З.ЭНХБОЛДЫГ ОДОО Л ХАРЪЯ

2016-05-27  

Бээлийтэй муур хулгана барьж чаддаггүй гэж юутай үнэн. "Алтангадас"-ыг гудас болгон байж Н.Алтанхуягаас бүгдийг нь булаасан З.Энхболдын хэлсэн үгнүүдийн ганц нь ч биелсэнгүй.

УИХ-ын дарга нь Засгийн газрынхаа тэргүүний өмнө гарчихсан таван хувийн зээл ярьж байхыг бид бишгүйдээ л харсан. Монголбанкны ерөнхийлөгчийг Тамгын газрынхаа ажилтан мэт дэргэдээ суулгаж, хэвлэлийнхнийг цуглуулж самбар дээр тоо бодож, багш шиг аягласан нь саяхны явдал. Орон сууцны зээлийг таван хувь руу шилжүүлнэ гэсэн түүний үгэнд нийтээрээ итгэсэн. Гэвч тойрог зурдаг шигээ иргэдийг ялгаварлаж, координатыг зөвхөн "өөрийгөө" тойруулж зурсан гэхэд хилсдэхгүй. Арай л Чингисийн удам угсаа, үр садаар нь ялгана гээгүй.

Намынхнаа зангидаж чадахгүй байгаа түүнд юун нийтийн эрх ашиг. АН-ын дарга болж, тамгаа гардмагцаа "Фракцгүй нам болно" хэмээн тунхаглан зарласан. Муур багшийн үгэнд хулганууд ч итгэсэн. Гэвч сөөм сөөмөөр эрх мэдлээ ахиулж, шат шатанд нь дарангуйллаа тогтоосноос хэтрээгүй. Тэр ч бүү хэл, сөрсөн заримыг нь "барьж идсэн" явдлын талаар Н.Алтанхуягийн амнаас цухалздаг л юм. Үг, үйлдэл зөрчилдөхийг бататгаж яваа тэрбээр харин ч алхам бүртээ фракцийнхаа эрх ашгийг хангаж, тэдэнд албан ёсны батламж хүртэл гардуулах шахсан юм даг. Орон нутгийн мандатыг Чингис, Мандухайгаар нь ялгасан бол хотын тойргуудын хуваарилалтыг фракцийн эрх ашигт нийцүүлэв. Тухайлбал, Баянгол дүүргийг "Шонхор"-т, Чингэлтэй дүүргийг МоАХ, Сүхбаатар дүүргийг Нэг ардчилал, Сонгинохайрхан дүүргийг "Алтангадас"-т гэж "хаяглав". Зарим нь шог хуваарилалт гэж байгаа ч фракцийн эрх ашиг үргэлж тэргүүнд тавигдаж ирсэн эл намын удирдлагуудад тэр тийм ч сонин биш. Тэр дундаа Зи-д. Ингэж түүний тунхаг биелшгүй мөрөөдөл болж хоцорсон.

Хэлсэндээ хүрэх сүүлчийн боломж нь өнөөдөр. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АН-аас оффшортой нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж З.Энхболд хоёр ч удаа мэдэгдсэн. Ямартаа л Р.Амаржаргал "Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ" гэдэгтэй адил хэдэн тойргоос болж хүн алах нь ээ. Ойрдоо түгжлүүдийн тоо эрс нэмэгдэх нь" хэмээн цахим ертөнцөд байр сууриа илэрхийлсэн. Намын даргын үг үнэн бол оффшортой нэр холбогдсон С.Баярцогт, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Зоригт нар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй. Намынх нь томоохон санхүүжүүлэгчид, дээрээс нь өнөөх фракцийн эрх ашгийн тэргүүнд эрэмбэлэгддэг нөхдүүдийн замыг Зи хааж дөнгөх болов уу. АН З.Энхболдын гарт орж, түүний харц, хөдөлгөөнөөр хөдөлдөг болсон тухай цөөнгүй гишүүн нь хэлдэг. Гэхдээ тэд зөвхөн "Шонхор"-ынхон байдаг нь эмгэнэлтэй. Харин бусад фракцийнхан нь муур багшийн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг "илжиг" стильтэй эрхмүүд.

Уг нь Зи-гийн санаа нь шавар шалбаагтай хутгалдсан намын нэрээ оффшороор далимдуулан цэвэрлэж, нэг нутгийн ганц С.Баярцогтоороо туг тахиж, бас ч үгүй өрсөлдөгчөө намнах хэтийн зорилготой байв. Гэвч муу зохиол ашиггүйгээр үл барам харин ч хортой гэдгийг баталсан. Ёстой л түүгээр явсан гайг өөр дээрээ далласан. Нэг дайсан ихдэнэ, мянган найз багадана гэгчээр Дархан-Уул аймгийн АН-ын эсэргүүцэгчид дээр нэмээд Сэлэнгийнхнийг өөрийнхөө эсрэг босгочихов. Цаашлаад Өмнөговийн, Баянхонгорынхны нэрээр фракцийнхны хөдөлгөөн идэвхжинэ. Үг гэдэг хамгийн аюултай зэвсэг. Бас шонхор хэзээ ч ялаа барьдаггүй гэдгийг Зи түр зуур мартсаны хар гай. Ямартай ч сонгуулийн өмнө ядаж хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэнэм. Тэгж байж орон сууцны зээлийг  бус намынхаа нэр хүндийг таван хувьд хүргэсэн Зи рейтингээ жаахан ч гэсэн өсгөх буй за. Аль эсвэл фракцгүй нам болно гэж бардамнаж байсан шигээ шалдан гуяа тэврээд нөгөөдүүлдээ цэцэг бариад зогсох уу.

 

 

 

С. НЭМЭХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?