Н.ОРЧЛОН- БИ ҮНЭРТНИЙГ БИШ, ҮНЭРТЭН НАМАЙГ СОНГОСОН

2020-06-16  

Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд ахлах өмгөөлөгчөөр ажилладаг, олон нийтэд үнэртний соёлыг түгээж буй Н.Орчлон-оос 10 асуулт асуулаа. 

Манай урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд баярлалаа. 

Сайн уу. Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа.

Таны үнэртэй усанд “дурлах” болсон шалтгаан?

Үнэртэнд дурлах болсон шалтгаан гэвэл анхнаасаа л дурлах ёстой байсан байх. Үнэндээ би үнэртнийг биш, үнэртэн намайг сонгосон. Тэгээд би энэ аугаа том соёлыг түгээх ёстой юм байна гэж хувьдаа итгэсэн. Гэхдээ үр дүн нь сайн гарч байгаа анх 7 жилийн өмнө би үнэртэн сүрчиг гээд ярьж эхэлж байхад эрэгтэй хүн байж гээд их гайхдаг байсан. Харин одоо бол Монголд үнэртний соёл маш хүчтэй тархаж хөгжиж байна. Би анх үүсгэсэн үнэртний грүпп маань өнөөдөр 2100000 гишүүнтэй боллоо. Тэгэхээр удахгүй Монголын хүн амын 10 хувь нь үнэртэнд дурлагч болно гэсэн үг шүү дээ. 

Та өөрийгөө үнэртэй усаар илэрхийлбэл ямар ус сонгох вэ?

Би өөрийгөө үнэртнээр илэрхийлье гэвэл Францын алдарт үнэртний мастер Бертран Дүшфүрийн аль нэг бүтээлийг сонгох байх. Учир нь энэ мастер маш өвөрмөц, ээдрээтэй, цогц үнэртэн бүтээдэг. Би өөрийгөө бас тийм муу сайн нь холилдсон төвөгтэй хүн гэж боддог л доо. Магадгүй Африкийн хойгод байх Оман улсаас гаралтай “Amouage” брэндээс гаргасан, эрхэм Дүшфүрийн бүтээл “Jubilation XXV” сүрчиг миний зан төлөвийг харуулж чадах байх.

Таны цуглуулганы хамгийн үнэтэй ус хэдэн евро хүрэх вэ?

Миний цуглуулгад байгаа хамгийн өндөр үнэтэй сүрчиг бол дэлхийн тансаг үнэртний хаан гэгддэг Английн “Clive Christian” брэндийн “No. 1” гээд сүрчиг бий. Хэдийгээр 4500 орчим долларын үнэтэй боловч 30 хан мл хэмжээтэй, болор бортоготой, цэвэр алтаар бүрсэн хүзүүн дээр алмаз эрдэнэ суулгасан үнэртэй ус юм.

Таны хувьд хамгийн “sexy” үнэртэн?

Миний хувьд хамгийн секси үнэртэн гэвэл тухайн хүнийхээ гоё чанаруудыг жишээ нь эр хүнд бол эршүүд, бүсгүй хүнд бол эмэгтэйлэг ааш аягыг илүү тодотгосон сүрчиг гэж боддог. Хүн болгон өөр өөр болохоор яг нэг сүрчгийг хүн бүрд таарна гэж хэлж болохгүй. Учир нь үнэртэн нь яг хувцаслалттай адил. Нэг размер хүн бүрд таарахгүй, харин тухайн хүндээ гоё таарч зохицож байвал илүү дур булаам харагдана. Ер нь тачаангуй байна гэдэг ганцхан сүрчигний үнэр бус, тухайн хүнийхээ гадаад төрх, биеэ авч яваа байдал, үг хэл, үйл хөдлөл, зан чанар гээд олон зүйлээс шалтгаална. Тиймээс хүн бүр өөр өөрийнхөө гоё өнцгийг, бусдаас илүү дур булаам гэсэн онцлогоо тодотгож харуулж өгөх сүрчиг түрхвэл нийлээд секси харагдана, үнэртэнэ, тийм мэдрэмж төрүүлнэ гэж боддог. 

Та аялах дуртай юу?

Миний бас нэг хобби бол аялах. Би тавин улсад янз бүрийн зорилгоор, урт богино хугацаагаар аялсан байна. Амьдралдаа 100 орон үзэх юмсан гэсэн мөрөөдөлтэй.

Та ямар, ямар хоббитой вэ?

Би үнэртэн цуглуулах, гадаадад аялахаас гадна дарсны хоббитой. Бас өндөр үнэтэй бугуйн цаг маш их сонирхдог. Гэхдээ би мэргэжлийн хуулийн ажил бүтэн цагаар хийж цалингаараа л амьдардаг болохоор дарс ба цагны хоббигоо хөгжүүлж чадахгүй, сачий хүрэхгүй байгаа. Харин өөрийнхөө боломжид тааруулаад үнэртний ба аялах сонирхлоо л хэрэгжүүлж таашаал авч амьдарч байна даа. 

Та ямар үнэрэнд дургүй вэ?

Надад дургүй үнэр бараг байхгүй. Гэхдээ хэт их химийн гаралтай синтетик материалаар хийсэн сүрчигэнд тийм ч дуртай биш. Харин байгалийн гаралтай цэвэр үнэт тосоор бүтээсэн сүрчигт хамар маань их татагддаг.

Хэрвээ та болзоонд явах бол ямар ус түрхэж, ямар дарс захиалах вэ?

Хэрвээ болзоонд явах бол би өөрийн шүтээн, Англи үнэртэн бүтээгч Рожа Довын төрсөн өдрөөрөө зориулан бүтээсэн “Haute Luxe” гээд сүрчгийг бардам түрхэнэ. Дарсны хувьд гэвэл би чангалсан дарсанд дуртай. Тиймээс хамгийн багадаа 20 жил хадгалсан винтаж портвейн дарс захиалах байх.

Үнэртэй усны хамгийн дуртай ноот тань юу вэ?

Үнэртний ертөнцөөс хамгийн дуртай ноот гэвэл яахын аргагүй агар модны ноотонд үхдэг. Бидний өвөг дээдэс ярьдаг байсан нөгөө агар зандан модны агар нь шүү дээ. Зандан нь бол өөр тусдаа мод. Агар модны ноот нь маш баялаг, цогц, гүн гүнзгий бөгөөд тачаангуй үнэртдэг. Одоо би цаашдаа агар модны сүрчиггүйгээр амьдралаа төсөөлөхгүй. 

Таны амьдралын хамгийн эрхэм зүйл юу вэ?

Миний амьдралын хамгийн чухал эрхэм зүйл маань бол яахын аргагүй газар дээрх ганц хүү маань юм даа.

Өөрийн үнэтэй цагаас зориулсан танд маш их баярлалаа. Ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?