ПУТИНЫ ДЭГЛЭМИЙН СҮЙРЭЛ

2022-10-03  

Украины цэргүүд Лиман хот болон түүний ойр орчмын бүс нутгийг хамгаалж байсан Оросын бүлэглэлийг бүрэн бүсэлж устгав. Оросын армиас байлдааны чадвартай үлдсэн хэсэг гэгдэж байсан энэхүү цэргийн бүлэглэлийн баруун хойд ба зүүн өмнөд талаас Украины цэргүүд давшиж, Оросын цэргүүдийн сүүлчийн ухрах замыг таслан авсан юм. Тэд Лиман хотод төвлөрсөн Оросын ангиуд руу халз довтлон олон цэрэг алдахаас сэргийлэн оросуудыг бүрэн бүсэлж устгахын тулд хоёр жигүүрээс нь довтолсон бөгөөд Лозовое хотоос урагшилсан Украины армийн хойд чиглэлийн цэргүүд зорилгодоо эхэлж хүрчээ. Тэд Жеребец голын усан санг даган урагшилж, Оросын цэргийн хангамжийг таслан, Лиманаас зүүн хойд зүгт 12 кмзайд орших тээврийн чухал зангилаа болох Торскоег эзлэхээр тулалдаж эхлэв. Харин Украины Зэвсэгт хүчний өмнөд жигүүр Кременная чиглэлд Оросуудын анхаарлыг сарниулан өөрийн жигүүрээ хамгаалах цохилт өгч, улмаар Лиманаас зүүн өмнө зүгт 13 км-ийн зайд орших Ямполь суурингийн орчим Оросын армийн хамгаалалтын шугамыг сэтлэн, баруун урд зүгээс Торское руу хөдөлж Украины цэргийн хоёр талын давшилт энд уулзсанаар Оросын 5000 гаруй цэрэг бүрэн бүслэгдсэн байна. Украины цэргүүд Лиманы “уут”-ны бусад хэсгүүдэд ч мөн амжилттай цохилт үзүүлсэн аж. Тэд Лиманаас баруун хойд зүгт найман км-ийн зайд орших Новоселовка тосгоныг эзэлж, Щуровоос баруун өмнө зүгт Дробышево болон Лиман руу довтлон, Дибровоос зүүн урд зүгээс дайран Сватово-Кременная хурдны замыг бүрэн хяналтандаа авчээ. Энэ явдлыг Кремлийн мэдээ уншигч генерал Конашенков “Лиманы чиглэлд Украины цэргийн бүлэглэлийн довтолгоо амжилтгүй болсны үр дүнд Украины Зэвсэгт хүчний 66, 93 дугаар механикжсан бригадын 70 гаруй цэрэг тулалдаанд амь үрэгдэж, дөрвөн танк, зургаан явган цэргийн машин, гурван хуягт машины хохирол амсав” гэж мэдээлэв. Харин Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестович “Манай цэргийн довтолгоог одоо оросууд зогсоох боломжгүй болсон. Тэднийг шатаах жижигхэн, хөөрхөн “уурын зуух” тэнд нэгэнт бэлэн болчихсон. Энд байгаа Оросын цэргүүдэд хэн ч, юу ч туслах боломжгүй болсон. Бүх зүйл аль хэдийнэ шийдэгдсэн” гэж мэдэгдэв. Тэгвэл Америкийн Дайн Судлалын Хүрээлэн(ISW)-гийн шинжээчид “Кремль Лиманы ойролцоо хүлээх том ялагдалдаа иргэдийнхээ санаа, сэтгэлийг бэлдэхийн оронд Оросын суртал ухуулагчид фронт дахь бодит байдлыг нуун дарагдуулсан хэвээр байна” гэж бичжээ. Мөн “Украины армийн удирдлагаас авч явуулж байгаа “Мэдээллийн чимээгүй байдал” фронт дахин Оросын цэргүүдийг сэтгэл санааны уналтад оруулж, байдлыг нь улам дордуулж,энд байгаа орос цэргүүдийн ялагдал цагаар хэмжигдэж эхэллээ” гэж дүгнэсэн байна. Удалгүй Лиманд бүслэгдсэн орос цэргийнхний уг хотыг орхиж гарах хүсэлтийг Украины тал хүлээн авалгүй, бууж өгөхийг чанга яригчаар шаардаж эхэлсэн нь тодорхой болов. Ингэнгүүт “Бүслэлтэд орох аюул үүссэнтэй холбогдуулан цэргүүдээ Лиманаас илүү ашигтай шугам руутатан гаргасан” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Үүнээс өмнөхөн Украины зүүн бүсийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый “Украины Зэвсэгт хүчин Лиманд тулалдаж байна” гэж мэдэгдсэн юм. Удалгүй Украины Батлан хамгаалах яам ямар ч мэдээлэл өгөхгүй байсан ч цохигдож байгаа орос цэргүүдийн мэдээллээр Лиман чөлөөлөгдөн Украины армийн довтолгоо улам цаашлан өргөжиж буй нь ойлгомжтой болов.

