1. ХОНЬ
Нийтлэг зан чанар:
Хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг, шударга үйлийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Гойд нөхөрсөг хүнтэй тааралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь “хонины орд”-д төрсөн хүн гэдэгт итгэж болно. “Хонь” бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. “Хонинд” ов мэх, арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтлээ тэр чигээрээ л байна. Худал хэлж чаддаггүй. Тэд өөртөө арчаагүй эмзэг сэтгэлтэй байх нь олонтаа. Дээрэлхүү занг үзэж чаддаггүй.
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүмүүс түрэмгий зантай мэт боловч бүх хүнийг өөрийнхөө найз нөхөд гэж боддог. Хэн нэгэнд урам хугарвал сэтгэлийнхээ зовиурыг ил гаргахгүйг хичээдэг. “Хонь” уйлж байвал үнэн голоосоо гомдсон гэсэн үг. Юмны ая эвийг олохдоо муухан, тэвчээргүй улс. Хэтэрхий шулуун зантай, ов мэх, хуурмаг зан угаасаа байхгүй. Яг хүүхэд шиг шулуун хонгор зан гаргах, хийсэн хэргээ хариуцах чадваргүй байх нь олонтаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй юманд хүргэдэг.
Аймшиггүй зоригтой, ямар ч бэрхшээлээс айхгүй, заяа мэдэг гэж явдаг хэдий ч өвчинд тэсвэргүй. Жишээ нь шүдний эмчид очих болбол аль болохоор л хойшлуулна. Бие нь айхтар өвдөж шаналахгүй л бол хэчнээн ч жилээр эмчид очихгүй явсаар өвчин нь газар авч ноцтой болсон үед сая нэг очно. “Хонь” нугаршгүй өөдрөг үзэлтэн болохоор архаг хууч өвчинд шаналах нь ховор. Их халуунтай ханиад, хурц үрэвсэл, цус харвахад л сая нэг сөхөрнө.
“Хонины” ордныхон аливаа ажлыг өөрөөс нь илүү сайн хийх хүн байхгүй гэж тэнхээгээ тасартал, тэр ч байтугай мэдрэлийн ядаргааны туйл болтлоо ажилладаг. Тэднийг өөр юмаар буруутгаж болно. Харин залхуу гэж хэлж яавч болохгүй. “Хонь” өс хонзон өвөрлөдөггүй, цагаахан сэтгэлтэй. Уур нь хүрсэн үедээ “хонь” арцалдагчдаа юу ч гээд хэлчихэж мэдэх боловч уураа гарсан хойно уучлал гуйхад хэзээд бэлхэн. Олон хүний гайхлыг төрүүлдэг эрс шууд зантай ч хэрэв хүсвэл эелдэг наалинхайн туйл ч байж чадна. Цагийг дэмий үрэх дургүй. Хониныхон чиглэсэн тодорхой зорилготой, ажил хэрэгч чанартай хүмүүс байдаг боловч сэтгэлийн мухартаа хийсвэрлэн бодож, уясч, гуньж, ид шидэд итгэж явдаг.
Улс төрийн зүтгэлтэн байх нь ховор. Бизнес, уран бүтээлийн ажилд онц таарна. Бас гүдэсхэн зантай нэг нь сайн зохион байгуулагч байдаг. Дарга бол залуу, хайш яйш хүнийг тэвчиж чадахгүй, хэн нэг нь ажил хийдүүлснийг мэдвэл галтайгаа бууна, харин цаадах нь буруугаа хүлээвэл өршөөж, алдаагаа засах боломж олгоно. Ийм даргын удирдлагад ажилладаг хүн илүү цаг сууж заримдаа амралтын өдөр ч ажилдаа ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн таныг ажилдаа хожимдож, үдийн хоолноос хагас цаг хоцорч, эсвэл худал хэлж чөлөө гуйвал танд өөдтэй хандахгүй. Уг нь үнэнээ хэлчихвэл чөлөө өгч магадгүй.
“Хонь”-ийг ажилтнаар авч буй удирдах ажилтан нэг бол их онодог, эсвэл алддаг. Бүх юм түүнд яаж хандахаас л шалтгаална. Нэг л янзын юм хийлгээд байвал дорхноо уйддаг. Харин зохион байгуулах авьяас чадвараа илрүүлэх, санаачилга гаргах, аль нэг юм хийх боломжийг нь олгоод байвал гялалзаад л байна. Ажилдаа хоёр цаг хожимдож ирдэг байлаа ч ажил тарах үед цаг руугаа байн байн хараад байхгүй. Оройн цагаар ганцаар суун ажиллаж чадна. Бүтээн туурвих оргилсон хүсэлд хоногийн 24 цагийн алинд нь ч автаж магад. Тэр үед нь саад болох хэрэггүй. Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сард төрсөн хүмүүст мөнгө, шагнал нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйл. Хийснийхээ хэрээр авах нь зүйтэй гэж бодоцгоодог. Гэхдээ нэр хүнд, амжилтыг эд баялгаас чухалд тооцдог. Авьяас чадвар, амжилт ололтыг нь үнэлж байвал “хонь” улам илүү ажилладаг. Иймд гярхай удирдагч “хонийг” тушаал дэвшүүлэх, бие дааж ажиллахыг нь зөвшөөрөх, тэр ч байтугай өөрийнхөө орлогчоор тавибал маш зөв алхам болно.
“Хонь” танд гомдвол, эсвэл танаас уйдвал зан авир нь дорхноо л мэдрэгдээд ирнэ. “Хонь” тэвчээргүй, зоригтой, өөртөө итгэлтэй, маш өгөөмөр, өрөвчхөн, тэгсэн атлаа баргийн юмтай эвлэрдэггүй. Гаднаас нь харахад амгалан юм шиг байвч дотроо сэтгэл санаа, сэрэл мэдрэл нь буцалж явдаг. Аль нэг ажил нь бүтэлгүйтвэл ямар ч аргаар хамаагүй бүтээхийн төлөө зүтгэнэ.
Хэрэв эрэгтэй бол…
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эр хүн хэн нэгэнд үнэхээр дурласан бол тэр хүндээ л үнэнч байсаар дуусна. Шударга шулуун зантай болохоороо хэд хэдэн бүсгүйтэй зэрэг явж чадахгүй. “Хонь” их хартай, энэ талаараа “арслан”-тай л дүйнэ. Тийм болохоор эхнэр нь буюу сэтгэлтэй бүсгүй нь түүнийг хууран мэхлэх бүү хэл санамсаргүй өөр хүн рүү харц чулуудахад ч сүйд болж мэднэ. “Хонь” харамч биш, бэлэг сэлт өгөхдөө дуртай. Гэвч орлогоо эхнэртээ хянуулж цагдуулах дургүй. Эхнэрээ зөвхөн гэрийн ажилтай зууралдахад мөн дургүй. Тэдэнд ухаалаг амьдралын хань хэрэгтэй.
Хэрэв эмэгтэй бол…
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүүхнүүд шар замын 12 ордын бүхий л хүүхнүүдээс илүү, эр хүний гар харалгүйгээр аж төрж чадна. “Хонины орд”-ын хүүхнүүд эр хүнийг үнэлэх өөрийн бодолтой. Эргэн тойрных нь эрчүүдээс сэтгэлд нь таарах хүн олдохгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө ямар ч юмыг эрчүүдийн хэнээс нь ч илүү сайн, илүү хурдан хийж чадна гэж боддог.
“Хонины” ордонд төрсөн хүүхнүүд хэрэгтэй гэж үзвэл сэтгэлтэй болсон хүндээ хайр дурлалаа түрүүлж илчилж чадна. Өөрийгөө цааш түлхсэн хүнийг сонирхох нь элбэг. Өдий төдий хүн сонирхож эргүүлдэж байдаг боловч сэтгэл зүрх нь цорын ганц, бүтэшгүй хүн рүү үргэлж тэмүүлж байдаг. Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүүхнүүд магтуулах дуртай. Гэхдээ магтаалыг хэтрүүлэх хэрэггүй. Тэд хайрлуулж байгаагаа мэдвэл тэр хүндээ онцгой үнэнч байдаг. Гэхдээ эр хүнд захирагдах дургүй нь эрчүүдийг галзууруулах дөхдөг.
Энэ ордод төрсөн хүүхнүүд хүнтэй суухаасаа өмнө ч, хойно ч бүрэн эрх чөлөөг эдлэхийг эрмэлзэнэ. Яс маханд нь шингэсэн шударга зангаасаа болж шалиг зан хэзээ гаргадаггүй. Хэн нэгэнд сэтгэл хөрч өөр хүнд сэтгэлтэй болсон бол заавал ч үгүй үнэнээ хэлнэ.
“Хонины орд”-ын эмэгтэйчүүд сайн эхчүүд, үр хүүхдээ эрүүл чийрэг, цэвэр цэмцгэр, сайн хувцастай, аз жаргалтай байлгах гэж үргэлж санааширч явна. Тэд хүүхдээ биеэ даасан хүмүүс болгохын тулд хатуу чанга сахилга батад дасгана. Гэсэн ч хүүхдүүд нь хайр энхрийллээр ер дутахгүй. Зав гаргаж хүүхдүүддээ унтахаас нь өмнө сайхан үлгэр яриад өгчихдөг зантай.
2. ҮХЭР
Нийтлэг зан чанар:
“Yхэр”-ийн ордынхны онцгой шинж нь гэвэл дуу цөөтэй. Удаан хөдөлгөөнтэй. Уул хад шиг бат тогтвортой, үргэлж тайван. “Yхэр” нэг л зүйлийг шийдсэн бол түүнийг хөлөөр дэвсэлж, гараар нударгалж байсан ч ажрахгүй.
“Yхэр” тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал зөрүүдэлнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. “Yхэр” бага сага өшиглөх хатгах жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна. Тэгснээ нэг өдөр гэнэт тэсмээргүй санагдаж ухасхийж тулалдана. Ийм үед замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд хаяж мэднэ. Дэвслэх гэдэг үг ч бас багадна, чухамдаа газрын хөрснөөс арчина. Олонх “үхэр” биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл насанд нь нэгээс хоёр удаа л тохиолдоно.
Гаднах онцлог нь хүзүү бүдүүн, уян хатан, мөр, нуруу цээж өргөн. Ерөнхийдөө махлаг боловч бие хаа сайтай, долгиотсон үс, жижигхэн чихтэй. Өндөр туранхай байх нь ч бий.
“Yхэр”-ийн зан байдал ерөнхийдөө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй, хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Унтууцах нь бага, тэсвэртэй, амьдралын зорилгыг нь юу ч гуйвуулж чадахгүй.
“Yхэр”-ийн ордод төрсөн хүмүүс гэртээ нам гүм, тайван байхыг л хүсдэг. Ямар нэг эвгүй байдал гарвал уургаа шүүрч аваад л загасанд явна. Байгалийн сайханд сэтгэл нь их татагддаг. Цонх, тагтан дээрээ цэцэг тарьж байж сэтгэл нь амардаг.
“Yхэр”-ийн ордынхон бие сайтай улс, харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр нь эмчийн зааврыг биелүүлэхдээ дургүйтэй нь холбоотой. Тэд даарснаас өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь өвддөг. Энэ нь унд хоолоо хэтрүүлж, хөдөлгөөн, эрүүл агаар дутагдсанаас болно. Хөдөлгөөн, агаар хоёр амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан энэ бүхнийг эсэргүүцэж л байдаг.
“Yхэр”-ийн ордынхон зөрүүд зантай гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө хэтэрхий тэвчээртэй улс гэж тооцдог. Yнэхээр тэдний олонх нь бие сэтгэлийн ачааллыг дааж чадна.
“Yхэр”-ийн ордынхонд идэж чадахгүй юм гэж үгүй. Халуун ногоо, давсалсан өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг л суудал дээр иднэ.
Тэд тийм ч алиа хошин улс биш. Харин хэн нэг хүн гадилын хальсан дээр хальт гишгээд өнхрөөд ойчихыг харвал элгээ хөштөл инээнэ. Гэвч энэ нь жинхэнэ урлагийн мэдрэмжгүй гэсэн үг биш. Тэд уран зураг, яруу найраг, дуу хөгжимд дуртай. Зарим нь сайхан хоолойтой, тэр ч байтугай мэргэжлийн дуучин болдог.
“Yхэр”-ийн ордынхон солонгон цацрагаас номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулам ногоон, хүрэн өнгөнд дуртай.
Хэрэв эрэгтэй бол…
Тэд “Сугар” гаригт захирагддаг учраас их номхон, хүнийг хайрлаж чаддаг, төрсөн өдөр, хэн хэндээ хамаатай аль нэг чухал өдрийг огт мартахгүй. “Yхэр”-ийн ордынхон, “хумх”-ын ордынхон шиг хийсвэр мөрөөдөгчид биш учраас сэтгэлтэй бүсгүйдээ “арслангийн” ордынхон шиг гандирсын шилтгээн амлахгүй ч нэг л орой өөрийнхөө мөнгөөр барих гэж буй модон байшингийнхаа зураг төслийг үзүүлхээр бүсгүйнхээ гэрт уран барималчинтай очиж мэднэ. “Yхэр”-ийн ордынхон үе үе зөрүүдэлдэг ч гэсэн ухаантайхан хүүхэн бол тэдний зөөлөн сэтгэл, амгалан зан, найдвартай түшигтэйг нь үнэлнэ. Санхүүгийн хувьд тэдэнд бүрэн найдаж болно.
