Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргээр Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан, дэд хурандаа Д.Адилбаяр нарыг яллагдагчаар татаж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүн хэлэлцлээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноолоо. Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Э.Сувдаа