаад хэл дээрх шилдэг кино"-гоор тодорч, хоёр дахь Оскараа хүртэж байна. Шагналаа гардсаныхаа найруулагч Бон Жун Хо "Би сургуульд байхдаа Мартин Скорсезегийн киног үргэлж үзэж, түүнээс суралцдаг байв. Миний хувьд Оскарт нэр дэвших нь л нэр төрийн хэрэг байсан. Үүнийг хүртэнэ гэж хэзээ төсөөлсөнгүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.