Л.БОЛОРСОЛОНГО: ХУУЛЬ БУС АГНУУРЫН УЛМААС ХОВОР АМЬТДЫН ТОО 70-90 ХУВЬ БУУРСАН

2020-04-30  

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байгаа. Тэгвэл тус аяны хүрээнд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Л.Болорсолонготой ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүрээлэн буй орчны эсрэг үйлдсэн гэмт хэргийн дотроос хулгайн анг ярихгүй байж болохгүй. Хулгайн ан агнуур сүүлийн жилд ер нь ямар хэмжээнд байна.

-Сайн байна уу. Монгол Улсад сүүлийн таван жилд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1578 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад бага боловч орчны аюулаараа өндөрт тооцогддог гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг дотроо хууль бус агнуурын гэмт хэрэгт, зөрчил нилээдгүй хувийг эзэлдэг. 

Хууль бус агнуурын улмаас монголын ховор амьтдын тоо толгой сүүлийн 10 гаруйхан жилийн хугацаанд 70-90 хувь буурсан  гэсэн ч үзүүлэлт байгаа нь тун харамсалтай.

Монгол Улсад 2015 оны байдлаар 24 төрөл зүйлийн амьтан агнагдсан байна. Үүнээс 10 нь хөхтөн, 3 төрлийн шувуу, 11 төрлийн загас байна. Гэвч энэ  тоон мэдээ бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй байна.

-Нэн ховор амьтдын агнасан тохиолдол ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Монгол Улсын нэн ховор болон ховор амьтдын ангилалд хамаарах амьтдыг агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.

Хуулийн зохицуулалт хангалттай боловч иргэдийн  тэр тусмаа малчдын энэ төрлийн хуулийн мэдлэг тун хомс байгаа нь хууль бус агнуур гарах шалтгаан болж байна.

Үүнээс гадна гол хүчин зүйл болох зэрлэг амьтдын гаралтай арьс, түүхий эдийг өндөр үнээр худалдан борлуулах зорилгоор хууль бус агнуур ихээхэн явагдаж байна. 2015 оны байдлаар монгол тарвага  849,764, шөвгөр хоншоорт зэвэг  216,890, голын алгана  192,075, саарал чоно  99,002, ердийн цурхай 96,782, алтайн тарвага  82,501, амарын цулбуурт 75,440, булуу цагаан  мөрөг  46,654, дархадын цагаан загас  43,676, хярс үнэг 41,251 хууль бусаар агнасан тохиолдол бүртгэгдсэн.

Хуулинд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эсвэл Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.

-Ан агнуурын улирлыг тооцох хэрэгтэй байх. Хаврын улиралд хамгийн ихээр ямар амьтанг агнадаг вэ?

-Ан агнуурын үйл ажиллагаа бүтэн жилийн турш явагддаг боловч зуны улиралд 17 төрлийн амьтныг, намрын улиралд 20 төрлийн амьтныг хамгийн идэвхтэйгээр агнадаг. Түүнчлэн өвлийн улиралд 14 төрлийн амьтныг, хаврын улиралд 12 төрлийн амьтныг агнаж байна гэсэн судалгаа байна. Үүнд:

Хавар: 3, 4, 5 дугаар саруудад бор гөрөөс,  хярс, тарвага, дорго, нөмрөг тас, зэвэг, цагаан загас, тул, алгана, цурхай, булуу цагаан, амарын хэлтэг.

Зун: 6, 7, 8 дугаар саруудад бор гөрөөс, хярс, Монгол тарвага, алтайн тарвага, үнэг, мануул, цагаан ахууна, зэвэг, цагаан загас, тул, алгана, цурхай, булуу цагаан, амарын хэлтэг, шивэр хадран, цагаан амар, шивэр хорхой загас

Намар: 9, 10, 11 дүгээр саруудад бор гөрөөс, хярс, монгол тарвага, алтайн тарвага, үнэг, чоно, зэрлэг гахай, зээр, монгол ногтруу, зэвэг, цагаан загас, тул, алгана, цурхай, булуу цагаан, амарын хэлтэг, цагаан амар, шивэр хорхой загас, алтайн шар сугас

Өвөл: 12, 01, 02 дугаар саруудад бор гөрөөс, хярс, алтайн тарвага, үнэг, чоно, зэрлэг гахай, монгол ногтруу, зэвэг, цагаан загас, тул, алгана, цурхай, амарын хэлтэг, булуу цагаан тус тус ихээр агнагддаг.  Ан агнуур, загас агнуур эрхлэгчдийн ихэнх хэсэг нь Улаанбаатар хотод 41 хувь, үлдэх хэсэг нь 59 хувь хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн судалгаа байдаг. 

-Анчид амьтан агнахдаа ямар аргыг түлхүү хэрэглэдэг вэ?

-Өмнө нь анчид буу, хавх их хэрэглэдэг байсан бол одоо урьд өмнө хэрэглэж байгаагүй, амьтны амь насанд халдах хууль бус олон арга хэрэгсэл улам ихээр нэмэгдэж байна. Эдгээрийн тоонд амьтныг автомашинаар дайрч мөргөж алах, амьтныг эцэж цуцтал нь машинаар хөөн бахардуулж алах зэрэг аргуудыг сүүлийн үед ихээхэн ашиглаж байна.  Энэ аргуудыг гөрөөс, хар сүүлт, үнэг, хярс, чоно зэрэг харьцангуй хурдтай амьтдыг агнахад хэрэглэдэг. Мөн түгээмэл хэрэглэгддэг шөнийн цагаар гэрэлтүүлэг ашиглан ан агнах, дээр хэлсэнчлэн галт зэвсэг ашиглах, ууланд хавх тавих, амьтдаар ан хийх аргууд түгээмэл байна. Гэвч энэ аргуудын ихэнхи нь хуулиар хориглосон байдаг.