“Yхэр”-ийн ордынхон үнэнч сайн ажилтнууд. Тийм болохоор хүндхэн ажлын дараа амрах хэрэгтэй. Амрахад нь саад болох хэрэггүй. Өөрийг нь удаан, залхуу гэж бүү яриарай. Энэ нь мөргөдөг бухыг өдөөн хатгаж улаан дарцгаар далласантай адил. Радио, телевизийнхээ дууг намсгаад, хөглөрсөн тоглоомуудаа хамж аваад, тэдэнд амрах боломж олгох хэрэгтэй.
Тэд сайн эцэг байдаг. Удам угсаагаа залгуулах хүүтэй байхыг мөрөөддөг. Гэсэн ч охиддоо эелдэг, анхаарал халамжтай. Хүүхдүүддээ тэвчээртэй ханддаг, бүх зүйлээ ёсоор нь хийж байвал хичээлээ хийж байхад нь яаруулдаггүй. Хэрэгтэй гэж үзвэл хүүхдүүддээ яггүй хатуу арга хэмжээ авч чадна. Гэсэн ч хүүхдүүд нь эцэгтээ их хайртай, том түнтгэр бамбарууштай ноололдох лугаа адил хивсэн дээр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. “Yхэр”-ийн ордод төрсөн удирдах ажилтад захирагдаж буй хүмүүс даргынхаа тэвчээрийг шалгах хэрэггүй гэдгийг санаж явбаас зохилтой. Тэдний тэвчээр шавхагдашгүй мэт санагдаж болно. Маргааш нь та хагас цаг биш бүтэн цаг хожигдож ирвэл нэг л мэдэхэд бөөн шуугиан дэгдэж таныг халчихсан байх вий. Тэд эрүүл ухаантай, сахилга баттай ажилтнуудыг хүндэлдэг. Бас тэднээс өөрийнхөө сэтгэлд тохирсон зүйл хийхийг шаардана. Тэдний гаргасан шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй.
“Yхэр”-ийн ордод төрсөн жирийн ажилтны тухайд гэвэл худалдаа наймааны салбарт амжилт олохгүй. Учир нь тэд үг цөөтэй болохоороо бараагаа сурталчилж, элдвээр магтаж чадахгүй. Харин тэдний дотроос сайн инженер, эмч, сурган хүмүүжүүлэгч, дуучин, зураач, газрын эзэд төрдөг. Хаана ч ажиллаж байсан хариуцсан ажилдаа ухамсартай ханддаг. “Yхэр”-ийн ордынхон амьдралд эзлэх байр сууриа олж, тэр нь ирээдүйтэй бол ажлаа өөрчлөх нь ховор.
Хэрэв эмэгтэй бол…
Энэ ордын эмэгтэй ажилтан ямар ч албан байгууллагад ховорхон олдох хүний нэг. Намуун дуутай, амгалан зантай тэд голдуу сайн нарийн бичгийн дарга болдог. Юу ч тохиолдсон тэд галзууртлаа уурладаггүй, тайван байхыг хичээдэг.
Дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 21-ний хооронд төрсөн хүүхнүүд аятайхан царайтай, эелдэг, хөдөлгөөнтэй ч тэдний цаана далд хүч нуугдаж байх шиг санагддаг.
Чухамдаа ямар ч эр хүн зөвхөн мөрөөдөж л чадах, эмэгтэй хүний бүхий л сайн чанарууд тэдэнд цогцолсон байдаг. Хааяа уурлаж хилэгнэх боловч уур нь амархан гарна. Уурыг нь хүргэхгүй бол үргэлж тайван тогтуун байна. Тэд өөрийгөө хүндэлж чадах эр хүнд дуртай. Найз нөхдийнх нь дунд худалч хуурамч хүн байдаггүй. Амьдралд нь тийм хүн таарч гэмээ нь цааш түлхэлгүй, үнэнч байж чадна. Хардаж сэрдэх нь гайгүй. Нөхрөө аятайхан хүүхэнд харц чулуудах бүрийд уурлаж бухимдахгүй. Гэхдээ даврах хэрэггүй. Бүх юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Ёс зүйн тухай ойлголтыг нь зөрчиж гэмээ нь өөрийгөө л зэмлэх хэрэгтэй. Учир нь тэдний хилэгнэл бөмбөг дэлбэрэх лугаа адил.
Энэ ордын хатагтай нар хээрээс түүсэн тэвэр дүүрэн цэцэг, янз бүрийн сүрчиг, угаасан цагаан хэрэглэлийн үнэр, шинэхэн хадсан өвсний анхилуун үнэр, шатаж буй хөрмөгний эхүүн утаа, асч буй лаван лааны үнэрт дуртай. Ийм эхнэртэй хүн амьдралын шуургатай далайд эхнэр чинь үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж болно.
Тэд хүүхдүүдтэйгээ зууралдах дуртай ч тэднийгээ өсч өндийхийн хэрээр улам хатуу шаардлагатай болж, залхуу, салан задгай байдал, үг дуулахгүй явдалтай нь эвлэрдэггүй. Хүүхдүүд нь өөрсдийнхөө юмыг эмх журамтай байлгаж сурах хэрэгтэй. Эс тэгвээс ээжийнх нь зүгээс ширүүхэн зүйл толгой дээр чинь бууж мэднэ. Гэсэн ч тэд сайн эх хэвээрээ үлдэж жил ирэх тутам хөвгүүд охидынхоо сайн нөхөр нь болдог.
3. ИХЭР
Нийтлэг зан чанар:
Өрнө дахины ихрийн орд гэдгийг монгол зурхайд хамтатгах буюу “ихэр”-ийн орд гэж нэрлэдэг. Хамтатгахын ордонд төрсөн хүмүүстэй тааралдмагц нүдэнд чинь юм давхар харагдвал нүдний эмчид очих гэж яарсны хэрэггүй. “Хамтатгах”-ууд хоёрдмол зан ааштай улс. Орон байр, ажил төрөл, хувцас хунар, тэр ч байтугай сэтгэлтэй бүсгүйгээ ч гэнэт өөрчлөхөд бэлэн улс. Хурдан хөлтэй буд гаригт захирагддаг эл хүмүүс Юлий Цезарь шиг хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна. Тэд бага зэрэг худал залахдаа ичихгүй. Гэвч тэр нь хортой биш.
Санаандаа орсныг ярьж байгаа нь тэр. Ноцтой хэрэг тарих нь ховор. Тэд эрүүгийн хуулийг хүндэтгэж, дагаж мөрдөхийг хичээдэг.
Тав, зургадугаар сард төрөгсөд өөрийнхөө жинхэнэ санаа бодолыг нямбай гэгч нь нууж чаддаг. “Загас”-ууд шиг өөрийнхөө жинхэнэ хүсэл зорилготой харшилдсан юм хийж байхдаа дуртай. Олонх “хамтатгах”-ууд мэргэжлийн зохиолч болдог. Гэвч өөрийнхөө намтар, дурдатгал, ялангуяа хувийн захиагаа нийтлэхээс зайлсхийдэг. Учир нь тэдний өчигдөр хэлсэн зүйл маргаашийнхтай нь зөрчилддөг. Юмыг хурдан уншдаг хэдий ч ном, сэтгүүлийн хуудсыг ихэвчлэн араас нь эргүүлж унших муу зуршилтай.
“Хамтатгах”-ууд голчлон чилгэр сайхан биетэй, уян налархай, өндөр нуруутай байдаг. Зарим нь хонин бор нүдтэй, наранд борлох нь амархан. Цайвар царайтай, шар, хар ямар ч үстэй байж болно. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өргөн магнайтай төрдөг. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол ходоод гэдэс, уушиг, үе мөч, толгойн өвчин тусч болно. Тэд ямар нэг юманд хүрэх гэж үргэлж тэмүүлж байдаг. Тэр нь алдар нэр, эд баялаг, хайр сэтгэлийн аль нь ч байж болно. Хэзээ ч бүтэхгүй юм байж ч мэднэ.
Хэрэв эрэгтэй бол…
Эмэгтэй хүн хайр сэтгэлтэй учирснаар хүнд хэцүү үед эр нөхрийнхөө мөрийг түшиж, хамгаалуулах боломжтой боллоо гэж боддог бол “хамтатгах”-ынханд огт хамаарагдахгүй зүйл. Та эр нөхрөө даваа гаригт талханд явуулсан бол лхагва гаригт л талхтай ирнэ гэж бодох хэрэгтэй. Хоёр өдөр хаагуур тэнэж явсныг нь мэдэх боломжгүй. Гэсэн ч та ганцаардахгүй. “Хамтатгах”-ууд хоёрдмол зантай улс болохоор хоёр эмэгтэйг зэрэг хайрлаж чадна. Иймд ирээдүйд яах нь тодорхойгүй, богино хугацаанд үндсээрээ өөрчлөгдөж ч мэдэх ийм хүнд дасаж болох эсэхээ сайн бодох хэрэгтэй. Гэсэн хэдий ч “хамтатгах”-д дурласан хүн дотоод сэтгэл рүү нь их өнгийхгүй бол жаргалтай ч байж мэднэ. “Хамтатгах”-ыг уйдаахгүй байхыг хичээ, эргэн тойрных нь зүйлсийг сонирх. “Хамтатгах” өөртэйгөө маргалдаж чадахуйц ухаантай ханийг л хүсэхээс бус дан ганц “тогооны хүн” хэрэггүй гэдгийг санаж яваарай. “Хамтатгах”-ууд хартай юу гэвэл гайгүй. Тэгсэн ч зарим нь нэг бус удаа гэрлэдэг. Нэг биед нь хоёр хүн оршиж байгаа болохоор эхнэр ч гэсэн хоёроос доошгүй хэрэгтэй. Харин та өөрөө нөхрөөсөө дутуугүй ухаантай, тэгээд өөртэй чинь хамт байхад уйдахааргүй үргэлж сонирхолтой байдаг бол нөхрөө өөр хүнтэй сээтгэнэнэ гэж айсны хэрэггүй. “Хамтатгах” хүүхдүүдээ эрхлүүлдэг, тэдэнтэй үг хэлээ ололцож чаддаг. Сургуульд орохоос нь өмнө нэлээд юманд сургаад авдаг томоогүй эцэг. Харин хүүхдийн сахилга батыг сайжруулах тал дээр санаачлагыг ээжүүд авах хэрэгтэй. Учир нь “хамтатгах”-ын эрчүүд өөрсдөө сахилга батад суралцах шаардлагатай байдаг. “Хамтатгах”-ын ордод төрсөн удирдах ажилтан ихэвчлэн пүүс, компанийн ерөнхийлөгч болдог. Гэхдээ бүх насаараа нэг газар ажиллаад байх сонирхолгүй. Өндөр албан тушаал хашдаг” ч бай, үгүй ч бай 09.00-17.00 цаг хүртэл сандалдаа хүлүүлсэн мэт сууж, пүүсийн дэг журмыг сахиулахдаа дуртай. Аливаа пүүс, компани богино хугацаанд, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийхийг хүсвэл “хамтатгах”-ын ордын хүнийг даргаар тавих хэрэгтэй. Тэд тогтсон ёсыг эвдэж, янз бүрийн шинэ зүйл бодож олохдоо гарамгай. Жишээ нь, өрөөний тавилгыг олон удаа нааш цааш сэлгэж тавиулах жишээтэй. Харилцах утас нэмж тавиулж, “картотек” хөтлөх шаардлагыг нарийн бичгийн даргадаа тавьж, байгууллагынхаа өдрийн дэглэмийг өөрийнхөө санаанд нийцэх хүртэл нь өөрчилнө. Ийм даргын сэтгэл санааг тандахгүй байхыг зөвлөе. Учир нь тэрбээр өнөөдөр таны цагийг нарийн дүгнэж, аяга кофе уухад зарцуулсан хоёр хормыг ч тоолох мөртлөө маргааш нь таныг үдийн цайнаас хоёр цаг хожимдож ирсэн ч анзаарахгүй. Энэ үед пүүсийнхээ орлогыг хэд дахин нэмэгдүүлэх тухай арга сүвэгчилэн, том том санаа сэдээд завгүй байх жишээтэй. Танай пүүст хурдан сэтгэдэг, хурдан ажиллаж, хурдан ярьдаг албан хаагчид бий юу? Тэд их залуу харагддаг уу? Залуу биш ч гэсэн залуу хүний байдалтай юу? Тэд тааж хэлэхийн аргагүй зан ааштай, тэвчдэггүй зантай юу? Тийм бол тэд чинь “хамтатгах”-ын ордынхон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн ажиглаад байвал тэд аливаа хийсвэр санааг математикийн томьёо болгож өлхөн чадах чадвартай хүмүүс. Тэд “охин”, “хонь”, “арслан”, “хилэнц”-ийн ордод төрсөн хүмүүсийн нэгэн адил ярвигтай үед хамаг хүчээ дайчилж, түргэн шийдвэр, үйлдэл хийх төрөлхийн авьяастай. Хэрэв та “хамтатгах”-ын ордын нарийн бичгийн дарга буюу бичээчтэй бол ховорхон олз гэдгийг санаарай. Учир нь, аль нэг албан бичгийн талаар битүүхэн сэжүүр гаргахад л өөрөө уул бичгийг зохиогоод машиндчихна.
