ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАХИДАЛ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?

2020-08-01  

 

 

НЭГ: БИ ҮР АЧ НАРТАА АЛС ХОЙЧДОО ҮНЭЛЭГДЭХЭЭР ИХ ЗҮЙЛ ХИЙСЭН ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ ӨӨРИЙГЭЭ ҮНЭЛЛЭЭ

Монголын эдийн засаг ойлгоход их энгийн. Түүхий эдийн үнэ унахад хямардаг, түүхий эдийн үнэ өсөхөд найрладаг. Миний үед үнэ нь огцом унасан хямралын үе таарсан ч УИХ, Засгийн газар, Монголбанктай хамтарч олон талт арга хэмжээ авснаар эдийн засгаа агшаагаагүй, өсөлтийг нь нэмэх хувь дээр хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгой төслийг зөвхөн ил уурхайн хэмжээнд нь 30, 40-хөн жил ажиллуулаад зогсоох байсныг нөөцийнх нь 80 хувь байдаг далд уурхайг хөдөлгөж Оюу толгойг 100 жил ашиглахаар болгож, Монголын эдийн засагт 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж чадсанаараа бахархдаг. 2009 оны гэрээгээр зөвхөн ил уурхайгаас Монгол Улс зургаан тэрбум ам.доллар олох байсныг 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр зөвхөн татвараар 46 тэрбум доллар олохоор болгож чадсан. Улсдаа авчирсан өөр нэг өв бол харь улсад байсан өнөөдөртөө Оюу толгойтой зэрэгцэхүйц Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авчирч чадсан.

ХОЁР: БИ БОЛ ӨӨРИЙНХЭЭ ХҮЧЭЭР ТЭМЦЭЖ БАЙЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН. ТИЙМЭЭС ТОМИЛГООНЫ САЙД БИШ ГЭЖ ХЭЛЛЭЭ Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг нэг хүн уулзаад л, дуудаад л авдаг юм биш. Энэ албыг хэн ч чамд май гэж авчирч өгдөггүй юм. Өөрөө, багаараа тэмцэж өрсөлдөж олж авдаг юм. Би АН-ын улс төрийн дээд байгууллага ҮЗХ-ны 400 гаруй гишүүнд хийх ажлын зорилт, төлөвлөгөө, арга зам, хөтөлбөрөө танилцуулж, Р.Амаржаргал гишүүнтэй өрсөлдөж байж олонхын саналаар дэмжигдэж Ерөнхий сайдын албанд томилогдож байсан.

ГУРАВ: БИ ЯМАР Ч ГЭМ БУРУУГҮЙ, ХАРИН БАТТУЛГА БОЛ ГЭМТЭН Миний өнгө зүс, өмссөн зүүснээр цоллоод эхэлсэн учраас эндээс хуулийн хамгаалалт авахаас өөр аргагүй байдалд оруулсан. Энэ хугацаанд элдэв өвчнөөр даапааллаа, их мөнгөөр хуульчид хөлсөлсөн гэж гүтгэлээ, эцэст нь эх орноо сольсон болгож доромжиллоо. Гэхдээ тун удахгүй намайг биш Баттулгыг интерпол эрж хайх өдөр ирнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй дээ. Удахгүй манай хуульчид миний энэ бүх хилс асуудлаар олон улсад “Цагаан ном” гаргах гэж байгаа.

ДӨРӨВ: БИ МОНГОЛД ОЧНО. ГЭХДЭЭ ЭНЭ ОНД ОЧИХГҮЙ. БАТТУЛГЫГ ДАХИН СОНГОГДВОЛ ТЭР ДӨРВӨН ЖИЛД Ч МОНГОЛД ОЧИХГҮЙ Би Баттулгад чи бүгдийг нь хорьж гүйцэхгүй, бүгдийг нь хашиж байгаад хонь шиг номхон гаргах боломжгүй, бүгдийнх нь дууг дарж чадахгүй, чамаас илүү хүчтэй шударга ёс, чиний троллуудаас илүү чанга дуу хоолой байдаг гэдгийг голын нөгөө эргээс мэдрүүлэх ёстой. Би Баттулгыг буусан өдөр очно. Баттулгын даалгаварт захирагддаг бус Монголын хуульд захирагддаг болсон цагт очно

