УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдийг сургалтад хамруулав

2020-06-30  

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан сургалт өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд боллоо.

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хэлэхдээ, “Монгол Улс бол Үндсэн хуулиараа тунхагласан Парламентын засаглалтай орон. Үндсэн хуулиар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох, хянан шалгах, ард түмнээ төлөөлөх үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, эрхэм чухал үүрэг УИХ-ын эрхэм гишүүдээр дамжин хэрэгждэг. 2016-2020 оны 7 дахь удаагийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Энэхүү төлөвлөгөөнд “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйл, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ” хэмээн заасан.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газар шинэ Стратеги төлөвлөгөөтэй болсон. УИХ-ын Тамгын газрын бүтцэд Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсан. Эдгээр баримт бичигт УИХ-ын гишүүдэд зориулан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн-асуудлаарх сургалт, семинарыг холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулахаар тусгасан. Мөн шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулах, хууль тоггоох байгууллагыг шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ, нотолгоо дүгнэлтээр хангах нь Парламентын судалгааны хүрээлэнгийн үндсэн чиг үүргийн нэг байхаар тодорхойлсон юм. Цаашид Та бүгдийн санал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сургалт мэдээллийг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн онцлон тэмдэглээд УИХ-ын эрхэм гишүүдэд амжилт хүсэв.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 иргэн 29 тойрогт нэр дэвшсэн. Үүнээс 8 дахь удаагийн парламентад нийт 32 гишүүн анх удаа сонгогдсон бол хоёр ба түүнээс олон сонгогдсон 44 гишүүн байгаа юм.

Ташрамд дурдахад, энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны болон Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газрыг байгуулсны 30 жилийн ой тус тус тохиож буй юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?