Хэрэв эмэгтэй бол…
Олон татвар эмстэй байсан хаадад битүүхэндээ атаархаж явдаг эрчүүд тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 21-ний хооронд төрсөн хүүхэнтэй гэрлэх хэрэгтэй. Тэгвэл ядаж л наад зах нь хоёр эхнэртэй мэт байж болно. Харин тэд дэндүү замбараагүй, олон зүйл сонирхдог учраас сексийн амьдралд сэтгэл ханамжгүй байдаг. Энэ байдал нь хий хоосон мөрөөдөл болон хувирах нь буй. Ер нь ч ийм хүүхнүүд орой боловсордог. Эр хүн тэдний жинхэнэ шунал тачаалыг хөдөлгөж чадах эсэхээс бүх зүйл хамаарна. “Хамтатгах”-ын ордын хүүхнийг хоёр хүнтэй явлаа гэж буруушаахын оронд өрөвдөх хэрэгтэй. Учир нь тэд хоёрдмол зан чанартай болохоор хоёр хүнд зэрэг дурлачихаад явж байж болох юм. “Хамтатгах”-ын ордод төрсөн бүсгүйтэй гэрлэсэн хүн сексийн амьдралд сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр хэлбэл, олон эмэгтэйн зан чанарыг агуулсан бүсгүйтэй суусан гэсэн үг. Жишээ нь анхны эхнэр нь нөхрийнхөө бүхий л шаардлагад зохицож тэр ч байтугай нөхөртөө ажил хэрэгч зөвлөгөө өгч чадна. Удаах эхнэр нь аль нэг эсэргүүцлийн жагсаалд оролцож, нөхөр хүүхдээ мартчихаад шөнө дундаас хойш ирж байж ч мэднэ. Дараагийн эхнэр нь гэрийн ажилд дургүй. Ороо хураалгүй, сав суулгаа угаалгүй, ажлаа хийгээд завгүй сууж байна.
Тэр эхнэр нөхөртэйгөө буддын шашин болон гүн ухааны асуудлаар мэтгэлцэж чадна. Yүгээрээ гэр орны ажилд муухан чанараа эн тэнцүү болгоно. Өөр нэг эхнэр нь хүүхдэдээ цаг заваа зарцуулна. Хичээл сурлага, тоглоомд нь идэвхтэй оролцоно. Хичээл хийхийг шаардах боловч хүүхдэдээ хатуу ээж биш. Тав дахь эхнэр нь гийчин ирэхээс өмнө гэр орноо янзалж, сайдыг урьсан ч нүүр улайхааргүй ширээ засаж чаддаг зочломтгой эзэгтэй. Мөн тансаг хувцаслаж, үнэтэй сүрчиг хэрэглэдэг. Ер нь язгууртан амьдралд зохицсон хүн. Хүмүүсийг харж, өөрийгөө харуулах хүсэлтэй. Иймдээ ч олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явах дуртай.
4. МЭЛХИЙ
Нийтлэг зан чанар:
Америк зурлагад мэлхийн ордыг хавч хэмээн нэрийддэг. Бөөн хүмүүс тойруулчихсан онигоо урсгаж хөхүүн зантай байх үед нь “хавч”-ийг таних амархан. Хүмүүс түүнийг их анхааран биширнэ, “хавч” ч үүнд дуртай.
“Хавч” таныг элдэв айдас хүйдэс дүүрэн гуниг гутралынхаа ёроолд ч дагуулж аваачиж мэднэ. Тэд үнэнээсээ уйлдаг хүмүүс, харин тэр нь бүдүүлэг үг, ширүүн харцнаас ч болсон байж мэднэ. Гунигтай үедээ “хавч” гол төлөв хуяган дотроо нуугдчихдаг тул тэндээс нь гаргаж ирэх амаргүй. Ийм үедээ үүдээ ч онгойлгохгүй, утсаа ч авахгүй, захидал ч уншихгүй. Харин азаар ийм байдал удаан үргэлжлэхгүй, сарын мөчлөг өөрчлөгдөхөд “хавч”-ийн сэтгэл санаа бас өөрчлөгддөг. Тэднийг гаднаас нь харахад янз бүр байдаг. Зарим нь аятайхан дугуй царайтай, булбарай арьстай, хүүхдийнх шиг дугариг нүдтэй. Зарим нь халзан дух, өргөн шанаа, хамрынхаа угт ирээд нийлдэг сайхан хөмсөг, дөрвөлжин эрүүтэй, жижигхэн нүдтэй. Олонх нь гар хөл урттай, хайвганасхийж явдаг. Саранд захирагддаг бүх хүний нүүр царай сэтгэл санааныхаа байдлыг тод илэрхийлдэг. Тэд дүрслэн бодохдоо сайн.
“Хавч” амьдралын болон түүхэн сургамжийг хэзээ ч мартахгүй. Ер нь л түүх, түүхэн хүмүүс, хуучны ховордсон номонд тун дуртай.
Зургаа, долдугаар сард төрсөн хүмүүс битүүлэг зантай, хувийн нууц, нарийн зүйлсээ бусадтай хуваалцдаггүй. Өөрийн амьдралыг бусадтай зөвлөлдөөд байх дургүй. Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс эрэгтэй ч, эмэгтэй ч адилхан өөрийнхөө гэрийг л эрхэмлэн дээдэлнэ. Өөрийн гэх гэр оронгүй л бол “хавч” аз жаргалтай байж чадахгүй. “Хавч” юмыг яаж мэдэхэв гэж мөнгө хуримтлуулахыг хичээдэг. Хөргөгч болон агуулахад нь хоол хүнс овоолоостой байхад дуртай. Хоолны тухай ярих төдийд сэтгэл нь сэргээд явчихна. Бүхий л амьдралаа хөгжим, урлагт зориулсан сайхан бодолтой “хавч” мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг.
“Хавч”-ийн сэтгэл үргэлж усанд татагдаж явдаг. Усанд сэлэх, усны цанаар гулгах дуртай, жижигхэн ч болов моторт онгоц, ядаж л завьтай байхыг мөрөөддөг.
Хэрэв эрэгтэй бол…
Хавчийн ордод төрсөн хүмүүс ямар нэг зүйлээ, эсвэл хэн нэгнийг алдчих вий гэж зовсон үедээ сэтгэл санаа нь хямардаг. Тэр зүйл нь мөнгө, эсвэл та ч байж болно. Зоволтгүй ээ, би үүрд чинийх гэж итгүүлээрэй. Тэгвэл хуяган дотроосоо гараад ирнэ. Мөнгөний хувьд гэвэл та өөрөө цаадах шигээ хямгач, тэгээд байрныхаа хөлсийг цагт нь төлчихдөг бол та хоёр бие биеэ зөв олжээ гэж бод.
“Хавч”-ийн эхнэр болсон хойно чинь үргэлж хамгийн аюултай, өрсөлдөгч хэвээр үлдэх боловч хадам эхийгээ дандаа магтаж байхаа мартуузай. Нөхрөө, ээжээс нь дутуугүй л эрхлүүлж хамгийн дуртай хоолыг нь хийж сурах хэрэг гарна. Эхнэр болох хүнээсээ “хавч” олон юм шаардах тул эхнэр хүний ухаалаг ааш араншингаас их юм шалтгаална. “Түүий мөрөөдөлт” бүсгүй гэвэл эцгийнх нь эхнэр болсон хуучин цагийн авхай буюу ээж шиг нь хүн байх ёстой.
Удирдах албан тушаалтан “хавч” хэчнээн ч сэргэлэн цовоо байсан ажилдаа ирсэн даруйдаа дэндүү албархуу, ажил хэрэгч болчихно. Өрсөлдөгч пүүс нь уналтад орох буюу аль нэг ажилтан нь юу чаддагаа үзүүлээгүй байж цалингаа нэмүүлэхийг эрээ цээргүй шаардвал л сая нэг инээмсэглэх аядаж магадгүй. Түүнээс биш ажлын найман цагийн долоон цаг тавин минутын турш “хавч” инээмсэглэх байтугай мушилзах тухай боддоггүй. Удирдах албан тушаалтан “хавч” мөнгө олох л цорын ганц зорилготой. Мөнгийг зөвхөн шаргуу хөдөлмөрөөр олохыг эрмэлздэг. Хэчнээн сайн ажиллана төдий чинээ их мөнгөтэй болно, гүйцээ. Энэ эгэл жирийн зарчмыг ажилтнууд нь мэдэж байвал сайнсан.
Хамгийн сайн хийх ажил нь худалдагч, хувьцаа буюу эсвэл үүлдэр сайт адуу ер нь юу ч наймаалсан адилхан. Хүмүүст юу хэрэгтэйг тааж мэдэж өөртөө ашигтайгаар тэр барааг нь олж өгөхдөө гарамгай.
“Хавч”-ийн ой ухаан яг зааных шиг юмыг бараг мартахгүй. Таныг ажилдаа хэдүйд ирж хэдүйд явдаг, өдөрт хэдэн удаа жорлонд ордгийг чинь ч андахгүй. Бас хэдэн орой, хэдэн хагас сайнд ажилласныг тань хэлээд зохих ёсоор урамшуулж ч мэднэ. “Хавч” чанга хүн. Гэхдээ шударга бас өрөвч сэтгэлтэй. Албан хаагч “хавч”-ийн гол чанар нь ажилласан шиг ажиллах. Нэр төрийг төдийлөн сонирхдоггүй, авах цалин л чухал. Туршлага дадлага нь нэмэгдэхийн хэрээр тэдний цалинг нэмж байх хэрэгтэй. “Хавч”-ийн орлого нь хөдөлмөрийн бүтээлдээ зохицож байх ёстой. Тэгэхгүй бол өөр газар ажил эрээд л яваад өгнө. Ер нь хавч удирдуулахаас илүү удирдахын заяанд төрсөн улс.
“Хавч” зүтгэлтэй сайн ажилтан. Худалдааны газар, талх нарийн боов, нөөшний үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн савлах, борлуулах газар ихээхэн амжилт гаргана. Ресторан, зочид буудлын эзэн байхад их тохирдог. Урлагийн салбарт бол зураач, найруулагч, хөгжимчин, жүжигчин, фото зурагчид энэ ордынхон байдаг. Багш байх удаа ч бий.
Хэрэв эмэгтэй бол…
Эмэгтэй “хавч” дулаахан, тохитой албан байгууллага, эелдэг харилцаа, амттай хоол, ном, сэтгүүл, мөнгөнд дуртай. Тэд авьяастай, өндөр хариуцлагатай. Дарга нь хаашаа ч юм бэ явах болвол түүнд ажлаа санаа амар даатгаж болно. Удирдах ажилтнууд дотор эмэгтэй “хавч” байх нь олонтаа. Зургаа, долдугаар сард төрсөн хүүхнүүдийн онцлог шинж гэвэл сэтгэл санаа нь хувирамтгай.
Мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Таны банкны тооцоог маш их сонирхоно, гэрлэснээсээ хойш мөнгийг чинь хорогдуулахгүй, өсгөх л гэж хамаг хүчээ дайчилна. Их үнэтэй бэлэг өгвөл таныг үнэн сэтгэлээсээ зэмлэж мэднэ. Санхүүгийн асуудалд толгойгоо зовоохгүй байя гэвэл хоёр долоо хоног хэртэй далай тэнгисийн захад аваачаарай, тэнд л хамаг сайн чанар нь илэрнэ. Сартай шөнө далайн захаар зугаалбал “хавч” өөрийнхөө хамгийн нандин хүсэл мөрөөдлийг ч ярина. Усны ойр байвал бүхий л айдсаа үлдэн хөөж чаддаг.
Тэдэнд айж, эмээхгүй юм гэж байхгүй. Жишээ нь, тэд өөрсдийгөө тийм ч их царайлаг бус гэж айна. Тийм ч их ухаантай бус гэж эмээнэ. Бас хэтэрхий залуу гэж шанална, эсвэл хэтэрхий хөгшин гэж зовно. Хайр дурлалын тэнгэр шиг гоё биетэй, гоо сайхны охин тэнгэр Елена шиг царайлаг, Аристотел шиг ухаантай байсан ч мөн л “Тийм ч юмаараа тэрнээс дутуу, ийм ч юмаараа энэнээс дутуу” гэж өөрийгөө голж шаналж явах болно. Тийм биш гэдгийг цуцалтгүй итгүүлж байх хэрэгтэй.
Зургаа, долдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хоол хийхдээ сайн. Гэртээ бол голдуу хүүхдийн өрөө, гал тогоо хавиар эргэлдэнэ.
5. АРСЛАН
Нийтлэг зан чанар:
Арслан бол амьтны аймагтаа араатны хаан. Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 22-ны хооронд төрсөн хүн мөн л ойр орчныхоо хүмүүсийг захирах дуртай. Түүнтэй маргах хэрэггүй, эс тэгвээс өөрийг тань үхтэл айлгаж мэднэ.
Олонх “арслан” сурган хүмүүжүүлэгч, сэтгэл мэдрэлийн эмч, тэр ч байтугай улс төрийн зүтгэлтэн болдог. Бас сайн зохион байгуулагчид ч болох нь бий. “Арслан” саналаа ил хэлдэг. Таны талаар юу бодож явдгаа шууд хэлнэ. Гэвч “арслан” хувийн амьдралаа тэр бүр зөв зохиож чаддаггүй. Өөрийнхөө олон давуу талыг мэддэг ч гэсэн ялангуяа ойр дотнын хүмүүс өөрийнх нь цэцэн ухаан, өгөөмөр занг зохих ёсоор нь үнэлэхгүй бол сэтгэлийнхээ мухарт онцгой шаналж гомдож явдаг.