ТАВ: МОНГОЛД ОЮУТОЛГОЙГООР НАМАЙГ БУРУУТГАЖ ЧАДАХГҮЙ. ТЭРЭНДЭЭ ХҮРВЭЛ ТУХАЙН УИХ, ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛЧУУД ТА НАР Ч БУРУУТУЙ. НАМАЙГ ХОРЬВОЛ МОНГОЛЧУУДЫГ Ч ДАВХАР ХОРЬ Урьдах Засгийн газрууд байтугай УИХ-аас ч илүү шийдвэрээ зөвлөсөн. Нэн шинэ түүхэнд анх удаа шууд Ардчиллыг гар утасны мессэж ашиглан хэрэгжүүлсэн. Сонгуулийн насны хүмүүсийн 1/3 буюу 360 мянган хүний олонх нь Засгийн газрыг Оюу толгой төслөө явуулахыг дэмжсэн. УИХ хоёр удаа Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх хугацаатай даалгаврыг Засгийн газарт тогтоолоороо өгсөн.

ЗУРГАА: ДУУГҮЙ, ЧИМЭЭГҮЙ БАЙ. ЭС БӨГӨӨС ЯЛ ТОХНО ГЭЖ САНУУЛЖ, СҮРДҮҮЛЖ БАЙНА. С.Баярцогтыг “Туг” болгон 10 жил оноолоо. Ж.Эрдэнэбат бол зүгээр л нөгөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр гардаг шиг “Гөлгөө яасныг санаж байгаа биз дээ” гэж М.Энхболдод хэлж байгаа мессэж. Дуугүй, чимээгүй байхгүй бол юу ч хамаагүй тохно шүү гэсэн дохио. М.Энхсайханыг террорист гэхэд арай л чангадах гээд байсан тул тэрэг, машин төдийгөөр шалтаг гаргалаа. Хэн ч гэсэн долоон жилийн дараах хуучирсан үеийнх нь үнээр өнөөдөр шинэ машин авмаар л байгаа шүү дээ. Харин өнөөдрийн үнээр нь авбал долоон жилийн дараа гэмт хэрэгтэн болно шүү гэсэн утга. Дээрх үндэслэлүүдийг сонссон гадны хүмүүс, хуульчид та онигоо яриад байгаа юм уу гээд ойлгохгүй, хэцүү юм. Бидний бодит байдал, эрх чөлөөний үнэ цэнэ ийм л онигооны үнэтэй болж хувирч байна.

ДОЛОО: ҮГЭЭ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭХЭЭС Л ЭМЭЭЖ БАЙНА. Хоригдсон хүмүүсийн заримтай нь холбогдохыг шүүхийн шийдвэрээр хорьчихсон байсан болохоор холбоо авсангүй. Хориглоогүй бусадтай нь холбоотой байсан. Хэрэг нь шүүхээр шийдэгдэхэд нөлөөлчих вий гээд их л удаан нам жим байлаа. Бүгдээрээ ар араасаа ачигдаж байна. Одоо энэ хүмүүсийн төлөө дуугарахгүй бол өөр хэн ч дуугарах юм. Эх орондоо ирэхээс эмээдэг хүн гэж хэн байхав. Харин хэлэх ярих, хийх хэрэгжүүлэх зүйлсээ дуусгаж амжихгүй бол гэдгээс л эмээж байна. Ингэж тэр хэлж байна. Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээг тэр зөвтгөлөө. Монголд ашигтай гэж зүтгэлээ. Эрдэнэтийг бас зөвтгөлөө. Өөрөө ирэхгүй юм байна. Баттулгыг буусан, бүр интерпол шалгаж эхлэх үед л Монголдоо ирнэ гэдгээ илэрхийллээ. С.Баярыг, С.Баярцогтыг, М.Энхсайханыг барьж хорьсныг буруутгалаа. Гадаадын хуулийн том фирмийг хөлсөлсөн юм байна. Тэр мөнгөжсөн байна. Бүр хангалттай хөрөнгөтэй гэдэг нь түүний хөлсөлсөн хуулийн фирмээс анзаарагдана. Тэр хэлэх үгээ дуулгаж амжлаа.

 

Харин хийх, хэрэгжүүлэх зүйлээ дуусгаж амжихгүй бол эмээж байна гэв. Энэ харин ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? гэдгийг асуух ёстой гэж бодогдлоо.  Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?