СЕЙГО КИТАНО: МОНГОЛ УЛС ДУРАНГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛӨӨР ЯПОНД ХҮРЭХИЙН ТУЛД 10000 ДУРАНГИЙН ЭМЧТЭЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ

2023-03-13  

 Ази-Номхон Далайн Орнуудын Дурангийн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын дурангийн эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалтад оролцсон тус нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён Сейго Китанотой Control.mn уулзаж, товч сурвалжлага авсныг хүргэе.

- Та Монголын дурангийн эмч нарын сургалтыг зохион байгуулсны хувьд Монголын дурангийн эмч нарын ажиллах нөхцөл, ур чадвартай өөрийн биеэр үзэж танилцах боломж олдсон гэж бодож байна. Таны анхны сэтгэгдэл?

- Монголд анх удаа ирлээ. Нийслэл Улаанбаатар хотод орших Монгол- Японы эмнэлгийн Дурангийн тасагтай танилцах боломж олдлоо. Кабинет, тоног төхөөрөмж, үзлэг, эмчилгээ, дурангаа ариутгах өрөө зэргээ туйлын зөв зохион байгуулсан нь анхаарал татлаа. Эмч нарын дийлэнх нь залуухан ч, 80 хувь нь эрдмийн зэрэг цол хамгаалсан, өндөр ур чадвартай юм байна. Өөрөөр хэлбэл байгаа эмч нар нь чадвартай, ашиглаж буй тоног төхөөрөмж нь цөөн гэж анзаарагдлаа.

- Дурангийн эмчилгээний хөгжлийн хувьд Монгол улс бусад оронтой харьцуулбал хаана нь явна вэ?

- Монгол Улсын Хоол Боловсруулах Дурангийн эмч нар манай байгууллагад 2018 онд элссэн. 23 дахь гишүүн орон. Нийгэмлэг нь идэвхи, санаачилгатай ажилладаг. Гэхдээ бусад гишүүн орноос хөгжлөөр хоцорсон. Учир нь өндөр үнэ өртөг бүхий сүүлийн үеийн төхөөрөмж, мэргэжлийн эмч нарын тоо харьцангуй цөөн байна. Тиймээс бусдад ойртоё гэвэл энэ тал дээр нэн даруй анхаарах шаардлагатай.Нэг жишээ хэлэхэд, 10 жилийн өмнө Вьетнамын нийгэмлэг ердөө л 100 дурангийн эмчтэй байсан бол яг өнөөдрийнхтэй адил сургалтыг хийснээс хойших хугацаанд эмч нарын тоо нь 1000 хүрч, 10 дахин нэмэгдсэн.

- Монгол улсын хувьд Японы хөгжилд хүрвэл хэдэн эмч хэрэгтэй вэ?

- Тоон үзүүлэлтээр хэлье. Эмч нарын тоо нь хүн амаас шууд хамааралтай. Япон улсын хэмжээнд хүрч хөгжихийн тулд Монгол улс өнөөдрийн 200 эмчийн тоогоо 10000 ( арван мянгад) хүргэх шаардлагатай. Мөн тэдгээр эмч нарын ажиллах ажлын байр, техник, тоног төхөөрөмжөөр хангах ёстой.

- Дурангийн эмчилгээний онцлогыг Та юу гэж тодотгох вэ?

- Энэ бол шинжлэх ухааны маш том дэвшил. Өвчтөнд зовиур багатайгаар мэс засал хийдэг. Эдгэрэлт түргэн. Энэ бүхэн нь эмнэлгийн орон дээр удаан хэвтэж, шаналж зовдог байсан өвчтөний нөхцөлийг эрч өөрчилсөн дэвшил юм.

- Монголд дурангийн эмч нарын дутагдалтай асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой вэ?

- Тухайн улс орны төр засгийн бодлого чухал. Мөн төсөв санхүүгийн дэмжлэг.

- Вьетнамд онол практикийн ийм сургалт хийсний дараа Вьетнамын дурангийн эмч нарын тоо нэмэгдэж, хөгжил нь дээшилсэн гэж Та өмнө нь хэллээ. Монголын энэ сургалтаас ямар үр дүн гарна гэж тооцож байна?

- Онол- практик хосолсон энэхүү сургалтыг зохиох хүсэлтийг Монголын Хоол Боловсруулах Дурангийн Нийгэмлэгээс ирүүлсний дагуу 2021 онд хийхээр төлөвлөсөн байсан ч Ковидоос болж ухарсан. Энэ сургалт бол дадлага давамгайлж буйгаараа онцлогтой. Онлайнаар хийхэд хангалтгүй. Тиймээс үр өгөөжөө тооцож, өнөөдрийг хүлээлээ. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дараа сургалтаа хийлээ. Дурангийн төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Олимпиус компани дэмжсэний үр дүнд дадлага- онол хосолсон энэхүү сургалтыг Монгол улсад анх удаа зохиолоо. Монголын дурангийн үе үеийн эмч нар маш өргөнөөр оролцлоо. Энэ сургалт Монголын дурангийн хөгжлийг хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна. Ази- Номхон далайн орнуудын Дурангийн Нийгэмлэг ч цаашид Монголын Дурангийн эмч нарыг сургалтанд хамруулах, тоног төхөөрөмжөөр дэмжих үйл ажиллагаагаа улам эрчимжүүлнэ.

- Эцэст нь, Та Монголын Хоол Боловсруулах Дурангийн Нийгэмлэгийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

- Монголын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, хатагтай Х.Оюунцэцэгтэй олон жилийн сайн харилцаатай явж ирлээ.Маш хязгаарлагдмал нөхцөлд сайн ажиллаж буй нийгэмлэг гэж бодогдож байна Санаачилгатай, зүтгэлтэй, хэлсэн ярьсандаа хүрдэг, харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн эмч тус байгууллагыг удирдаж байна. Ийм л сэтгэлтэй хүмүүс Олон нийтийн байгууллагыг "чирч" явдаг юм. Өнөөдрийн сургалт ч гэсэн Оюунцэцэг гэдэг хүнтэй л холбоотой. Тиймээс Оюунаа тэргүүнтэй Монголын Хоол Боловсруулах Дурангийн Нийгэмлэгийн эмч нарт талархал илэрхийлж, Монгол түмнийгээ эрт оношилж, зовиургүй эмчилж, эрүүл саруул, энх тунх байлгах үйлсэд нь улам их амжилт хүсье.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?