МАН сонгуулийн хуулийг өөрчлөхөөр зүтгэж буй. Сонгуулийн хуулийн холимог тогтолцоог дэмжиж, Үндсэн Хуулийн Цэцэд ХҮН нам өргөдөл гаргасан. Үүнийг нь ҮХЦ хүлээн авч, холимог тогтолцоог хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Ингэснээр сонгуулийн хуулийг холимог тогтолцоонд шилжүүлэх МАН-ын хүсэл биелэхэд нэг алхам ойртлоо. Үүнийг зохион байгуулахын тулд Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Эрх баригч МАН одоогийн ХҮН болон БНН, МҮАН, АН зэрэг 25 намын дэмжлэгийг авч, дарга нараар нь гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Ард иргэдийн олонхи нь ҮХНӨ-ийг дэмжвэл УИХ-аар хэлэлцэж батлах л үлдлээ. Өөрөөр хэлбэл ард иргэд хүссэн хүсээгүй ҮХНӨ-ийг хийнэ гэж ойлгож болно. Тэр өөрчлөлтийг хийснээр Монголын ард түмний амьдралд ямар ч дэвшилт гарахгүй. Харин улс төрчид, улс төрийн нам байгуулсан хүмүүс л ашгийг хүртэх юм. Хамгийн түрүүнд МАН 2024 онд дахин олонхи болж Засгийн эрхийг үргэлжлүүлэн барина. Жижиг гэх намын дарга нар намд нь оногдох саналын хувиас хамаарч өөрөө УИХ-д сонгогдохоос гадна, илүү гарсан суудлаа үнэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл Либерал намын дарга Жириновский намдаа ирсэн суудлаа гишүүддээ арилждаг байсан туршлага Монголын улс төрд нэвтрэх нь. Дээр нь, УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг улс төрийн намын удирдлагууд дор бүрнээ илэрхийлэх болсон. Тухайлбал, ҮХНӨ-ийн ажлын хэсгийн гишүүн, Д.Үүрцайх хуульч УИХ-ын гишүүдийн тоог 150- аас доошгүй болгох ёстой гэж Зууны мэдээ сонинд ярилцлага өгөхдөө онцоллоо. Энэ бол Үүрцайх хуульчийн гэхээсээ илүүтэйгээр ХҮН намын байр суурь гэж ойлговол зохино. Тэд ҮХНӨ-ийг хийснээр Монгол улсын ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгогдож ирсэн уламжлалыг халах сонирхолтой гэдгийг ч хуульчид хэлж буй. Харин ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах явдлыг Үндсэн хуулийн Цэцийн дарга Бямбадорж тэргүүтэй ҮХ-ийн гишүүд эсэргүүцлээ илэрхийллээ. - Эрх баригч намын бусад улс төрийн намуудтай хамтран Үндсэн хуулийг өөрчлөх оролдлого нь хууль бус үйлдэл. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг гэж хуулинд заасан байна. Энгийн үгээр хэлэхэд, Үндсэн хууль бол байшингийн суурь юм. Байн байн барилгаа нураагаад, байшингийн сууриа өөрчлөөд байх юм бол бүтээн байгуулалт урагшлахгүй. Ухралт болно. Үндсэн хууль бол монголчуудын суурь хууль. Тиймээс хууль зөрчин Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогыг таслан зогсоохын тулд энэхүү хуулийг 30 жилийн тэртээ шинэчлэн баталсан АИХ-ын 430 депутатын нэрийн өмнө өлсгөлөн зарлана гэж тэрбээр хэллээ.
Ц.Энхбат