Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг дөнгөж сая ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явжээ.
Тэрээр өөрийн цахим хуудсанд: "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улс төр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээн бичжээ.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Н.Номтойбаяр нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгээд байсан билээ.