АНУ-ын сонгуульд Сара Макбрайд гэх трансжендер эмэгтэй Делавар муж улсад ялж, тус улсын анхны трансжендер сенатч болж байна.
Тэрбээр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Стив Вашингтоныг ялсан бөгөөд сонгуульд дахин нэр дэвшихгүй байхаар шийдсэн Ардчилсан намын гишүүн Харрис МакДовеллын оронд Сенатад суух юм.
Өдгөө 30 настай Макбрайд урьд нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх “Human Rights Campaign” байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. Тэрбээр бас Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед Цагаан ордонд дадлага хийж байжээ. Одоо тэрбээр тус улсын хамгийн өндөр албан тушаал хашдаг трансжендер болох юм.
Үүний зэрэгцээ 26 настай Тейлор Смолл Төлөөлөгчдийн танхимд Вермонт муж улсыг төлөөлөн суух анхны трансжендер хууль тогтоогч болно. Мөн Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүн, 32 настай Ричи Торрес АНУ-ын Конгресст сонгогдсон анхны өнгөт арьст ижил хүйстэн болно. Торрес бол Цагаан ордны төлөөх өрсөлдөөнөөс гарсан социалист Берни Сандерсын кампанит ажилд оролцож байсан ардчилсан үзэлтэн юм.
Хойд Каролина муж улсад Бүгд найрамдах намын гишүүн болох 25 настай Мэдисон Коутон өчигдөр шөнө Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр АНУ-ын хууль тогтоох байгууллагын түүхэн дэх хамгийн залуу конгрессын гишүүн болсон байна.
Жоржиа муж улсад Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Америкийн хэвлэлүүдэд “QAnon”-ийн хуйвалдааны онолыг нээлттэй дэмжигч АНУ-ын анхны хууль тогтоогч" гэж нэрлэдэг 46 настай Маржори Тейлор Грин илт давуу ялжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа, “QAnon”-ийн түүх бол өнгөрсөнд үлдсэн үйл явдал гэж мэдэгдээд харин одоо тэрбээр баруун хойд Жоржиа муж улсыг Конгресст төлөөлөх анхны эмэгтэй болсон нь хамгийн чухал хэмээн онцолсон байна.
Түүнчлэн сансрын нисэгч Марк Келли Аризона муж улсын Сенатын сонгуульд ялжээ. Гэхдээ тэрбээр Сенатад сонгогдсон анхны сансрын нисэгч болохгүй. Энэ цолыг 1974-1999 онд тус муж улсыг Сенатад төлөөлж байсан Охайогийн сенатч асан Жон Гленд эзэмшдэг аж.
Зарим түүхэн шийдвэрүүд
Сонгуулийн өдөр зарим муж улсын сонгогчид муж улс эсвэл хотын түвшинд дэвшүүлсэн бусад хэд хэдэн хууль, санаачилгын талаар шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: BBC