ХУШИН ОЙН ТУХАЙ

2021-11-10  

“Тэрбум мод” үндэсний чуулганы салбар хуралдааны үеэр оролцогчдын анхаарлыг хөндсөн нэг асуудал бол хуш мод байлаа. Манай орны хуш модны нөөц нь ойн нийт талбайн 1.8 хувь буюу 683.9 мян.га талбайг эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Сибирийн хуш /Pinus sibirica/ нь ОХУын алс дорнодын хэсэг Якут, Буриадын нутагт манайд бол Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Хуш мод нөөцийн хэмжээгээрээ дэлхийд байх нөөцтэй гэсэнангилалд ордог ба Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд багтдаг. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн нийт хуш модон ойн 40 хувь доройтолд ороод байгаа. Хэнтийн нурууны өвөр талаас Туул, Хэрлэн, Онон, Ерөө голууд, араас нь Минж, Захар, Шороот голууд олон мянган жилийн турш тасралтгүй урсаж хүн, мал, амьтан, амьтай бүгдийг ундаалж  иржээ.  Дуусч дундардаггүй  энэ их голуудын  энэ их ус хаанаас гараад байгааг хүмүүс мэддэггүй. Ой модны ширэлдсэн их үндэс, битүү бүрхсэн ургамал, тэнгэрээс унах хур тундсыг шингээж, нарны  дулаан илчийг газрын хөрс  рүү нэвтрүүлэхгүй барьснаар ургамлын нөмрөгийн дор  их хүйтэн  орчин бий болсон байдгийг цэвдэг гэнэ. Сүүлийн 30 жилд ундрах булаг,урсах гол горхины тоо цөөрч байгаа талаар их яригдах боллоо. Тэнгэрийн хурыг уур, үүл болгон хувиргаж, ус болгон буулгаж, гол мөрөн болгон урсгах, энэ их гайхамшигт үйлийг бүтээгч, зохицуулагч ид шидтэнгүүд нь ой мод тэр тусмаа хуш юм. Хуш мод, хушин ой цэвдэгшлийг тогтоон барих, ус чийгийн горимыг зохицуулахад чухал үүргийг гүйцэтгэдэг онцгой ач холбогдолтой мод.  Яагаад гэвэл хуш уулын тагт ургаж хүнээр бол бүрх малгай н үүрэг гүйцэтгэж уулын “дагзыг”  нарнаас хамгаалдаг. Хушин ойн амьд байгальд үзүүлэх ийм чухал экологийн ач холбогдолоог нь бодож, хайрлан хамгаалах хэрэгтэй.

Хуш ны  үр жимс  болох  самар  нь ой хөвчийн олон ан амьтад баавгай, гахай, хэрэм, жирх, жигүүртэн шувуудын амин чухал хоол, тэжээл тарга хүчээ авч тэнхээрч, амьдарч байдаг хүнс нь юм. Одоогоос 30-аад жилийн тэртээ 1989 оны намар Хэнтийн хөвчийн хүрэн баавгай олноор бууж ирж, хадланчдын тогоог хоосолж, зөгийчдийн зөгийний үүрийг бусниулж байсныг хүмүүс бараг мартсан байх.  Харин үүнээс хойш яг 30 жилийн дараа 2019 оны намар хөвчийн баавгай тал руу олноор бууж ирэн хүн, малын аминд хүрч, айл амьтны орон гэр сүйтгэж их дуулиан шуугиан болсныг бид мартаагүй байх. Энэ нь бидний ярьдгаар хорхойтсон баавгай биш өлсөж, турж, эцсэн хөөрхий амьтад  байсанг тэднийг бүгдийг нь нохой мэт буудан алсан. Тэр жилүүдэд самар ургаагүй байлаа. Баавгай  самаргүй жил өлсөж, үхэлтэй тэмцэн, алалдаж байгааг харахад самрыг нь түүгээд цөлмөчихсөн газраас бусад олон амьтад дүрвэн зайлж, амьдрах газар идэх хоолгүй болж үхэж, үрэгдэж, хорогдож байгаа нь  тодорхой.

