Ч.УЛААН САЙД, ГАВЬЯАТ ХУУЛЬЧААР ХАМГААЛУУЛСАН О.ЛХАГВАЦЭДЭНГИЙН ШИНЭ САНААРХАЛ

2020-05-05  

Ч.Улаан сайд, гавьяат хуульчаар хамгаалуулсан О.Лхагвацэдэнгийн шинэ санаархал

Одоогоос долоон жилийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах Ж.Батсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх, хариуцлага тооцохыг Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Цогтбаатараас хүсэж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Монголын  улс төр хийгээд төрийн байгууллагад ураг төрлийн хэлхээ холбоо батжиж, нэр нөлөөгөө бие биедээ давуу тал болгон ашиглахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Гэтэл Ж.Батзандангаас туршлага, зангарагаараа том байж болох хэмжээний хугацааг Монголын төрд өнгөрүүлсэн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан харин ч бүр эсрэгээрээ төрийн албыг төрлийнх, төрлийнх дундаа эхнэрийнх болгон цэцэглүүлсээр байгааг эх сурвалж хэлж байна.

Тодруулбал, тэрбээр эхнэр Оросоогийн Цэенбадамынхаа төрсөн дүү О.Лхагвацэдэнг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилоод багагүй хугацаа өнгөрч буй. Мөн эхнэрийнхээ эгч О.Оюун-Эрдэнийг өөрийнхөө орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж, О.Баасансүрэн гэх ахыг нь Төрийн банкны дэд захирлаар томилуулж чаджээ. Ингээд зогсохгүй О.Даваасүрэн гэх дүүд нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийнх нэр дээр тендергүйгээр малыг хөлөөр нь хилээр гаргах тусгай эрх олгож амжсан. Эрх ашгийн зөрчил бүхий энэ үйл ажиллагааг нь хэвлэлийнхэн шүүмжлээд ч, улс төрийн нөлөө бүхий хүмүүс сануулаад ч тусыг эс олсоор өнөөг хүрээд байгаа билээ. 

Түүнчлэн эх сурвалж “Ч.Улаан сайд Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилуулсан О.Лхагвацэдэнтэй хамтран хоёр яамны тендерийг өөрсдөдөө ашигтайгаар “зохицуулдаг” болоод удаж байна” гэсэн юм. Иймд бид О.Лхагвацэдэн гэгч хэн бэ гэдгийг нэхэн сурвалжиллаа. 

О.ЛХАГВАЦЭДЭН ГЭЖ ХЭН БЭ

Төрөөс төрсөн тэрбумтнуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэх болсон түүний хөрөнгө жилээс жилд хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. 

Өдгөө БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх, лагийг дахин боловсруулах, үнэргүйжүүлэх 300 сая ам.долларын төслийг гардан гүйцэтгэгчдийн нэг, мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая евро, есөн аймгийн цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар, лагийг үнэргүйжүүлэхэд 35 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэх томоохон төслүүдийг атгалцаж буй гол хүн бол О.Лхагвацэдэн.  

МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж асан тэрбээр хүргэн ахыгаа дагаж намаа орхисон түүхтэй. Өөрөөр хэлбэл, хүргэн ах нь тус намын хууччуулын нэг учраас тэнд толгой хоргодож байсан гэгддэг бөгөөд Ч.Улааныг буурь сэлгэхэд нь дагахаас аргагүйд хүрсэн гэсэн үг. 
О.Лхагвацэдэн хотын унаган хүүхэд, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг төгссөн бөгөөд Анагаах ухааны дунд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг мөн дүүргэсэн юм байна. 

Тэрбээр мөн Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбатай албан бусаар хамтран амьдрагч гэгдэж байсан бөгөөд  Г.Шийлэгдамбыг албан өрөөндөө бусдаас авлига авах үед хамт байсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан түүхтэй юм байна. 

