УЛС ТӨРИЙН ТОЛХИЛЦОЛ ӨЛСГӨЛӨНДӨӨ ХҮРЛЭЭ

2016-05-26  

МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 гишүүн нь маргаашнаас эхлэн Төрийн ордны урд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Энэхүү өлсгөлөнд Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ болон бусад гишүүд оролцох юм байна. МАХН-ын зүгээс ард түмний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна гэж үзсэнээс улс төрийн тэмцэл хийхээр шийдсэн гэв.

Тэд “Бид эмнэлэгт очиж, эрүүл мэндийн тодорхойлолтуудаа авна. Намын дарга Н.Энхбаярыг бид эрүүл мэндийн шалтгааны улмаас өлсгөлөн зарлахыг хориглосон боловч зөвшөөрөөгүй. Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслээс нэр дэвшигчид энэ сарын 30-ны өдөр нэр дэвшигчдийн нэрээ тодорхой болгож, батламжаа гардаж авна. Бид энэ хугацаа хүртэл улс төрийн тэмцлээ хийнэ. Энэ өдөр ямар шийдвэр гарахаас шалтгаалж, цаашид жагсах үгүйгээ шийднэ” гэж мэдэгдлээ.

Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Мөн Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ хасуулсан.

Энэ талаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Хоёр өдрийн турш МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга миний бие цагдаагийн байгууллагаар явж ялгүй гэх тодорхойлолтыг авахаар хандсан юм. Гэтэл цагдаагийн байгууллагаас энэ тодорхойлолтыг гаргаж өгсөнгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос Н.Энхбаяр даргыг ялгүй гэх дүгнэлт гаргаж өгсөн. Үүнийг үзүүлсэн боловч хүлээж авсангүй. МАХН-ыг улс төрөөс шахаж, сонгуульд оролцуулахгүй гэж байгаа байдлыг би хоёр өдөр өөрийн биеэр явж мэдэрлээ. Ингэж хүний эрх, ард түмний сонгох, сонгогдох эрхийн эсрэг ажиллаж байгаа учраас бид өнөөдрөөс эхлэн улс төрийн тэмцэл хийхээр шийдсэн.Манай намын Архангай, Өвөрхангай, Дорнодод нэр дэвшигчдийг аймгуудынх нь Сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзаж хандсан. Тэд шүүхдээд шүүхийн шийдвэр эерэг гарсан хэдий ч хүлээж аваагүй” гэлээ.

Мөн хэвлэлийн хурлын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН-ыг улс төрөөс шахах гэж ядаж байна. Манай намын байранд тагнах, чагнах төхөөрөмж байрлуулж хэн орж гарч байгааг хянах болсон. Нэр дэвшигчдийг маань хүртэл зохиомол хэрэг үүсгэж, сонгогчдыг нь турхируулж байна. Тиймээс бид улс төрийн тэмцэл хийж байна. Энэ сонгуульд МАН, АН ялсан ч бай, бид үхэх сэхэхээ үзэх болно" хэмээв.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?