 Хушин ойн самрын нөөцийн 70 хувийг байгальд нь үлдээгээд, 30 хувийг нь түүхэд хушин ойн байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргэхэд нь онц харшлахгүй гэсэн дүгнэлт эрдэмтэд хийдэг. Харамсалтай нь бид их Хятадын бодлогоор  100 хувь цөлмөдөг. Үүнийг хянах үүрэгтэй байгууллагань хүмүүсийн ихэнхийн ойлголтоор муу нэртэй муухай зүстэй БОЯ биш, экологийн цагдаагийн үүрэг болсон шүү. Харин урагшаа гаргах зөвшөөрлийг олгодог, хахуульд байнга өртөг байгууллагууд нь бол БОЯ болоод гааль, хилийн цэрэг гэх мэтээр Замын-Үүдийн албан тушаалтнууд гэдгийг бид бүгд мэддэг болсон.  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хушин ойд 3 4-хөн удаа л “арвин ургацтай жилүүд” тохиож самар их ургаж самрын дайчдын олз омог өсчээ. Миний ажигласнаар ирэх 2-3 жил байгаль эх самарчдад юу ч хялайлгахгүй  ойд амар амгалан нам гүм байх болно.

   Самарчдын улайрсан  шулмын сэтгэлгээтэй хүмүүс  хушинд  нэг  ч ширхэг  боргоцой үлдээхгүй, том том  төмөр мунаар балбаж байгаад хуу цөлмөдөг нь  үнэн. Өнгөрсөн 20 жил  үргүй болсны уршгаар хушин ойд сэргэн ургалт явагдаагүй, цаашдаа ч 5-10 жил  үрээ  хаяхгүй нь ойлгомжтой болж байна. Хуш мод 40-50 насалж байж үрээ өгч эхэлдэг учраас  самар түүхийг зогсоох юмуу, хариуцлагатай журамтай түүдэг боллоо гэхэд хушин ой, экологийн хэвийн байдлаа хангаж, сэргэн ургахад хамгийн наанадаа  70-80 жил  шаардагддаг талаар ой судлаачид бичдэг. Энэ байдлаараа байгаад байвал, одоо байгаа хэдэн хөгшин мод балбуулж гүдүүлсээр байгаад “нүд анихад хушин ойгүй болох дүр харагдаад байна.

  Цаг уурын хүйтэн сэрүүн хүнд нөхцөлд байгалийн аясаар сэргэн ургах чадамж муутай, удаан ургалттай хушин ой цаашид байгалийн аясаараа сэргэн ургах боломжгүй болж, устаж болэошгүй гамшгийн бодит үндэс тавигдаж байгааг анхаарч “Тэрбум мод” ургуулахтайгаа зэрэгцэн байгаа хушин ойгоо хамгаалах шаардлагатай байна. Ерөнхийлөгч  минь зарлиг тушаалаа гаргаад самар урагш нь гаргахыг 10 жил зогсоож үз, танд Монголын ард түмэн болоод хангай дэлхийн уул усныы савдаг бүгд талархах  болно. Оймсондоо түнтийтэл мөнгө чихчихсэн явдаг нөхдүүдээс эхлээд үүгээр амь амьдралаа  залгуулдаг авилгачид нэг хэсэгтээ завсарлаг.

2020 оны намраас эхэлсэн самар түүх ажиллагаа үргэлжилж, хавар цасан доороос гарах самрыг түүж авахаар хөвчид үстэй дээл дахтайгаа өвөлжиж, цагаан сараа цасан дотор тэмдэглэсэн гүргэрүүд мянга мянга байсан. Ой хөвчид эамбараагүй  ингэж, эорчих нь тун аюултай. Хур  чийг ихтэй  байсны буянаар түймрийн аюул бараг  гарсангүй.