О.ЛХАГВАЦЭДЭН НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨ САЛСАН НӨХРИЙНХӨӨ
АР ГЭРИЙНХНИЙ ЭЗЭМШЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ
АВАХААР УЛАЙРЧ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ

“О.Лхагвацэдэн нь зөвхөн улсын тендер, элдэв төслөөс халааслаад зогсохгүй хавь ойрынхоо байж болох бүх хүнээс мөнгө босгож, үл хөдлөх хөрөнгийг нь шүүх, прокурор дахь танил талаараа дамжуулан дээрэмддэг” гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, түүний үеэл эгч, өмгөөлөгч Сарааг өөрийнхөө өмгөөлөгчөөр ажиллуулдаг гэнэ. Улмаар үеэл Сараагийнх нь нөхөр, гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвлөх Б.Баатар нь шүүхээр хэлэлцэгдэх асуудлынх нь арыг шавь шүүгчдээрээ дамжуулан даадаг гэлээ. Баримт дурдвал, өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, гавьяат хуульч Б.Баатар нь өөрийн гарын шавь, өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Энэбишийг шүүгч болоход нь нөлөөлсөн гэх бөгөөд одоо Дүүргийн ерөнхий шүүгч болох хүсэлтийг нь холбогдох газарт нь  өгүүлээд байгаа гэнэ.

Ийнхүү богино хугацаанд албан тушаал ахиулж байгаагийнхаа хариуд О.Лхагвацэдэнтэй холбоотой шүүх хурлын шүүгчээр н.Энэбишийг нэг биш удаа тааруулан ажиллуулсан гэдгийг эх сурвалж мэдээлж байлаа. Энэ удаад О.Лхагвацэдэнгийн анхны нөхөртэй холбоотой асуудлаарх шүүх хурлын шүүгчээр мөн л томилогдсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, О.Лхагвацэдэн нь өдгөө гурван охинтой бөгөөд охидынхоо ааваас 7-8 жилийн өмнө бүр мөсөн салсан байна.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд охидынхоо жилийн тус бүр 30 мянган ам.долларын төлбөртэй дунд сургуулийн төлбөрийг, бусад хэрэглээний зардлыг салсан нөхрөөсөө авч ирсэн төдийгүй хамт амьдарч байхдаа эдэлж хэрэглэж байсан үл хөдлөх хөрөнгө, бизнесийн байгууллагуудаа ч өөрийнхөө нэр дээр шилжүүлүүлсэн байна. Салаад найман жил орчим болж байгаа ч ийн эдийн засгийн бүх талын туслалцаа авсаар ирсэн ч сүүлдээ нөхрийнхөө ар гэрийнхний эзэмшлийн хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг авахаар шүүхэд гомдол гарган, нэхэмжилж яваа гэнэ. 

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ХҮҮГЭЭ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭС МУЛТАЛСАН УУ

Б.Баатар, н.Сараа нарын хүү Б.Энхманлай нь 1.4 сая төгрөгийн өртөг бүхий мөс хэмээх хар тамхи, мансууруулах бодисыг бусдад дамлан худалдахыг завдаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхины тэмцэх газрын албан хаагчид 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрээс Б.Энхманлай, С.Мөнхсайхан, Д.Ган-Эрдэнэ нарыг дайчлан баривчилсан байдаг. Тухайн үед тэдний биеэс хар өнгийн тагтай шилэн гаанс, соруулууд, тунгалаг өнгийн гуурс, улаан өнгийн шингэн тарианы шилтэй ус, хуйлж ороосон 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гялгар ууттай дөрвөн ширхэг мөс, гар жин зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураасан байна. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Энхманлайд 1.6 жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байдаг.

Гэвч  Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зүйл заалтад “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа гурван жилийн ял сонсох ёстой Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тэнсэн харгалзах ял ногдуулсан нь шүүхийн шийдвэрт хэн нэгний нөлөө зайлшгүй орсон гэх хардлагыг төрүүлж буй юм. 

Нөгөөтэйгүүр ийм хэмжээний эрх, нөлөөг шүүх, хуулийн байгууллагад үзүүлж чадах хүнээр О.Лхагвацэдэн нь хамгаалуулдаг гэсэн үг. О.Лхагвацэдэнгийн энэ удаагийн бусдын үл хөдлөх хөрөнгийг авахаар улайрч, шүүхээр шийдүүлэхээр тэвдэж буй асуудлын талаар нэгэн эх сурвалж манайд ярилцлага өглөө. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үндэсний шуудан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?