Сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгуульд ашиглаж болох уу, үгүй асуудлаар ХҮН нам Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэр хариу нь гарчээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар олон жил маргасан уг асуудалд цэг хатгасан байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох нь ийнхүү нэгэнт тодорхой боллоо. Энэ тогтолцооны давуу тал нь сонгогчдын санал гээгдэхгүй гэж үздэг. Нэр нь бузартсан, дахин сонгогдох нэр нүүргүй болсон зарим нэг түшээд намын нэрээр дахин сонгогдох боломж эрэлхийлэх болов. Нөгөө асуудал нь гишүүдийн тоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Шалтгаан нь 1992 онд нийт сонгогчдын тоо 1.1 сая байсан бол өнөөдөр 2.3 сая болсон. Төлөөлөх чадвар болон бусад улсын парламенттай харьцуулахад Монгол Улсынх парламент маш давжаа байна гэж эрх баригчид болон улс төрийн намынхан дуу дуугаа авалцан дэмжиж буй. Үнэмлэхүй олонхи болсон МАН ИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор зэхэж байна.
Ц.ЭНХБАТ