"Ковидын үед ганцхан л хүн улс төр хийнэ. Тэр нь ерөнхий сайд би" гэж Л.Оюун-Эрдэнэ наадмын дараа онцолсон. Тэгвэл түүнд улс төр хийхээ багасга гэж эдийн засагч Н.Энхбаяр шулуухан хариу барилаа. Хий хоосон улс төржвөл, эдийн засгаа татан унагана гэдгийг түүнд тоо баримтанд тулгуурлан санууллаа.
Зэсийн үнэ 9200 руу уруудлаа. Гашуунсухайт хаагдаад сар гаруй болж байна. Энгийн тооцоогоор нэг сарын нүүрсний экспорт буюу нэг тэрбум ам.долларыг алдсан.
Валютын нөөц хомсдож эхэлж байна. Ингэж нэг талд нь орлого буурч байхад, нөгөө талд нь шатахууны үнэ өссөн нь хортой нөлөөтэй. Энэ бол валютын гадагшлах урсгал дахиад нэмэгдэхийн дохио. Тодруулж хэлбэл, үлдсэн зургаан сард авах импортын шатахуундаа бид илүү мөнгө төлнө.
“Валютын нөөц сайн байгаа” гэдэг Монгол банкны мэдэгдэл үнэн ч, үлдэж буй зургаан сард тэр нөөц багасах нь тодорхой. Үүнээс гадна дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт валютын ханшид сөргөөр нөлөөлөх болно. Энэ цаг үед улстөржилтөө л болих хэрэгтэй. Юуны өмнө, төсвийн зарлагын өсөлтөө хянах шаардлагатай. Хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд буюу, бүтэн нэг жилийн төсвөө алдсан байгаа. Шуудхан хэлэхэд, 2022 он бол хэт өөдрөг юм ярих боломжгүй жил. Бүтээн байгуулалтуудаа танахаас аргагүй. Мөн уул уурхай ойрын жилүүдийн найдлага гэдгээ мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах бүх л арга шийдлийг хайх ёстой. Товчхондоо ирэх жилүүдэд уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт хоёроос өөр аврал байхгүй гэж эдийн засагч Н.Энхбаяр ярилцлага өгөхдөө Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг бүрэн дүрсэллээ.
Ургуулж үзвэл, "ЭДИЙН ЗАСГИЙГ БҮҮ УЛС ТӨРЖҮҮЛ" гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анхаарууллаа гэж ойлгож болох нь. Бүтэн хоёр жилийг дамнан сунжирсан Оюутолгой компанитай нэг ширээний хоёр талд суух гэрээ хэлцлээ хий хоосон улс төржилгүйгээр цэгцэл гэж Монголын Засгийн газар, тэр дундаа ерөнхий сайд Оюун-Эрдэнэд санууллаа. Түүнийг улс төр хийдэг гишүүн биш, эдийн засаг удирддаг ерөнхий сайд болсныг ухааруулах өнгөөр зөвлөсөн байна.
Ц.ЭНХБАТ