Лукашенког авч хаях гэсэн оролдлого дахин бүтэлгүйтэв. Сонгуулийг хууль бус, луйврын гэж үзсэн сөрөг хүчнийхэн ч цөөрчээ. Сөрөг хүчний лидер Тихановская Белоруссийн газар нутгийг орхиж Латви гарсан байсан бол одоо Германд тусламж эрж явна. Тэр Ангела Меркелтэй уулзаж: -Белорусст дэмжлэг үзүүлээч. Санхүүжилт хийгээч. Гэхдээ өнөөгийн төр засагт биш, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийг дэмжээч. Санхүүгийн туслалцаа үзүүлээч гэж гуйсан байна. Тихановская энэ мөнгийг яг юунд, ямар зорилгоор ашиглах санаагаа ил гаргаагүй байна. Тиймээс Ангела Маркель ч санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхэд ямар ч хариу өгсөнгүй. Ийнхүү Белоруссийн хүчнийхэн европын орон орноор бадарчилж, мөнгө гуйж царай алдаж явах зуур Лукашенко байр сууриа өдрөөс өдөрт бэхжүүлсээр байгаа аж. Тэр Оросыг түшсэн. Оросоос цэрэг зэвсгийн дэмжлэг авахаа тохиролцсон. Дээр нь 68 насыг зооглосон Путинтэй уулзаж, баяр хүргэсэн. Белоруссийн ард түмний " найз, өмөг түшиг" гэж түүнийг нэрлэсэн. Нутагтаа ирэнгүүтээ: - Энэ бүгдэд одоо цэг хатгана. Сонгууль болсон. Дүн нэгэнт гарсан. Өөр дүн гаргахыг хүсэж байвал дараачийн сонгуулийг хүлээ гэж тэр мэдэгдсэн. Ийнхүү Лукашенко нэг хүний хаанчлалаа дахин 4 жил үргэлжлүүлэхээр болов.
Т.ОРГИЛ