Энэхүү “догшин араатныг” нэгхэн хоромын дотор дуулгавартай муужгай болгон хувиргаж болно. Тэдний хамгийн эмзэг зүйл нь нэрэлхүү зан. Хүнийг амирлуулах рашаан мэт нөлөөлнө. “Арслан”-гийн омог нь амархан дарагддаг, гомдлоо дорхноо мартдаг, эвлэрэх, эвдрэх хоёр нь тэнцүү. Эрэгтэй, эмэгтэйн аль нь ч бусдын гар харах дургүй, харин өөрөө хүний түшиг болох дуртай. Мөнгөөр дутлаа ч зээлэхийг урьтал болгохгүй, өөрөө л аргалахыг хичээнэ. Их үрэлгэн улс. Эр “арслан” сайхан хувцаслах дуртай, цалин багатай ч эм “арслан” их үнэтэй гоё хувцас авах гэж зүтгэнэ.
“Арслангууд” голдуу л чийрэг, зүрх сайтай улс. Өвчин тусвал огцом халуурч, түргэн эдгэрдэг.
“Арслан”-д “алтан дундаж” гэж байхгүй. Тэд дэндүү салан задгай, хэтэрхий нягт нямбай, хүч чадал нь багтаж ядах, эсвэл үүрэглэсэн муур шиг залхуу. Ажилласан шиг ажиллаж, амарсан шиг амарч чадна. “Арслангууд” үнэнч нөхөр. Гаднаас нь харахад аминчхан, нэрэлхүү мэт харагдавч дотор нь жинхэнэ алтан зүрх нуугдаж байдаг.
Хэрэв эрэгтэй бол…
“Арслан”-гийн ордынхон эмэгтэй хүнд гол төлөв эелдэг наалинхай ханддаг, уян сэтгэлтэй ч найдвартай хамгаалагч болж чаддаг. Ийм эрчүүд анхны харцаараа дурлах нь олон. Хайраар дутвал харсаар байтал нүднээс гарч эхэлнэ.
“Арслан” хүндлүүлж, хайрлуулах, бишрүүлж шүтүүлэх дуртай. Иймд “арслан”-г шохоорхсон хүүхэн зүрх сэтгэлийг нь өөртөө татах амархан. Гэхдээ “арслантай” нөхцөх, гэр бүл болох нь дандаа үүлгүй тэнгэр шиг байдаггүй. Таныг зүрхэндээ нэвтрүүлж, тансаг үүрэндээ авчраад, алтан торонд суулгасан шувуухай шиг болгож мэднэ. Учир нь тэд айхтар хартай хүмүүс. Юу өмсч, үсээ яаж самнах, ямар ном унших, хэнтэй үерхэхийг ч зааж зааварлаж мэднэ. Хаа нэгтээ удаан саатахгүй байхыг бодоорой. Хэрэв хэн нэгэнтэй ялимгүй сээтгэнэвэл таны шинэ танил зөвхөн шалан дээр тэрийн хэвтээд зогсохгүй ясаа хэмхчүүлж, эмнэлэгт очиж магад.
“Арслангууд” голдуу үнэнч хань байдаг. Гэхдээ тэд эрчүүдтэй нийлж тоглох, наргиж цэнгэх дуртай. Ер нь аливаа тоглоомд яснаасаа дуртай.
Тэд ховорхон уран гартай. Мултраад уначихсан усны цоргоноос эхлээд ярвигтай стеоросистемийг хүртэл засаж, янзлах гэж оролдоно. “Арслангууд” гараа огт бохирдуулалгүйгээр машины хөдөлгүүрийг эвлүүлж, задалж чадна. Тэр нь амжилттай болж өгөхгүй бол “арслан” нэг сайн өшиглөхөд л ажиллана. “Арслангууд” өнөр өтгөн айл болох нь ховор. Олонх “арслан” огт хүүхэдгүй, эсвэл ганц хүүхэдтэй байдаг. Хатуу байх гэж оролддог ч хүүхэддээ хайртай болохоор энэ нь зөрчилтэй зүйл.
“Арслан” удирдан зохион байгуулах авьяастай. Тушаал гаргахдаа бичээчдээ эхний хэдэн мөрийг их л урам зоригтой хэлж өгөөд сайхан инээмсэглэж “За цааш нь юу бичихээ та өөрөө мэднэ шүү дээ. Харин маргааш өглөө бэлэн байх ёстой юм…” гэнэ.
Удирдагч “арслан” бүтээлч санаатай ажилтандаа их сайн. “Арслан” сайн ажилтнуудаа үнэлж чаддаг ч бас базаахгүй ажиллаад байна уу даа гэж бодсон хүндээ дургүйцлээ шууд илэрхийлнэ. Ийм болохоор муугаа үзүүлэх дургүй хүн өөр удирдлагын дор ажилласан нь дээр.
Албан хаагч бүр тэр болгон хурдан тушаал дэвшиж, дарга болоод байдаггүй болохоор “арслангууд” өөрөө өөртөө дарга болдог мэргэжлийг сонгоцгоодог. Өөрөөр хэлбэл, менежер, өмгөөлөгч, багш, эмч, зохиолч, хуулийн зөвлөх, жүжигчин, хэлмэрч, сантехникийн слесарь болцгоодог. Ямар ч бага тушаалын алба хашиж байсан “арслан”-г үргэлж магтах, элдвээр урамшуулж байхаа мартуузай. Эс тэгвээс дорхноо л ажилдаа сонирхолгүй болно.
Хэрэв эмэгтэй бол…
Энэ ордын эмэгтэйчүүд хүний сэтгэлийг татах увьдастай тул тэднийг олон хүн эргүүлдэг. Тийм болохоор тэдний зүрх сэтгэлийг байлдан дагуулах амаргүй. Байгаль түүнд гоц ухаан, гоолиг бие, цовоо сэргэлэн зан, сайхан царай, наад зах нь гурван хүнийхийг нийлүүлсэн мэт янаг сэтгэл хайрлажээ.
Монголчууд эм арсланг эрслэн гэж нэрлэдэг. Тиймээс эрслэнг эргүүлэхдээ юуны түрүүнд сайн шилж авсан бэлэг гардуулахаас эхлэх хэрэгтэй. Улиг домог болсон үгээр магтаж болохгүй. “Хатан хааны” зүрх сэтгэлийг байлдан дагуулах гэж байгаагаа мартаж болохгүй. Тиймээс хүчтэй, эр зоригтой хүн болж харагдахыг хичээхгүй бол тэд доройхон эрийг хяламхийж ч харахгүй улс. Эрслэнгүүд спортын олон төрлийг сонирхож оролддог. Спортын уралдаан, тэмцээн үзэхдээ ч дуртай. Гэсэн хэдий ч түүнийг эхлээд театрт дагуулж очих нь зүйтэй.
Энэ бүхэн “арслангууд” ашигч, завшаанч мэт харагдуулж байгаа ч тийм биш. Тэд голдуу өгөөмөр сэтгэлтэй, бүх зардлыг тантай хувааж төлөхөд бэлэн байдаг. Мөн танд харамгүй хариу бэлэг барихаасаа ч сийхгүй. “Эрслэн” голдуу сайн эхнэр болдог. Гэртээ байсан ч биеэ зөнд нь орхихгүй. Yрчгэр халаад өмсч, үсний бигүүжтэй хэзээ ч явахгүй. Yс гэзэг, гоо сайхандаа мөнгө, цаг хангалттай зарцуулдаг ч гоёж гоодож байгаагаа нөхөртөө үзүүлэхгүй, дууссан хойноо л харуулна. “Арслангийн” ордын хүүхнүүд гоёл, хувцас чимэглэлдээ гэр бүлийнхээ төсвөөс хэтрүүлэн зарцуулдаг боловч гоёлын хувцас нь тэдэнд их зохидог. “Эрслэн” сайн эхнэр болдог ч долоо, наймдугаар сард төрсөн хүүхнүүд зөвхөн л гэрийн мухар сахиж өөрийгөө бүрэн бүтнээр нь зөвхөн гэр бүлдээ зориулахыг бас хүсдэггүй. Тэд ямар ч талбарт амжилттай ажилладаг. Театрт сайн жүжигчин, анагаахад гарамгай мэс засалч болох жишээтэй. Гэр орны ажил, эх хүнийхээ үүргийг амжилттай хослуулж чаддаг. Тэд хүүхдүүддээ маш үнэнч эелдэг. Тэднийхээ аль нэг дутагдлыг ажиглавал хэр хэмжээндээ хатуурхаж чадна. Бас тэднийхээ ойр зуурын зардалд дэндүү их мөнгө өгч үрэлгэн занд сургаж эрхлүүлж мэдэх улс.
6. ОХИН
Нийтлэг зан чанар:
“Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээд хуучин маягаар хувцасладаг.
“Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л зоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахад амгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно.
“Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саад болдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой, ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус, ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшин болсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.
Хэрэв эрэгтэй бол…
“Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, найз нөхөд болон өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг тусалж дэмждэг. Ийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх, айлгүйтэх, тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа голомхой, цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олон.
Хэрвээ таарах тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдрана. Тэд бас хүүхнүүдэд эелдэг, анхаарал халамжтай хандаж, хариуд нь тэдний хайр хишгийг хүртэж чаддаг. “Охины” ордыхон үнэнч нөхрүүд, зөвхөн онцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж ч гуйж гувшин уйлж хайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд “хагарсан шаазанг нааж болохгүй” гэж хатуу итгэдэг.
“Охины” ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороо тэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж, өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэндээ сайн боловсрол олгохын тулд ямар ч хохирол үзэхээс буцахгүй. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртай ч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болон хувирах нь бий.
“Охины” ордод төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтанд илүү таарна. Асар хариуцлагатай болохоороо тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онцсайн зөвлөгч, гүйцэтгэх ажилтан учраас орлогч байхдаа онц тохиромжтой.
“Охины” ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыг яриулах дургүй. Сэтгэл дотроо шүүмжлэлтэй санал нийлж ч байж болно.
Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбар, хэвлэлийн газар, анагаах ухаан, эм найруулах газарт илүү амжилт гаргана. Тэд сайн лаборант, нягтлан бодогчид болдог. Ямар ч ярвигтай ажлыг итгэж даалгаж болно.
Хэрэв эмэгтэй бол…
“Охины” ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн, гэм хоргүй амьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий ч санасан зүйлдээ хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол огт эргэлзээгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь гэр бүлээ бусниулах нь тэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь өөр хэн ч алив ажлыг үнэнч шударга, нягт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг.
Та хэрэв “охины” ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай. Учир нь тэд худал үг, салан задгай байдал, муухан шиг аяглахад тун ч дургүй. Түүнтэй уулзахаар явахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй. Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх гарцаагүй л шалтгаан бодож олоорой доо.
Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир нь тэд голдуу оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийг мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна.
“Охины” ордынхон голдуу үнэнч, эелдэг эхнэрүүд. Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэр бүлээ бат бэх, тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаа гоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроос илүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо бие бялдар, ёс суртахуун оюун ухааны хэрэгцээг нь хангахын тулд бүх хүчээ дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байсан ч гэр дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтай болдог.
7. ЖИНЛҮҮР
Нийтлэг зан чанар:
Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. “Жинлүүрүүд” оюунлаг төрсөн хүмүүс. Тэд налгар биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй.
Жинлүүрийн ордын нэр нь бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэх боловч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй.
Нэгэн агшинд тайван, тогтвортой, сайхан сэтгэлтэй, тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа, хэрүүлч, зөрүүд амьтан мэт байдаг.
Энэ ордыг бас “Залхуу жинлүүр” гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой.
“Жинлүүртэн” олон хоног, тэр ч байтугай сараар амрах, сатаархыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт “чадал барагдлаа” гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин “их эрчимтэй” орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа лугаа адил. “Жинлүүртнийг” сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй.
Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ, нөгөө агшинд нь хорлонтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй л бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардана.
“Жинлүүртнүүд” маргахдаа дуртай, гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. “Болох”, “болохгүй” хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонх нь дуу хөгжим, өнгө, хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэлийн талын авьяастай.
“Жинлүүртнүүд” удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагч, уран илтгэгч байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.
Хэрэв эрэгтэй бол…
“Жинлүүр”-ийн эрчүүл сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай, овсгоотой, бүсгүй хүний сэтгэлийг даруй эзэмдэж чадна. Харин түүнийхээ дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү, эсвэл гэрлэх үү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрч мэднэ.
Иймд “Жинлүүртэн”-д сэтгэлээ өгсөн бүсгүйчүүдэд зөвлөхөд: “Өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвээс та хоёр орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалга тустлаа нэг тийш болж чадахгүйд хүрнэ”. Жинлүүртэн эрчүүд голдуу насан өөд болтлоо хүүхэнд дуртай хэвээр байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. “Жинлүүртэн” хэн нэгнийг гомдоох юм уу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор, үлдлээ ч тэр нь удалгүй илааршиж анина.