Лиманд Оросын хамгийн байлдах чадвартай цэргийн бүлэг байрлаж байсан юм. Энд байгаа гол хүч нь, удирдлага нь Оросын Воронеж хотод байрлаж байгаа, Оросын 20 дугаар армийн ангиуд болон Чечений анхны дайны эхэн үед Грозный хот руу дайран орж, 1995 оны шинэ жилийн үдэш бүслэгдэн, бүрэлдэхүүнийхээ талаас илүү хувийг алдаж байсан “туршлага”-тай мото буудлагын 752 дугаар хороо юм. Мөн Балтийн флотын тэнгисийн цэргийн ангиуд, Донбассын орос иргэдээс бүрдсэн сайн дурынхны “БАРС-13” гэх легион болон Оросын Казакийн отрядууд байрлаж байсан билээ.

Оросын арми өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Лиманыг эзлэн авсан. Лиман бол жижиг боловч олон талын стратегийн ач холбогдолтой хот юм. Лиман дахь гүүрэн гарц нь Оросын цэргүүдэд Донецк мужийн хойд зүгээс Славянск, Краматорск руу урагшлах боломжийг олгосон. Үүнээс гадна энэхүү хотыг хяналтандаа авснаар Славянск, Северск хоёрын хоорондох хурдны замыг бүрэн хяналтандаа авах боломжтой болгосон. Иймээс Украины арми Лиманыг эзлэн авснаар довтолгооны том орон зай нээгдэж байгаа юм. Тэд Сватовын чиглэлд орших задгай талыг ашиглан давшиж Оскол голын дагуу Оросын анги нэгтгэлүүдийн яаран, сандран босгосон хамгаалалтын шугамыг сэтлэн гол хүчнээс нь тэднийг салгах боломжтой болов.Мөн Валуйкигаас Троицкое-Сватово чиглэлийн зам дагуу Оросын цэргүүдийн байгуулсан бэхлэлтийг хялбар устгах боломж нээгдэж байна. Иймээс Лиманы ялагдал нь Оросын армийн хувьд Украины армитай байлдах сонирхолтой орос цэргийн тоо цаашид эрс багасна гэсэн үг болж байна.

Лиманд цэргийн гол хүч нь бүслэгдэн цохигдож байхад Путин хагас хугас эзэлсэн Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэсний баяр хэмээн Улаан талбайд концерт тоглуулан өөрөө “Амьсгаагаа гүнзгий авцгаа. Эндээс мянган км хол сонсогдог” хэмээн гурван удаа “ура” хашгирсныг эрүүл хүний үйлдэл гэхэд үнэхээр хэцүү. Чухамхүү Путины энэхүү “баяр”-ыг таслахгүй гэж ухрахгүй байсаар таван мянга гаруй орос эхийн хөвгүүд үхлийн занганд оров. Ингэснээр Путинээс болж ОХУ террорист улс хэмээгдэн НҮБ-аас хөөгдөж, Хятад, Энэтхэг гэх мэт тээнэгэлзэж байсан гол улсын дэмжлэгээс салах болзлоо бүрэн хангаж, НАТО-тай өөрөө санаачлан албан ёсоор шууд дайсагнаж эхлэв. Төрд гарсан тэнэг улсаа мөхөөдөг гэж үнэн болох нь батлагдав.

