У.ХҮРЭЛСҮХ: ТУУЛАЙ ЖИЛ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨСӨН, ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭСЭН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЖИЛ БАЙХ БОЛНО

2023-02-21  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт ард түмэндээ хандаж, XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүллээ.

Мэндчилгээнд “Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, эв нэгдэл, ерөөл бэлгэдлийн охь шим болсон өнө эртний уламжлалтай үндэсний их баяр ёслол билээ.

Их эзэн Чингис хаан төр улсынхаа сүр хүчийг тунхаглан зарлаж, хаврын тэргүүн барс сарыг жилийн эхэн хэмээн тогтоож, монгол түмний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ болсон цаг тооллын бэлгэдэл цагаан сарыг төрт ёсны их баяр ёслол болгон тэмдэглэж, цадиг түүхийг эхлүүлсэн түүхтэй.

“Мэндлэх гэдэг мөнхийн ёс, хүндлэх гэдэг хүний ёс” хэмээн бидний өвөг дээдэс сургаж ирсэн. Энэхүү үндэсний уламжлалт баяр ёслолоороо монголчууд бид эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэж, ёс заншил, төрт ёсоо дээдлэн, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.

Сар шинийн баяраар монголчууд бид үүх түүх, өв соёл, үнэт зүйлээрээ бахархах, өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндлэх, зан заншил, ёс жудгаа эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл санааг үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээдэг бөгөөд Монголын цагаан сар нь монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт өв соёл билээ.

Миний Монголын ард иргэд ээ!

Улиран одож байгаа “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 68 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 460 мянгуулаа боллоо. Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо таван төрлөөрөө өсөж, нийт малын тоо 71 саяыг давж, түүхэн үзүүлэлт тогтоолоо. Монголчууд бид цар тахлын хүнд үеийг даван туулж, хил боомт нээгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, унаж байсан эдийн засаг 4.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн сайхан мэдээг сар шинийн баярын энэ өдөр ард түмэндээ дуулгахад таатай байна.

Түүнчлэн хөгжил дэвшлийн төмөр судас болсон стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт 900 гаруй км урт төмөр замыг манай Зэвсэгт хүчин, үндэсний 500 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, 10,000 гаруй инженер, техникийн ажилчин, төмөр замчид, монгол залуусын маань ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Эдгээр стратегийн төмөр замууд нь Монгол Улсад өндөр үр ашиг өгч, өргөн боломжийг нээж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэр оруулах болно.

Үүний зэрэгцээ манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой жил байлаа. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хийгдсэний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд “Дэлхий ертөнцийн энэхүү амаргүй цаг үед Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь манай улсын нэр хүндийг дэлхий дахинаа өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.

“Буян үйлдэгч” хэмээх бар жилдээ монголчууд бид тив дэлхийд амар амгалан, энх тайвныг цогцлоосон Их Монгол Улсыг үндэслэгч, мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа Их хаанаараа овоглосон “Чингис хаан” музейн өндөр үүдийг өргөн, алтан босгыг мялааж, даян дэлхийн түмэн олны хүртээл болгож чадлаа.

Их эзэн Чингис хаан нэгэнтээ “Эрдмийн дээд эв” хэмээн айлдсан байдаг. Иймээс манай ард түмэн Их хааныхаа билиг сургаалыг санаж, эрдмийг эрхэмлэж, эвийг сахин, зөвийг бүтээж, Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих учиртай.

Эв эеийн бэлгэдэл ирж буй туулай жил монголчууд бидний хувьд ажил амьдрал буцалсан, амжилт бүтээл ундарсан, их бүтээн байгуулалт өрнөсөн, эдийн засаг сэргэсэн хөгжил, дэвшлийн жил байх болно.

Сар шинийн баярын энэ өдөр эргэх дөрвөн улиралд эрдэнэт сүргээ хариулж, эртний түүхт Монголынхоо өв уламжлалыг тээж ирсэн малчин олон түмэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баярын мэндийг айлтгаж, төл бүрэн, сүрэг тарган хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

XVII дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ саруул ухаант, өндөр заяат монгол түмэн минь сэтгэл тэнэгэр, бие эрүүл, билиг хурц, аз хийморь, амжилт бүтээлээр тэгш дүүрэн байх болтугай" гэжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?