-Хулгайн ан агнуурыг худалдан авдаг хэсэг бүлэг байдаг болоод энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа.  Тэгэхээр хууль бус худалдаатай хэрхэн тэмцэж байна.

-2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2017 оны гуравдугаар сарын байдлаар  4000 хүрэхтэй үгүйтэй байна. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд  огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж яригддаг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч эрс цөөрсөөр.

Зэрлэг амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм.

Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах, амьтны эд эрхтэний худалдааг хязгаарлах нь чухал болоод байна. Амьтны эд эрхтэний хууль бус худалдаа хамрах хүрээ, хор нөлөөгөөрөө дэлхийд хар тамхины худалдааны дараа ордог бол Монголд үүнээс дутахгүй зах зээл бий болж магадгүй байна.

Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм.

Хяналт шалгалтыг эрчимжүүлж Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд загас агнахыг хориглоно” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах, агнуурын загасны нөөц хомстож, устахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас “Загас хамгаалал 2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Гол мөрөн, нуураас загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүр мөсөн устах аюултай байдаг. Иймээс иргэд та бүхэн хориглосон хугацаанд загас барихгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна

-Ховор амьтныг ер нь ямар зорилгоор агнадаг вэ? Монголчуудын хувьд мухар сүсэг гэхээр зүйлд ихэр итгэдэг шүү дээ. Нойр булчирхайнд сайн гээд л тарваганы нойр булчирхай түүхийгээр нь залгиад байдаг. Энэ нь эсрэгээрээ өвчинөө улам хүндрүүлэх өндөр магадлалтайг мэддэггүй мэт.

-Тэр үнэн. Монголчуудын хувьд байгальд зэрлэгээр оршин буй ан амьтдыг агнах гол зорилго нь тухайн амьтны үнэт зүйл болох үс, мах болон эд эрхтнийг нь авч худалдаалах, эмчилгээнд хэрэглэхэд оршдог. Эмчилгээний зориулалтаар олон улсын зах зээлд голчлон эрэлхийлж, ашигладаг амьтны түүхий эдэд хүрэн баавгайн цөс, монгол болон татаар бөхөнгийн эвэр, саарал чонын бараг бүх эрхтэн (хэл, дэлүү, шагай, шүд), халиун бугын ясан болон цусан эвэр, сүүл, болон цоохор ирвэсний арьс зэргийг ашигладаг. Эмчилгээний зориулалтаар дотоодын зах зээлийг монгол тарвага, саарал чоно, хярс үнэг, халздай дорго, ойн булга, хүрэн баавгай, бор гөрөөс, баданга хүдэр, цоохор ирвэс, мануул мий, дагуурын зараа, дагуурын ятуу, алтайн хойлог зэрэг амьтад бүрдүүлдэг.

Үүнээс гадна хүн төрөлхтний хэрэгцээнээс шалтгаалан үслэг эдлэлийн зах зээл ихээхэн хөгжихийн сацуу уг зах зээлд нийлүүлэгдэх түүхий эдийн эрэлт нэмэгдсэнээс үслэг ангийн хэмжээ илт нэмэгдэж байгаа юм. Хамгийн ихээр агнадаг амьтан бол цоохор ирвэс, хүрэн баавгай, малар мануул, еврази шилүүс, халздай дорго, солонго үен, огдой , жирх зэрэг олон зүйл амьтад орно. Үслэг эдлэлийн худалдааны түүхий эдийг ганцаараа шахуу эзэлдэг амьтан бол монгол тарвага бөгөөд жишээ дурдахад хамгийн их агнагдсан жилдээ буюу 2004 онд Монгол улсад нийт 3 гаруй сая тарвага агнагдаж, зах зээлийн нийт үнэ нь 30-40 сая ам.доллар хүрч байсан.

Ер нь хулгайн ангийн түүхий эдийг гол худалдан авагч улс нь БНХАУ бөгөөд БНСУ-руу ч мөн ихээхэн хэмжээгээр гаргадаг.

-Ан амьтны түүхий эдийн хууль бус худалдаа, түүний хэрэглээний талаар

-Хулгайн ан агнуур ихэссэн нь ан амьтад ховордоход голлон нөлөөлсөн. Бугын ясан, цусан эвэр, согооны хээл, хүдрийн заар, бөхөнгийн эвэр, ирвэсийн арьс гэх мэт ховор түүхий эдийг гадаадад гаргаж худалдаалдаг сүлжээ Монголд хэдийнээ бий болжээ. Арван жилийн хугацаанд 67 ирвэсний арьсыг хууль бусаар хил гаргах гэж завдсан байна. Мөн дээрх хугацаанд 26-33 мянган ширхэг хүдрийн заар зах дээр борлуулсан байна. Дээрх тоо нь зөвхөн илэрсэн байдлаар юм. Хууль бусаар агнаж, түүхий эдийг нь борлуулсан ч илрээгүй гэмт хэрэг цаана нь хэд байгааг хэлэх аргагүй. Тиймээс бид энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?