 Манай хушны самар хунс,  тэжээл,  эмчилгээний болон олон талын өндөр ашигтай. Идээний найрлагад нь 60 хувь тос, 20 хувь  уураг  байхын зэрэгцээ олон төрлийн амин дэм, эрдэс бодисууд агуулагдаг. Сибирь хушны самрын сайн чанарыг мэддэг, амьдралдаа хэрэглэдэг улс орнууд манай самраар тэжээгддэг Хятадаас авахуулаад Герман АНУ-гаас эхлээд олон байдаг . Тэр ч чанараараа эрэлт хэрэгцээ их Хятадууд манайхнаар бэлтгүүлсэн самраа боловсруулж Европын орнуудад экспортолдог. Харин манайх оросууд хоёр орон бол самраа хятадуудын мөнгөөр түүж, Хятадын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэж, экспорт нэрээр гаргаж өгдөг дэлхийд хосгүй орон .

 Самраа эндээ боловсруулж экспортод гаргах, олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийх зорилт тавин ажиллаж байгаа нөхдүүдийг бодлогоор  дэмждэггүй юмаа гэхэд саад болохгүй байвал зүйтэй юм. Манай оронд таван төрлийн шилмүүст модон ой байдгаас хуш мод бусад шилмүүст моднуудаас сэргэн ургах чадамжаар муу байдаг. Самар  гадуураа  хатуу ясан бүрхүүлтэй, тэр дотроос үр хөврөл идээ соёолон гарч ирж мод болж ургах боломж нь тун хомс. Хэрэв тэгж чадваас “азны Коля” болно. Биологийн ийм онцлогоосоо болоод хуш мод сэргэн ургах чадамж муу байгийг бодлого боловсруулагчид онцгой анхаарч үзэх шаардлагатй. Хуш модны их давирхайлаг шатамхай чанартай.  Самраас Хятадуудын жишгээр жил бүр олон зуун тэрбум төгрөгийн орлого олж болох учир тэр мөнгөөр хушин ойгоо хамгаалах, ойжуулалт хийх боломж байна.  

Хуш модны самар 4-5 жилийн хугацаанд ямар нэг хэмжээнд ургадаггүй биологийн онцлогтой ургамал. Нэн тэргүүнд хуш модноос самар түух арга технологийг тогтоож, албажуулсаны дараа зөвшөөрөл олгодог болох ёстой. Хушин ойн байгалийн сэргэн ургалтад туслах ажиллагаанд самар олзворлогчдыг  өргөнөөр  татан  оролцуулах хэрэгтэй байна. Нэг модноос дунджаар 60-90 ширхэг боргоцой, нэг боргоцойноос 90-120 ширхэг самар  олзворлодог гэсэн судлагаа байдаг. Самар олзворлогчид нэг модноос авсан боргоцойны үрийг хүртэж байгаа нүгэл, буян заяагаа бодож орчинд нь газар хонхойлоод шороонд булчихаж болно шүү дээ. Гагцхүү зөв  зохион байгуулж,  хяналт тавьж, тарих аргачлалыг нь зааж өгвөл болох зүйл. Арван боргоцой газарт суулгахад мянган хуш таригдана гэсэн үг, энэ ажлыг зөвшөөрөл өгөгчид хураамж авагчид ойн нөхөрлөлүүд зохион байгуулж хийчих боломж нь байгаа.

Унаад хаягддаг самрыг туухэд болохгүй нь юу байхав гэсэн хувиа бодсон богинохон сэтгэлээр хандаж болохгүй. Самар  ургах гэж, мод болох гэж, ойн амьтдаа тэжээж тэтгэх гэж үрээ хайрладаг юм.  Ажилгүй, амьдрал ядуу гэх хүмүүс нэг хэсэгтээ цөөхөн хушны самраар тэжээгддэгээ зогсоож  амьдралд нь тус нэмэртэй өөр эх үүсвэртэй  болог. “Тэрбум мод” хөдөлгөөн нэгдэж амьдралынхаа эх  үүсвэрийг тэтгэг

Доктор Ш.Пүрэвсүрэн 2021-11-10

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?