Тэрбээр гэр бүл болоод өрх гэрээ аж төрлийн их шуурган дундах нам гүм арал байлгахыг хүсдэг. Тэд голдуу л сайн эцэг болдог бөгөөд нэр хүндээрээ сахилга батыг чандлан барьж ах эгч нь дүү нараа бусдад шоглох гоочлохыг хэрхэвч гаргуулахгүй. Хэрэв хэн нэгийг нь шийтгэх болж гэмээнэ сайтар тайлбарлаж өгдөг учраас хүүхэд түүнд гомдол өвөрлөхгүй. Жинлүүртэн эрчүүд эхнэрээ хүүхдүүдээсээ илүү үзнэ.
Хэрэв эмэгтэй бол…
“Жинлүүртэн” эмэгтэй бол эрдэнэ мэт эхнэр бөгөөд олон сайн талтай. Жишээ нь, нөхөртөө ирсэн захиаг хэзээ ч задлахгүй, ингэх нь зохисгүй явдал гэж үзнэ. Албаны нууцыг найз нөхдөд нь ч итгэж хэлэхгүй. Харин ч нөхрийнхөө сэтгэлийг татдаг сайхан инээмсэглэлээрээ даргынх нь сэтгэлийг булааж мэднэ. “Жинлүүртэн” эхнэр хилэн бээлийтэ төмөр гараар нөхрийнхөө ажил хэргийг өөртөө ашигтай тал руу чиглүүлнэ, ингэж буй нь нөхөрт нь огт анзаарагдахгүй.
Санхүүгийн асуудал тулгарахад тэрбээр нөхөртөө, хэнээс ч илүү ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Ер нь “Жинлүүртэн” эхнэрүүд эелдэг наалинхай боловч гэрийн дотор ихэнхдээ өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг, ингэх нь тэдэнд зохимжтой. Хурц үгээрээ “жинлүүртэн” эхнэр ямар ч маргаанд нөхрөө дор нь дийлдэг агаад тэгэхдээ сэтгэл булаам инээмсэглэлээрээ халхавч хийх тул нөхөр нь хэрхэн дийлдэж бууж өгч байгаагаа анзаарахгүй.
Жинлүүрийн ордод төрсөн хүүх.,нүүдийн олонх нь гэрийн үнэтэй тавилга, гоё хувцас, тансаг үнэртэнд дуртай. Мөн нөхөртэйгөө эрх тэгш байхыг хүсдэг. Гэр бүл гэдэг тэдний хувьд худалдааны үйлдвэрлэл шиг л хамтын ажиллагаа юм.
“Жинлүүртэн” эмэгтэй гол төлөв эелдэг боловч хэрдээ л хатуу ээж. Тэд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахгүй байна гэж огт үгүй, хүүхдүүдээ үргэлж аятайхан цэвэр цэмцгар хувцаслаж, өсөж нөхрөө нэн тэргүүнд халамжилдаг бөгөөд эцгийгээ хүндлэхийг хүүхдээсээ шаарддаг. Хэрэв эцэг нь хүүхдүүддээ хэтэрхий чанга ханддаг бол хүүхдийнхээ толгойг нь илж, аманд нь амттайхан юм хийн яаж ийгээд тайвшруулдаг.
8. ХИЛЭНЦ
Нийтлэг зан чанар:
Хүмүүс хэн нэгний аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны хооронд төрснийг мэдмэгцээ “Базарваань, хилэнцэтийн ордод төрсөн юм байна шүү дээ!” гэж дуу алдан түүнээс болгоомжилж дөлсхийх нь олон. Хилэнцэт гэдэг үгийг сонсоод заримдаа айж сүрдэх, хүндэтгэх бас хүүхнүүдэд хилэнцэт хорхойн тачаангуй аяг санаанд нь зурсхийн орж ирдэг. Хэдийгээр энэ бүхэн “хилэнцтэн”-үүдэд улиг болсон зүйл боловч чухамдаа үнэн эсэхийг нь тодруулах хэрэгтэй юм.
“Хилэнцтэнүүд” нууцаа хадгалах дуртай. Тэднийг таних хэдэн шинж тэмдэг байдаг. Тэдний нүд онцгой. Ногоон, цэнхэр, хүрэн, хар ямар ч өнгөтэй байсан таныг шидийн хүчээр илбэдэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадна. Дуу хоолой нь намдуу, эелдэг эсвэл хатуу ширүүн, цангинасан ч байж болно. Тэд өөрсдийгөө хэзээ ч шүүмжлэхгүй. “Хилэнцтэн” сайн, муу талаа сайн мэднэ. Сайшаал магтаал хоёрын алийг нь ч үл тоомсорлоно.
Дэлхийн ван гаригаас заяат төрсөн энэ хүмүүс сайхан биетэй, эрүүл чийрэг байдаг. Гол төлөв хамар, хоолой, нуруу, хөл нь өвдөнө. Гал, цацраг, тэсрэмтгий бодисоос сэргийлж явбаас зохилтой. Энэ үг ялангуяа хүүхдүүдэд ихээхэн хамаатай учир юун түрүүнд тэднээс чүдэнзийг нуух хэрэгтэй. Тэд хүмүүсийг өөртөө татдаг бөгөөд хүнд үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн зүйлийг мартдаггүй, мууг ч бас удаан санаж явдаг хүмүүс. Юунаас ч айдаггүй зоригтой. “Хилэнцтэн” цэргийн дарга бол огт эргэлзэхгүйгээр цэргээ тулалдаанд оруулна, гал сөнөөгч бол хүүхдийн амь аврахын тулд шууд л гал руу давхин орж амиа золино.
Ер нь “Хилэнцтэн”-үүд биеийн зовиур, гачигдал, дутагдал, инээдэм доог болохоос айхгүй. Учир нь тэд өөрсдийнхөө авьяас билэг, аливааг даван туулах чадварт онцгой итгэдэг.
“Хилэнцтэн”-үүд цээжин дотор нь түймэр асч байвч утааг нь хамраараа гаргахгүй байж чадна. Тэд цагдаа, сэтгэл мэдрэлийн эмч, сурвалжлагч байх нь олон. Хэдийгээр “хилэнцтэн” мэс засалчдын ихэнхийг хатуу сэтгэлтэй гэж бодоцгоодог ч энэ дэлхийн хамгийн сайн эмч гэвэл тэд л байдаг.
“Хилэнцтэн” албан хаагч өөрийгөө ч, бусдыг ч хуурахгүй, өөрийнхөө алдааг хэн нэгэн рүү түлхэхгүй.
Тэрбээр албан тушаалдаа амжилттай ахина. Ямар амжилт олж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Товчоор хэлэхэд өөгүй сайн ажилтан хүн. Тэд онцгой ажил хэрэгч, бас удирдагч хүндээ үнэнч. Ихэнх удирдах ажилтан “хилэнцтэн” албан хаагчаа үнэлж, саналыг нь хуваалцдаг. Одоо “хилэнцтэн” эрчүүдийг шохоорхож буй эмэгтэйчүүдэд бяцхан санамж хэлье.
Хэрэв эрэгтэй бол…
Гэр бүл болно гэдэг амаргүй. Хэрэв та хилэнцтэнд сэтгэлээ алдчихсан, тэгээд “шунал хүсэл” гэдэг үг танд ялимгүй айдас төрүүлж байвал тэр хүнээс зугатах нь зөв. “Шунал” гэдэг үгийг хэрэглэхдээ би зөвхөн дурлал, тачаалыг бус, улс төрийн бодлого, спорт, шашин, амьдрал, үхлийн аливаа асуудалд хэт их шунан сонирхохыг багтаан хэлж байгаа юм. Тэгээд ч тэдний өнгөнд харагдаж буй төлөв байдал, тэсвэр тэвчээрт бүү хууртацгаа. Цаанаа бол тэд үргэлж гал дөл шиг дүрэлзэж шатаж байдаг болохоор тэр галд зөвхөн гар нүүрээр ч үл барам зүрх сэтгэлээ ч хуйхлаж мэднэ.
Гэсэн ч “гэзэгтэй бар” гэмээр хүүхнүүд бол “хилэнцтэний” шунал хүслийг хазаарлан барьж чадна гэж найдаад түүнд сэтгэлээ өгч тэр ч байтугай гэр бүл болж болох юм. Тэгж гэмээ нь тэднийг насан эцэс болтол нь халуун илчээр төөнөж явах болно. Мөн тэд гол төлөв оюун ухааны хөгжил сайтай, гүн ухаан орчлон ертөнцийн асуудлыг сонирхдог. Хоол унд, ялангуяа хайр дурлалынхаа явдлыг ихдүүлэх нь олон. Хайр дурлалынхаа явдлыг шийдтэлээ хүүхэн хүнийг удаанаар “тамлах”, хүүхэн хүнээс эмээж удаанаар царайчлан гуйх хүн ч бий. Гэр бүл дотор “хилэнцтэн” хэн нь ноён гэдгийг дороо л ойлгуулна.
Тэдэнд юу хийх, яах тухай заах буюу сөргөлдөх тухай бодсоны ч хэрэггүй. Тэд ерөнхийдөө хатуу хүмүүс. Царай зүс, хувцас хунарыг чинь магтана гэж бүү бод. Яагаад гэвэл энэ талаар тэд дэндүү шулуухан. Тэр ч бүү хэл аль нэгэн согогоор чинь даажигнаж ч мэднэ. Хэрэв та өөр хэн нэгэнтэй сээтгэнэж, хардах сэтгэлийн хар хорыг нь оргилуулчихгүй бол тэр эхнэртээ хангайн нуруу шиг түшигтэй. Тэр өөрөө тохиолдлын чанартай юманд автахгүй биеэ барьж чадна. Хэрэв хааяа өөрийнхөө чадварыг бусад хүүхнүүд дээр туршиж /зүгээр л мартчихгүйн тулд/ үзлээ ч гэсэн өөрийнхөө эхнэрт үнэнч хэвээр үлддэг.
Товчоор хэлэхэд унаж бяцрахаас айхгүй зориг зүрхтэй хүүхэн л “бүргэдтэй” хамт нисье гэж шийднэ.
Хэрэв эмэгтэй бол…
“Хилэнцтэн” эмэгтэй дур булаам үзэсгэлэнтэй, бардам зантай, өөртөө бүрэн дүүрэн итгэдэг, ямар нэгэн зүйлд гонсойж гэмээ нь эр хүн болж төрөөгүйдээ гомдоно. Энэ бол “хилэнцтэн” бүсгүй хүний намбагүй гэсэн үг биш, харин ч эелдэг зөөлөн зан нь түүний зэвсгийн нэг нь.
“Хилэнцтэн” бүсгүй зөөлөн сахлаг үстэй муурын зулзагатай төстэй. Харин ойр дотно танилцаад ирэхээрээ яггүй хурц хумстайг нь мэдэж авна. Тэд юу ч өмссөн бай толгой эргэмээр сайхан харагдаж чаддаг. Түүнд өөрийг нь аваад явж чадахуйц, нөхрөөрөө бахархаж болохуйц амьдралын хань хэрэгтэй. Тийм хүүхнүүд цэргийн албан хаагчид, усан цэрэг, ялангуяа улс төрийн зүтгэлтнүүдэд онцгой сайн эхнэр болдог. Тэд ухаантай, чадалтай хүмүүст дуртай. Харин чадал муутай хүнийг үл тоомсорлодог.
Тийм эмэгтэйчүүд гэр дотроо нөхөртөө яаж ч ханддаг байсан олны дунд нөхрийнхөө төлөө уул мэт бат зогсоно. Арав, арваннэгдүгээр сард төрсөн хүүхнүүд гэртээ тохьтой байх дуртай. Тэдний гэр орон цэвэр цэмцгэр, тавилга, эд хогшлоо зөв байрлуулсан байдаг. Их цэвэрлэгээ хийх дуртай. Өнцөг булан бүрийг ухаж төнхөж, угааж цэвэрлэж явахад нь нөхрөө хардах шалтгаан болох ямар нэгэн зүйлтэй тааралдахгүй л байх болтугай.
Эс тэгвээс тэдний хардамхай зан хонзорхог сэтгэлтэйгээ адилхан хэмжээ хязгаарыг үл мэднэ. Та ажилдаа явахдаа эхнэрийнхээ хацар дээр нь үнсэхээ мартсан бол эхнэр чинь таныг унтахаар ор руугаа явахад наад зах нь бүтэн сар үнсэхээ “мартаж” чадна.
Хүүхдүүддээ нэлээд ширүүн ханддаг “хилэнцтэн” эцгийг бодвол “хилэнцтэн” эх хайраа ил гаргах дургүй ч хүүхдүүддээ үргэлж эелдэг, үнэнч ханддаг. Хүүхдийнхээ авьяасыг талаар өнгөрүүлэхгүй, их үйлсийн төлөө тэмүүллийг нь ямагт зүйл бүрээр сайшаан дэмжинэ.
9. НУМ
Нийтлэг чанар:
Энэ ордод төрсөн хүнийг анзаарахгүй байхын аргагүй. Тэд өөрөө хүрч ирээд, дал мөрийг тань алгадаж: “Та чинь дөч гарчихаад байгаа хэрнээ яаж ингэж залуу харагдаад байна аа?” гэж асууна. Ингэхдээ найрсагаар инээмсэглэнэ. Таныг инээмсэглэхээ больчихвол таныг гомдооё гэж огт бодоогүй тухайгаа залхуутай нь аргагүй удаан тайлбарлана. Учир нь үнэн юмыг нүүрэн дээр нь хэлж сурсан болоод тэр.
