Монголын өнөөгийн мөрдөж буй хуулиар шалгагдаж, мөрдөгдөж буй бүх хүмүүс нэр дэвших эрхтэй. С.Баярцогт, Н.Батбаяр, Бат-Үүл нар хуулийн байгууллагаар шалгагдаж буй нь үнэн боловч, тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь хэн ч саад болж чадахгүй. Учир нь, гэм буруутай гэж тэднийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй. Өнөөдрийн байдлаар УИХ-д нэр дэвшсэн нэг мянга гаруй хүнээс ганцхан хүнд СЕХ татгалзах нь тодорхой. Тэр хүн бол Н.Энхбаяр. Яагаад гэвэл түүнийг авилгалын хэргээр ялласан тогтоолтой. Дээр нь цагаатгаад, өршөөсөн гэсэн тогтоол нь түүнд дахин нэр дэвшихэд нь бүх насаар нь хориглосон заалт юм. Харин бусдын хувьд асуудалгүй. Ийм л хуультай улс юм. Ийм л хуулийг МАНАН өөртөө зориулж гаргасан учраас гэмт хэрэгтнүүд УИХ-д шургалж, өөрсдийгөө хаацайлж байна. Монгол улсын ерөнхийлөгч Баттулгын хувьд ч гэсэн шүүхээр шалгагдаж байх үедээ Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсныг бас санахад илүүдэхгүй.
Хэдэн жил Баярцогтыг мөрдөж шалгав. Тэр хариу болгож "Оюу толгой" гэж сурах бичиг шиг ном хэвлүүлж, хуулийнхан болон монголчуудад барилаа. Ингээд шалга, би буруугүй гэж номоороо хариу барилаа. Одоо тэр УИХ-ын гишүүнээр сонгогдож, дархан эрхийг дахин эдлэхийг завдаж байна. Ийм хууль зүйн орчинтой улс юм, Монгол улс. Шударга гэж нэрлэгдэхийг хүсдэг Нямдорж энэ байдалд юу гэж хариу өгөх юм бол доо ...
Ц.БАТАА