Ерөөс Украины дайн, өнөөдөр Азарбайжан Арменыг, Киргиз Тажикастаныг буудаад байгаа явдал, Казакстаны оросын эсрэг бодлого,Турк, Израилийн цэрэг Сирид цохилт өгч буй байдал, Ираны эсэргүүцлийн жагсаал зэргийг нэгтгэж харах аваас ардчилсан улсууд манай хойд, урд хөршүүдийн “Их гүрэн” гэх төөрөгдлийг нь арилган Ираныг шашны дарангуйллаас нь салгахгүй л бол дэлхий нийт түрэмгийллийн аюулаас ангижрахгүй юм байна гэдгийг бүрэн ойлгосон гэдэг ньтодорхой байна. Тэд ОХУ, БНХАУ-ыг яс, үндэстэн, хэл соёлоор нь тусдаа улс болгож атомын бөмбөгнөөс нь салгаж байж санаа амрах биз. Болж буй үйл явдал ОХУ-ыг салгах явцад хоорондоо байлдан атомын цахилгаан станцуудаа сүйрүүлж, хүн төрөлхтнийг цөмийн цацрагийн аюулд учруулахгүйн тулд хойд хөршид үлдэх эрчүүдийг буу барих сонирхолгүй болгох аян ид өрнөж байна гэж хэлж болохоор ч юм шиг. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд “туйлдуулах дайн” гэнэ. Мөн англи-саксончуудын толгойлсон “Дарангуйлагч, түрэмгийлэгчийн эсрэг бүлэг” улс Иранд иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж манай хоёр хөршид төр, засгийнхаа эсрэг иргэдийн жагсаал, тэмцэл өрнөхөд яг юуг анхаарах ёстой болохыг тогтоохоор ажиллаж эхлээд ч байх шиг. Манай хоёр хөрш аль болох тайван замаар учир зүйгээ олох нь тун чухал үйл явдал учраас энэ бүхэн бидэнд яах аргагүй ашигтай зүйл гэж санагдаад ч байх шиг.

Лиманы ойролцоох Украины армийн ялалт нь бүслэгдсэн орос цэргүүдэд бууж өгөн амьд үлдэх “алтан боломж”болсон бол харин Кремлийн хувьд үхлийн аюул юм. Учир нь Лиманы Оросын армийн сүйрэл нь ОХУ-ын Батлан хамгаалах яам төдийгүй Путины дэглэм, өөрийнх нь хувьд сүйрэл гэдэг нь тодорхой болоод байна.Иймээс Путин дайчилгаа зарлан шинээр цуглуулсан, ямар ч байлдах чадваргүй цэргүүдээр Беларусийн нутгаас Украинд довтлон сурсан зангаараа “махан овоо” босгох байх. Ингээд үр хүүхэд, ах дүү, эр нөхрөө алдсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөнгүүт шинээр дайчлагдсан дагестан цэргүүдийг буриад, тува руу харин буриад, халимаг, тува цэргүүдийг Москва гэх мэт том хотод авчиран иргэдийн эсэргүүцлийг дарах гэж төлөвлөж буй бололтой. Ингэх л гээгүй юм бол байлдааны ямар ч дадлагагүй энэ олон цэргээр Путин яах билээ! Иргэдээ золиослон суудалдаа үлдэх гэсэн арчаагүй арга л юм даа.

Дайчилгаанд өртсөн бас зугтсан 18-65 насны энэ олон зуун мянган орос эрчүүдийн оронд Кремлийнхэн өөрсдөө үр тариа, хүнсний ногоо хурааж,үйлдвэрт ажиллан сүү, цөцгийн тос, загас махан бүтээгдэхүүн, утас даавуу, өмсөх хувцас үйлдвэрлэж энэ өвлийг давах юм байлгүй. Маш товчоор Улаан талбай дээр бусдын мужийг нэгтгэсэн хэмээн Путин “ура” хашгирч байхад Украины арми эдгээр нутгийг орос цэргүүдээс чөлөөлж байсан болж таарав. Энэ бүхэн Путин төдийгүй түүний дэглэмийн сүйрэл сар, хоног, цагаар тоологдож эхэлсэн гэдгийг нотолж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?