Түүнийг хатуугаар зэмлэх хэрэггүй. Тэдний юмны эв дүйг олохдоо тааруухан чанарын нь цаана хангалттай гүзгий ухаан, ёс суртахууны өндөр чанар нуугдаж байдаг. Нэг хүнд тэр бүр цогцолдоггүй хурц ухаан, авхаалж, цоглог зан авир түүнд хосолж байдаг нь түүнийг байнга хүмүүсийн анхаарлын төвд байлгадаг. Тэдний эрс шулуун зан төрхийн цаана ямар ч худал хуурмаг санаа байдаггүй, бодсон зүйлээ шууд хэлчихдэг хүмүүс. Гол төлөв өндөр нуруутай байдаг.
Намхан нуруутай байлаа ч их чийрэг биетэй, өргөн магнайтай, том толгойтой, аятайхан царайтай, алиа наргиа шингэсэн гялалзсан нүдтэй. Харин хөдлөх, явахдаа эв дүй муутай. Ярих үедээ гараараа зангаж дохих зуршилтай. Нумынхан нэлээд хөдөлгөөнтэй. Байраа сэлгэж байх хүсэлтэй. Тэд ан амьтан, ялангуяа морь, нохойд хайртай.
Ер нь эрэлхэг хүмүүс. Аюултай, амь дүйсэн зүйлд татагддаг. Машинаар өндөр хурдтай явах дуртай. Олонх нь туршин нисэгч болдог. Мөн хүний сайн нөхөр бөгөөд зөвлөгөө өгч туслахдаа үргэлж бэлэн байдаг. Яриа хөөрөөтэй, илэн далангүй, сайхан сэтгэлтэй ч цочмог ууртай. Гэсэн хэдий ч голдуу өөдрөг сэтгэлтэй, маргааш өнөөдрөөс өлзийтэй болно хэмээх уриатай явдаг. Тэд сэтгэл санагаар унасан ч түргэн засардаг. Тоглоомд их хорхойтой.
Хэрэв эрэгтэй бол…
Нумын ордод төрсөн эрэгтэйчүүд хайрлаж дурлахдаа шуналтай. Харин хэрэг явдал хурим хийхдээ тулаад ирэхээр тээнэгэлзэсхийн бодож эхэлнэ. Мөн бүсгүйчүүдийг үнэн сэтгэлээсээ хайрлаж, тэдэнд дээд зэргээр эелдэг, халуун дотно хандана. Тэд хайр дурлалын явдалд тогтвортой бус. Гэвч эмэгтэй хүнийг зөвхөн үүлэн борооны явдлын хамтран зүтгэгч төдийгүй ухаантай, сайн найз нөхөр байгаасай гэж хүсдэг.
Шулуухан зантай “нумтан” аятайхан санагддаг хүүхэндээ “Чи миний нууц амраг байвал гайхалтай тохирно” хэмээн хэлж ч магадгүй. Бүсгүй зэвүүцэж, дургүйцвэл тэрбээр “Дундад зууны үед хаад, ноёд, язгууртны төлөөлөгчид хайр сэтгэл харж гэр бүл болдоггүй, улс төр, эдийн засгийн холбоогоо бэхжүүлэхийн төлөө тэнэг, мулгуудуу эхнэр авдаг байсан, харин нууц амрагууд нь сэтгэл татсан, боловсролтой, хурц ухаантай хүүхнүүд байсан” гээд илэн далангүй сэтгэл уярам тайлбар хөрвүүлж гарна. Yүнийг түүхийн номноос олж мэдсэн хэрэг.
Хонуут өнжүүтээр явах аялалд бүсгүй хүнтэй явбал өөрийг нь бусадтай хардахгүй, чөлөөтэй байлгах, тэр ч байтугай дотночилдог эр хүн байхыг хүртэл зөвшөөрнө гээч. Тэгсэн атлаа гэнэт нэг сайхан орой л “Чи миний эхнэр байхдаа жинхэнэ таарсан хүн юмаа” гэж хэлнэ. Yүний дараа бол бүсгүй “Чи ч гэсэн надад бүх талаараа таарч байнаа” гэж хэлж болно. Тэд ой сайтай, түхэн тэмдэглэлт өдөр, үйл явдлыг мартдаггүй нь гайхалтай. Тэгсэн атлаа бас дэндүү алмай, үргэлж юмаа гээж явдаг. Бээлий, түлхүүр юмуу түрийвчээ хаяж л явна… Мөнгөнд үрэлгэн, эхнэрээ гоёх дуртай. Нөхрийнхөө ийм алдааг засах гэж эхнэр нь багагүй хүч чармайлт гаргах хэрэгтэй болно.
Нумтантай гэрлэсэн бүсгүй хадмын талын төрөл садангийн олон хүнд дарагдана гэж бодох явдалгүй. Учир нь тэд төрөл садангийн барилдлагааг төдий л их анхаарч үздэггүй. Бүсгүй ч өөрийнхөө төрөл саданг дэндүү их наалдуулаад байх хэрэггүй. Өөрөө л хааяа тэдэн дээрээ очиж байх нь илүү зохистой.
Албан хаагч бол Нум хамт олны дотор тун эвлэгхэн, эвтэй найртай байдаг. Ялих ялихгүй зүйлд эмзэглээд байдаггүй. Арваннэг, арванхоёрдугаар сард төрсөн ажилтнуудын ихэнх нь даруу зангаасаа болж үхэх улс биш. Удирдлага нь өөрийг нь магтаж байхад ч “гүйцэд үнэлж чадахгүй л байна даа” гэж бодож байх жишээтэй.
Дарга нь жил, эсвэл хоёр жилийн дараа цалинг нь нэмнэ гэж амлавал “хаа байсан хойтонгийн цаад жил биз” гэж бодно. Гэсэн ч тэд тун ажил хэрэгч, нягт нямбай, шударга сайн ажилтан. Тийм ажилтны чинь нүдэнд гэнэт уйтгар тодроод ирвэл томилолтоор явуулаарай. Учир нь тэд бүгд аялал жуулчлалд туйлын хорхойтой. Хэрэгцээтэй зүйлсээр дүүргэсэн чемодан гар доор нь үргэлж бэлэн байдаг.
Хэрэв эмэгтэй бол…
Эрчүүдтэйгээ адил юмыг үнэнээр нь түс тас хэлэх дуртай. Гэсэн атлаа дараа нь яах гэж чанга хэлэв дээ гэж гэмшиж уучлал гуйдаг. Залуу хархүү ийм хүүхнээс “Яаж амрав даа” гэж асуувал хэн хэн өөрийг нь эргүүлсэн, өөрөө хэнтэй сээтгэнэсэн тухай дэлгэрэнгүй тайлагнах болно.
Энэ ордын хүүхнүүд биеэ даасан зантай, төрсөн гэрээсээ эрт гарч биеэ дааж амьдрах дуртай. Ямар нэг зүйлийг тэднээс аятайхан гуйж, хүсэх хэрэгтэй. Тушааж хэрхэвч болохгүй. Учир нь тэд цочмог ууртай тул цухалдаж мэднэ. Доожоогүй, олхио муутай хүнд дургүй. Хааяа тэдэнтэй “Чи тэгээд үзээрэй, толгойг чинь цоо цохино шүү” гэсэн шиг харилцвал санаанд оромгүй үр дүнд хүрдэг. Тийм эмэгтэй таны толгойг сүрхий эргүүлж ч мэднэ.
Гэвч өөрөө өөрийгөө мангууруулдагтай нь жишвэл энэ юу ч биш. Тэдний гол алдаа нь хайр сэтгэлийг нөхөрлөл, нөхөрлөлийг хайр сэтгэл гэж эндүүрдэгт явдал юм. Заримдаа найзтайгаа түнжин хагарахаас аргагүй юм ярьчихаад дараа нь юунаас болсноо мэдэхгүй цөхөрч, шөнөжин уйлж ч мэднэ. “Өнөө орой ажилтай, уулзаж чадахгүй, яагаад гэвэл нэг хүн ирж юм ярих ёстой” гэж хэлэхдээ тэр хүнээ эгчийнх нь нөхөр гэдгийг хэлэхээ мартсанаас цаадах нь гомдосон ч байж болох жишээтэй.
Иймэрхүү ааш зангаасаа болж хүйтэн, хатуу сэтгэлтэй нэр зүүж, хүнтэй суулгүй гэртээ өтөлж ч болох талтай. Гэсэн ч тийм болуузай хэмээн энэ ордын хүүхнүүд огт эмээхгүй. Учир нь тэд элдэв зүйлд сониучирхдаг бөгөөд ямар ч үед түүгээрээ сэтгэлээ баясгаж чадна. Хүн юу гэх бол гэж ер боддоггүй. Хүнтэй суухаасаа болгоомжилдог болохоор нь тэднийг дэврүүн зан, уян зөөлөн сэтгэл байхгүй хүмүүс гэж бодож магадгүй. Огт тийм биш гэдэгт итгээрэй.
Тэд чинь уянгын кино үзээд учиргүй уйлж, яруу найраг уншаад магнай нь тэнийтэл баярлаж, тэр ч бүү хэл танаас авсан захиа, бэлэглэсэн, хатаж хорчийсон цэцгийн баглаа, эсвэл анх хамт үзсэн үзвэрийн тасалбарыг хадгалж явах л улс. Энэ ордынхон ихэнх нь урлагийн салбарт ажилладаг. Гэвч бархасбадь гаригийн хурц гэрэлд ядраад гэртээ суухаас ч буцахгүй улс.
Гэрийн эзэгтэйн хувьд тийм ч магтмаар биш. Гэхдээ заримдаа уйдаж залхдаг ч гэр дотроо хүлээсэн үүрэг, хариуцлагаа чанд биелүүлдэг. Тэдэнд бага ч гэсэн салхинд гарч, аялж зугаалах боломж олгож байх хэрэгтэй.
Бархасбадид төөрөгтэй эмэгтэй танд хүүхэд байхаасаа дурласан дараа нь өөр нэг хүнтэй андуурч явсан, тэгээд дараа нь өөртэй чинь тааралдмагц таньж, зүрх сэтгэлээ өгсөнөө хэзээ ч хэлэхгүй.
Хүүхдүүдийнхээ дотнын, хайртай эгч нь юм шиг аяглана. Заримдаа гэртээ цирк тоглох шахаж, хөгжөөн шуугианд идэвхтэй оролцоно. Хүүхдүүд нь эхийгээ ухаангүй хайрлаж, сайхан төгсгөлтэй үлгэр нь амар сайхандаа жаргахаас нааш унтаж өгөхгүй.
10. МАТАР
Нийтлэг зан чанар:
Өрнө зүгт “ямааны эврийн орд” гэдгийг монгол зурхайд “Матарын орд” хэмээн нэрлэдэг. Энэ ордынхныг таньж мэдэхэд тун амаргүй. Шүлсээрээ тор нэхээд буланд нам гүмхэн сууж байгаа аалзыг хараарай. Yет хөлтөн дундаа хамгийн чадалгүй нь мөртлөө явж явж бусдыгаа торондоо орооцолдуулаад авдаг шүү дээ. Yлгэрт гардаг туулайтай уралдахаар шийдсэн яст мэлхийг бас санацгаая.
Туулай нь хар хурдаараа дэгдсэн ч яст мэлхий л түрүүлчихдэг шүү дээ. Анчнаас зугтаж уул хадаар дүүлж яваа янгир хурц туурайгаараа чулуу, унанги дархи “хумслан” давхисаар бас л бүгдийг мад тавьдаг. Нэг сонин онцлог нь яаж ч чилээрхэж, өвдсөн өндөр насалдаг. Заримдаа зуу ч хүрэх тохиолдол буй. Нас нь өвгөрөх тусам сэтгэл санаа нь улам залууждаг.
Хүүхэд насандаа өвчин тусамтгай боловч нас ахихын хэрээр биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арванхоёр, нэгдүгээр сард төрсөн хүмүүс тэсвэр хатуужилтай, цэвэр агаарт тогтмол байвал гайхамшгийг үзэх болно. Нар, бороог үл хайхран гадаа л цэнгэж явбаас зохилтой.
Хамгийн гол нь тэд аливаад итгэл алдардаггүй. Ингэх нь өөрт нь хортой, тэр ч байтугай аюултай. Ичимтгий хэдий ч нэр алдарт дуртай. Зожигдуу санагдах боловч сэтгэлийнхээ гүнд хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлж байхыг мөрөөдөж явдаг. Жил ирэх тутам залуужиж, бусад эрчүүдээс хожуу дурлаж, гол төлөв тушаал дэвшиж, амьдралын баталгаатай болсон хойноо гэрлэцгээдэг.
Хүнтэй сууж амьдрал зохиосон мөртлөө эцэг, эхтэйгээ хамт амьдарсан хэвээр байдаг. Тиймээс эл ордын хүнтэй амьдралаа холбохоор шийдсэн залуу бүсгүй юуны түрүүнд төрөл төрөгсдөд, ялангуяа ээжийнх нь сэтгэлд нийцэхийг хичээх хэрэгтэй. Харин гэрлэснийхээ дараа заавал өөрийн гэсэн байр сууцтай болж, шинэ төрөл төрөгсдөөсөө бага зэрэг хол байхыг бодсон нь дээр. Эс тэгвээс хол ойрын хамаатан садан, элдэв ах, эгч нар нь салахгүй гэж мэд.
Эрэгтэй бол…
Тэд ихэвчлэн нийгмийн дээд давхаргад хамрагддаг. Эхний үед гял цал буусан хүмүүсийн хүрээнд орох ямар ч найдлагагүй санагдаж болох ч эцсийн бүлэгт тэд хүссэндээ хүрсэн байдаг. Гадаад төрхийг нь тодорхойлж хэлэхэд амаргүй. Гартаа дүйтэй, жигд, тайвшруулсан хоолойнх нь өнгөөр гэм хоргүй, эелдэг хүн гэж бодогдохоор. Гэвч үүнд нь хууртах хэрэггүй.
Эл ордын эрчүүд дотроо чулуу шиг хатуу хүмүүс. Оргил өөд цуцалтгүй авирч мацна. Өөрөөсөө түрүүлж оргилд гарсан хүнийг гүнээ хүндэтгэж, бүх талаар тэднийг дууриахыг эрмэлзэнэ. Эрх мэдэл, амжилт, зан заншил, уламжлал, ёс зүйг хүндэтгэдэг бөгөөд зарим нь нэлээд дэврүүн сэтгэлтэй, сайхан шүлэг бичдэг хүмүүс байдаг. Хичнээн тансаг найруулгатай, яруу дүрслэл арвинтай байлаа ч шүлгийн үндэс нь оновчтой хэвээрээ л байдаг. Өвөг дээдэс, ахас, ихсээ их хүндэлдэг.
Энэ ордын эрчүүд мэдлэг боловсролтой, амьдралын ухаантай эмэгтэйчүүдтэй амьдралаа холбохыг хичээдэг. Сэтгэл санаагаа үгээр илэрхийлэх дургүй, чадахгүй байх нь олонтаа. Энэ тал дээр тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэд, амин зуулгаа залгуулаад, эхнэрээрээ ажил хийлгэхгүй, хүүхдүүддээ боловсрол олгож чадаж байвал л болоо шүү дээ, өөр юу хэрэгтэй юм бэ гэж бодно.
Хэрэв эхнэрийнх нь зүгээс “Хайртай, дуртай гэсэн халуун дулаан үг хэлэхгүй хүн юмаа” хэмээн гомдолловол “Надад хүү төрүүлж өгөхөд чинь чамд хайртайгаа хэлсэн биз дээ, тэр тэгээд багадна гэж үү?” гэж гайхсан байртай хэлэх вий. Иймд тэдэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө үнэнч чанарыг нь үнэлж, амьдралын хүнд хэцүү давалгаанаас хамгаалж байх бат цайз гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.
Ажил албан дээрээ тэд төрөлхийн дарга хүмүүс. Удирдлагад нь байгаа хүмүүсийн хувьд төрсөн эцэг нь л гэсэн үг. Учир нь тэд хатуу ширүүн мөртлөө шударга, хүн бүрээс үүрэг хариуцлагаа яв цав биелүүлэхийг л шаардана. Тушаал шийдвэр гаргахдаа ч дуугаа өндөрсгөх нь ховор. Хэн нэгний бүдүүлэг алдаа, ажлын эндэгдэлд хааяа хилэн нь бадарвал зандарч, хашгирч гардаг ч ихэнх тохиолдолд төлөв тайван ярина.
Гаднаас ирж уулзаж буй хүмүүс түүний албархуу, хөндий байдлаас эхэндээ цэрвэдэг. Гэвч ажилтан нь түүнийг ямар сайхан сэтгэлтэйг мэддэг учраас гаднын хүнд даргыгаа муулуулахгүй. Албан хаагч бол дээд зэргийн үнэнч шударга ажилтан байдаг. Амьдралынхаа зорилгыг эрт тодорхойлж аажуу боловч түүндээ хүрэхийн төлөө цөхрөлтгүй зүтгэдэг. Ажлаа цөөн солино.
Алдар нэр, бодит эрх мэдэл олж авахыг хичээнэ. Тэдний дотроос авьяаслаг эрдэм шинжилгээний ажилтан, инженер, архитектор, алт мөнгөний дархан, менежерүүд гардаг. Зарим нь чөлөөт цагаараа уран зураг, уран баримал сонирхоно. Жимс ногоо тарьж, сайн дурын уран сайханд явж, жүжигт тоглоно.
Хэрэв эмэгтэй бол…
Эмэгтэй матарууд эрчүүдтэйгээ адил аливаа зүйлийн оргилд хүрэхийг зорьдог. Тавьсан зорилгодоо хүрэхэд, жишээ нь, байр байдлаа бэхжүүлэх, эрх мэдэл олж авах, даргынхаа эхнэр болох гэх зэрэгт юу ч саад болж чадахгүй. Эрчүүдийн амьдралын гол зорилго нь хүндэтгэл, нэр хүнд, бат бэх байр суурь олж авахад байдаг бол эмэгтэйчүүд нь энэ бүгдийг нөхрөөрөө дамжуулж олж авдаг.
Хүүхнүүдийн сэтгэл санаа нь хурдан өөрчлөгдөж, сэтгэлээр унаж, гутарч, гуних нь амархан. Өөрийг нь дутуу үнэлж, эсвэл тоохгүй байгаа мэт санагдвал хэдэн долоо хоног, сараар ч сэтгэлээр унаж магадгүй. Иймд тэдний сонирхдог зүйлсийг нь үл тоомсорлон, шоолж, тохуурхаж тун болохгүй. Харин үе үе магтаж, сайшааж байвал сайн. Олонх нь сэтгэл татам, сайхан царай зүстэй байдаг. 80 насалчхаад ч толиотой сайхан харагдана. Эхнэр тань энэ ордынх бол та хадмуудаа үл тоомсорлож хэрхэвч болохгүй.
Тэд өөрийн эцэг, эхэд оюун санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг цорын ганц хүн байх нь цөөнгүй. Шаардлага гарвал, хөгшин эцэг, эхдээ туслахыг нөхрөөсөө ч шаардана. Тэд хүүхдүүддээ хатуу чанга боловч шударга ханддаг. Эдэлж хэрэглэх, идэх уух зүйлийг хамгийн чанартайгаас нь авч өгөх боловч арвич хямгач байхыг ямагт шаарддаг. Хүүхдүүдээ үнсэж үнгэж, эрхлүүлэх нь ховор ч тэдэндээ үнэнч, бусдаас их өмөөрнө.
11. ХУМХ
Нийтлэг зан чанар:
Бумбын ордод төрсөн хүний олонх нь зан сайтай, сайхан сэтгэлтэй байдаг хэдий ч Тэнгэрийн ван гаригт захирагддаг тул олон нийтийн саналаас зөрсөн зүйл хийж, ер бусын ааш аяг гаргах нь бий. Yүндээ огтхон ч эмзэглэдэггүй. Тэд этгээд сонин хувцас өмсөх нь элбэг. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд захирагдах дургүйгээ илтэд харуулахыг хүсдэг.
Эрх чөлөөг эрхэмлэдэг, хурц ухаан, өвөрмөц сэтгэхүйтэй, биеэ даасан хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч аймхай, эелдэг, найрсаг, дипломатч зантай, өр нимгэн сэтгэлтэй. “Нөхөр”, “нөхөд” гэдэг үгийг онцлон хэрэглэх дуртай. Тэд үнэхээр найз, нөхөд олонтой, хүнтэй танилцахдаа ч амархан. Их сургуулийн захирал, хавь ойрынхоо архичид, бага ангийн годгор охинтой ч хээв нэг найзлаад явж харагдана.
Yерхэж найзалж байсан нөхдөө зовсон үед нь хэзээ ч орхихгүй. Сэтгэлтэй явсан хүүхэндээ, салсан эхнэртээ: “Хоёулаа найз хэвээрээ л үлдэе дээ, тэгэх үү? гэж хэлж чадна. Энэ ордод төрсөн хүн улс төрийн бодлого, морь мал, машин техник, ер нь юу ч сонирхож мэднэ. Тэнгэрийн ван гаригаас заяатай төрсөн болохоороо аливаа зүйлтэй арцалдах хандлагатай.
Дэлхий ертөнцөд эрс тэс хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэйг зөн совингоороо мэдэрч байдаг. Гэвч хэрэг явдал улс төрийн бодлого болоод ирэхийн үед болгоомжтой хандаж эхэлнэ. Халз тулалдах нь тэдний хувьд айдас төрүүлнэ.
Бумбын ордынхны одоо бодож байгаа зүйлд хүн төрөлхтөн тавин жилийн дараа л хүрч очно гэж зурхайн ухаан сургадаг. Тэдний олонх нь үнэхээр суут хүмүүс байдаг ч суу билиг нь бодлогогүй явдалтай зэрэгцэх нь олон. Тэд хоорондох заагийг тогтоож чаддаггүй. Бумбын ордынхон сэтгэл нь хямарсан, уур уцаартай хүн, айж цочсон хүүхдийг тайвшруулахдаа онцгой авьяастай. Байнгын хөдөлгөөнтэй байж, эрүүл агаарт явж, унтаж амрах ёстой атал тэгэхгүй, цонхоо ч онгойлгохгүй, суусан газраа шигдээд л байна. Сэтгэлийн хөдөлгөөн, сэрэл мэдрэмж ихтэй болохоор нойронд муу.
Ой сайтай улс биш, мартах санах нь амархан. Харин аливааг зөгнөж мэдрэхдээ сайн. Ирээдүйд болох үйл явдал, бас хүний бодол санааг ид шидийн мэт тааж мэдэх чадвартай. Тэд онцгой үнэнч хүмүүс. Мөнгө зээлж, бас зээлдүүлэх дургүй.
Хэрэв эрэгтэй бол…
Бүсгүй хүнтэй удаан хугацаанд “сайн нөхөд” явна. Харин өнгөндөө түүнд дургүй янз үзүүлээд эхэлбэл бүсгүйд сэтгэл татагджээ гэж ойлгож болно. Харин үүнийгээ тас нууж явсаар хэзээ хойно бүсгүйд үнэхээр сэтгэлтэй болжээ гэдгээ мэдсэн хойноо л эелдэг наалинхай загнаж, анхаарал халамж тавьж, хайр сэтгэлээ илчилнэ. Уг ордод төрсөн эр хүнд сэтгэл татагдсан эмэгтэй юуны өмнө түүний сонирхлыг татах хэрэгтэй.
Учир нь тэд аливаа зүйлийн нууцыг тайлснаар сэтгэл нь ханаж явдаг хүмүүс. Энэ бүсгүй чухам яагаад ингэв…? Ингэхгүй байж болох байсан шүү дээ. Энэ бүсгүй ёс зүйн зарчим баримталдаг хүн үү, үгүй юу? хэмээн эрэгцүүлсээр нойргүй хонох нь энүүхэнд. Тэд гэрлэхийг аль болох хойш тавьж, хэдэн жил ч ганцаар явж магадгүй. Харин нэгэн сайхан өдөр найз нөхөд нь бүгд эхнэр авч, харин өөрөө л гэр бүлгүй байгаагаа мэдмэгц нэрээ хичээж, сэтгэлтэй хүнтэйгээ суухыг хүснэ.
Гэрлэснийхээ дараа ч үерхэж байсан найз нөхдөөсөө холбоо таслахгүй, эрх чөлөөг эрхэмлэнэ. Орой болтол хүлээж, ирэхэд нь хардсан дүр үзүүлэх нь утгагүй. Учир нь бумбын ордын эрчүүд үнэнч сэтгэлтэй хүмүүс. Харин хардаж сэрдэж буруутгавал хариуд нь санаанаасаа зохиогоод юу ч ярьж чадна. Заримдаа ганцаараа байж мөрөөдөх дуртай. Энэ үед нь үймүүлэх хэрэггүй. Yймүүлбэл уцаарлах нь бий. Учир нь ингэж суух үедээ ихэвчлэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө ямар нэгэн том зүйл сэдэж байдаг.
Хэрэв удирдах ажилтан бол: Удирдах ажилтан байх нь ховор, дийлэнх нь шийдвэр гаргаж, тушаал буулгаж, залхуутай асуудал хэлэлцсэн урт хуралд суух дургүй. Урьдчилан хэлэхийн аргагүй ааш авиртай болохоор зарим нь гайхалтай сайн дарга болдог. Алмай, мартамхай, ичимхий, увайгүй аль нь ч байлаа гэсэн сийрэг ухаантай. Дээр нь нарийн мэдрэмж, баримт сэлтийг шинжилж дүгнэх чадвар, хамгийн чухал түншээс эхлээд цэвэрлэгчтэй хүртэл найзархдаг, ирээдүйгээ урьдчилан хардаг авьяас нэмэгдэнэ.
Ингэхлээр ер бусын удирдах ажилтны тухай ялимгүй ч гэсэн төсөөлөлтэй болж байгаа биз. Ийм даргаас санаанд оромгүй зүйл их гарна. Туслахынхаа нэрийг мартчихаад “Хэнээ, хэнээ…” гэж дуудана. Шагнал урамшуулал, цалин нэмэхдээ тийм ч өгөөмөр бус. Хүн бүр авах ёстойгоо л авч байна гэж боддог. Харин ажилтнуудаас нь хэн нэг нь үнэхээр хариуцлагагүй явдал гаргавал түүнд нь яг тохирсон үнэлгээ өгчихнө.
Ажилтнуудынхаа хувийн амьдрал, сонирхол, улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэгийг огт сонирхохгүй. Хэн нэг нь эрүүлжүүлэхэд орсон, хоёр эхнэртэй ч бай тоохгүй. Харин хуурамч занг ерөөс тэвчихгүй. Хувийнхаа захианд албаны марк хэрэглэж байхыг чинь мэдлээ л бол тушаал дэвших тань өнгөрлөө л гэсэн үг.
Хэдий тийм боловч дээрээс даргыг чинь “сайн удирдагч” гэж магтахад ажилтнууд нь өөрийн эрхгүй “бумбатан” даргаараа бахархах сэтгэл төрнө.
Хэрэв эмэгтэй бол…
Сайхан хүүхнүүд. Найз нөхөдтэйгөө хөгжилдөх, дуу хөгжим, уран зураг, утга зохиол, театр гэх зэрэг олон зүйл сонирхдог. Тэр бүгдийг нь боож хаахгүй л бол тэдэнтэй харилцахад тун эвтэйхэн байдаг. Ер нь таасан юм нь өнөө биш ч ирээдүйд биелж байх жишээтэй гайхамшигтай увидастай хүмүүс. Бумбатан эрчүүдийн адил гэрлэхийг төдий л яарахгүй. Шилж, сонгож авсан хүнээ нэлээд сайн судалж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст гэрлэх шийдвэр гаргадаг.
Энэ ордын хүүхнүүд улстөрч, эрдэм шинжилгээний ажилтан, багш хүний эхнэр байвал тохирдог. Ямар ч хүмүүсийн дунд дорхноо дасаж ухаалаг, зочломтгой эзэгтэйн үүрэг гүйцэтгэж чадна. Хардах сэрдэх зангүй, уруулын будагийн ул мөр хайх, нөхрийнхөө өвөр түрийг уудалж хайр дурлалын захиа эрэхгүй.
Нэг, хоёрдугаар сард төрсөн бүсгүйчүүд хүүхэдтэй болсон эхний үед нэлээд тэвддэг. Гэвч аажимдаа дасаж, хүү/охиндоо хайртай болдог хэдий ч бага зэрэг хөндий байдал ажиглагддаг. Тэгсэн хэдий ч хүүхдийнхээ элдэв ааш гаргаж, буруу хэрэг үйлдэхэд нь тэвчээртэй хандана. Харин тэднээс чин шударга байхыг шаардана. Гэр орны үүрэгт ажлаа заавал хийх гэж шаардахгүй. Хоолныхоо өмнө гараа угаасан эсэх, хичээл дээрээ юу үзсэн гээд олон зүйл шалгааж залхаахгүй. Yр хүүхдэдээ хэчнээн хайртайгаа ил үзүүлэхийг хүсдэггүй зантай.
12. ЗАГАС
Нийтлэг зан чанар:
Загасны ордынхонд бусад бүх ордынхны шинж чанар их бага хэмжээгээр байдаг. Тэдний ааш зан ойлгомжгүй, зөрчилтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэсэн ч өөрийн онцлогтой. Жишээ нь, алдар нэр, эд баялагт шунадаггүй. Урсгал сөрөхөөсөө илүү “урсгал дагаж” хөвдөг.
Загасны ордод төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, мөрөөдөмтгий, хэнэггүй зантай. Тэдэнд нийгэмийн, улс төрийн асуудал, байгаль орчны бохирдолт зэрэг асуудлууд нэг их нөлөөлөхгүй. Хэр баргийн зүйлд бухимдахгүй. Гэхдээ энэ нь огт сэтгэлийн хөдөлгөөнгүй гэсэн үг биш. Загаснууд ихэвчлэн жүжигчин зантай.
Математик, техник сонирхдог хүмүүс байдаг ч олонх нь урлагийн салбар, үгүйдээ л түүний ойролцоо мэргэжилтэй байх нь олон. Театрын гэрэл тохируулагч, хувцас, хөгжимчин, ном, зурагт хуудас чимэглэгч, дууны багш гэх мэт. Тэд нэлээд зүдэргээтэй давтлагаас нь эс залхваас эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч нэр цуутай жүжигчид болцгооно. Дүрслэн бодох чадавр сайтай, шог хошин зантай, гоо сайхны мэдрэх мэдрэмжтэй болохоор ер бусын авьяастай яруу найрагч, хүүрнэл зохиолч болох нь олонтаа. Харин тэднийг хурцхан шүүмжилвэл тэр авьяасыг өлгийдөө байхад нь хөнөөж мэднэ. Хоёр, гуравдугаар сард мэндэлсэн хүмүүс гайхалтай сайн багш, сурган хүмүүжүүлэгч болдог.
Хүнийг өрөвдөх нинжин сэтгэлтэй тул сайн сувилагч, эм найруулагч байх нь бий. Банкинд кассчин, пүүсийн эзэн байх нь харин тун ховор. Учир нь тэд нэг газар удаан байх дургүй. Гадаад байдлаараа бусдаас ялгарах нэг зүйл нь сайхан бөгөөд нэлээд давхраатай нүд юм. “Загас”-ууд өндөр нуруутай байх нь ховор. Хөвж яваа адил намс намс алхалдаг. Ойр хавьдаа шингэн зүйл байгааг мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Мөстэй хийжүүлсэн ус, кофе, аагтайхан цайг үлдээнэ гэж байхгүй. “Загас”-ны ордынхонд согтууруулах ундаанаас холхон явах ухаан хүрэлцэхүйц байдаг. Гэсэн хэдий ч зарим нь биеэ барьж чадахгүй элдэв зовлонгоос ангижрах, тайвширлыг дарснаас олж авахыг хичээдэг. Гоё өнгийн ертөнцийг шинээр харж, аль нэг нь хүссэнээр нь болж өгөхгүй бол амьдралд эзлэх байр суурийнхаа төлөө тэмцэхийн оронд хий үзэгдлээр сэтгэлээ хуурцгаадаг.
Тэдний бэлгэдэл нь өөр өөр чигт буюу нэг нь өөдөө нөгөө нь уруугаа сэлж яваа хоёр загасны дүрс байдгийг анзаарсан байх. Энэ бэлгэдэл санамсаргүй юм биш. Өөдөө сэлж яваа нь амжилт олж, хүн төрөлхтөнийг ачилж, ивээж ч чадна. Харин сэтгэлийн тэнхээ нь хүрэхгүй урсгал даган уруугаа хөвж яваа нь зоогийн газарт сав угаагч, эсвэл гудамжны цас цэвэрлэгч болж таарна.
Хачин зүүд зүүдэлж, тэр нь биелэх хандлагатай. Зөгнөж бодсон зүйлс нь бүтдэг. “Загас” таныг өнөөдөр онгоц, эсвэл машинаар явж хэрэггүй гэж хэлсэн бол та явган явсан нь л дээр. “Загас”-ууд өөрсдийгөө мөнхрөнө гэж итгэдэг улс. Тийм ч учраас биеэ хайхардаггүй байж магад. Чухамдаа бол тийм ч чийрэг улс биш байдаг.
Хэрэв эрэгтэй бол…
Хамт амьдрахад бүсгүйчүүд гойд аз жаргалтай ч байж мэднэ. Эсвэл эсрэгээрээ тун ч зовлонтой байж мэднэ. Давалгааныг хаязгаарлаж чадах уу, эсвэл чадахгүй хайрагдах уу гэдгээс хамаарна. “Загас”-ны ордын олон эр хоосон мөрөөдлөөсөө салж чадахгүй ч эхнэр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхүйц цалин хөлс авч, хувийн амьдралаа бүрэн дүүрэн аз жаргалтай байлгахыг хичээдэг. Амин зуулга нь дөнгөн данган залгаж байвч сайхан юм бодоод явж байдаг дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөгчид ч их байдаг. Ийм мөрөөдөгчтэй ханилж суухаар шийдсэн бүсгүйд зөвлөхөд, эсвэл хоёр хүний ажил хийхэд бэлэн байх хэрэгтэй, эсвэл шууд болих хэрэгтэй. Болих амаргүй л дээ. Гэвч хоосон мөрөөдөлтэй сууж болохгүй шүү дээ. “Загас”-ууд тэвчээртэй хүмүүс. Түүнд нь ч болдог уу, найз нөхөд нь нандин нууцаа тэдэнд итгэж ярьдаг. Зүдэрч яваа хүмүүсийг их өрөвддөг.
Заримдаа эрчүүд нь ааш аяг нь хөдөлж бүх юмыг сүүдэртэй талаас нь харах нь бий. Ийм үед нөхөртөө хайртай, ухаантай эхнэр гэрийнхээ хамаг ажлыг орхиод, гоё хувцсаа өмсөж, нөхрөө дагуулан хөгжилтэй үзвэр үзүүлбэл нэг л мэдэхэд уйтгар гуниг нь оргүй алга болсон байна. Радио, телевиз, чимэглэлийн газарт бол “загас”-ууд хэнээр ч орлуулашгүй сайн ажилтнууд, сайн зохион байгуулагчид, бас удирдах ажилтнууд байдаг.
Бүтээлч сэтгэхгүйгээ амьдралд хэрэгжүүлж, цог хийморьтой ажиллана. “Загас”-ууд театр, киноны найруулагч, дуу бүжгийн чуулгын удирдаач байвал авьяастай. Хүний сэтгэл зүйн нууцад нэвтрэн орж, нарийн зангилааг нь тайлж чаддагийн хувьд эрэн суралжлах албыг амжилттай гүйцэтгэж чадна. Сонин сэтгүүл, хэвлэлийн газрын редактор бол ажлыг ч гялалзуулаад өгнө.
Удирдах ажилтан “Загас” захирагчдагч хүмүүсээ зэмлэх донгодох нь ховор. Сонирхолтой бүтээлч санааг нь хүлээж авахад хэзээд бэлэн байдаг. Гэвч хатуу дэг журам, сахилга баттай, жирийн, ажилсаг хүмүүст илүү дуртай. Ийм хүмүүст илүү их найдаж, итгэл хүлээлгэх нь бий.
Албан хаагч “загас” хэрхэн ажиллах нь ямар “усан санд” орсоноос шалтгаална. Авьяас чадвараа ажил болгож болохуйц, мөн бусдын зовлонг хуваалцаж болж байвал бүх зүйл болох нь тэр. Ажилдаа сэтгэл дүүрэн биш бол сүүлээр ганцхан шарваад л хөвөөд явчихна. Албан тушаалдаа тэнцэхгүйгээсээ халагдахыг хүлээж суух улс биш.
Хэрэв эмэгтэй бол…
“Загас”-ын ордын бүсгүйчүүд эрчүүдийн сэтгэлийг булаамтгай хүүхнүүдийн тоонд багтана. Тэдэнд дутагдалтай тал бий. Гэвч эмэгтэй хүний намба төрх, нөхрөөсөө буюу дурласан хүнээсээ аль нэг зүйлээр давж гарах, тушааж захирах гэж оролдохгүй сайн талтай. Эр хүн тэдэнд зоогийн газарт сандал дөхүүлж өгөөд хувцасыг нь өлгүүлчихээд, өөрийнхөө тухай яриад байхад анхааралтай сонсоод толгой дохиод л сууна.
Ийм хүүхнүүд эр хүний нөмөр бараадах дуртай. Эр хүн түүнийг халамжилж, амьдралын шуурганаас хамгаалж чадаж байвал өөр зүйл хэрэггүй. Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 21-ний хооронд төрсөн бүсгүйчүүдийн сэтгэл санааны байдал хаврын салхи мэт хурдан хувирамтгай гэгддэг. Дэндүү уян сэтгэлтэй, ялимгүй гомдоовол нүдний нь нулимс горхилон урсана. Аймтгай зангаа даван туулах нь тэдэнд хамгийн хэцүү даваа. Yүнийгээ далдалхын тулд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч бүсгүйн дүр үзүүлж явдаг боловч хариугүй, зөөлөн сэтгэл нь сэвтэхдээ амархан.
“Загас” зүүн баруун хоёр тал руу сэлж чаддаг болохоороо орчин тойрны нь нөхцөл ямар ч түвэгтэй байсан амархан дасдаг. “Загас”-ууд хүүхдүүддээ ухаангүй хайртай. Хүүхдүүд нь ч ээждээ хайртай байдаг. “Загас”-ын ордод төрсөн аавууд хүүхдэдээ хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийхээс бусад бүх зүйлийг зөвшөөрнө. Гэхдээ тэднийхээ бодол санааг сонсохдоо хэзээд бэлэн байна. Бусдад сайхан сэтгэлээр ханддаг.
Мөн амьтан, шувууг хайрладаг эдгээр аавууд хүүхдүүдээ амьдралын бэрхшээлтэй тэмцэж чаддаг, төлөв түвшин хүмүүс болгон хүмүүжүүлдэг.
Энэ ордын ээжүүд хүүхдүүддээ хамаг зүрх сэтгэлээ зориулж, тэдний төлөө өөрийгөө ч умартдаг. Ийм эхчүүд ядуу доройхон шиг хүүхдээ бусад эрүүл чийрэг хүүхдээсээ ч илүү хайрлана. Тэд хүүхдүүддээ хатуухан хандах талаар тутагдалтай. Энэ нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд саад болдог ч аав нь мөн загасны ордынх биш л бол санаа зоволтгүй.