Т.ДОРЖХАНД: СОНГУУЛИЙН ХУУЛИАР ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ БОДЛОГЫН УЛСТӨРЧ БАЙХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

2023-04-10  

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай Сонгуулийн хуулийн талаар товч ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуульд орж байгаа онцлох заалтууд юу вэ?

-Сүүлийн хоёр жилийн турш ХҮН нам сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна гарын үсэг цуглуулж, 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Өнөөдөр ч энэхүү ажил үргэлжилж байна. Ажлын үр дүн эхнээсээ гарч байгаад баяртай байна. Тухайлбал, Монгол Улсын сонгуулийг 76 жижиг тойрог бус нэг том тойргоос УИХ-ын гишүүд нь сонгогдож, улс орныхоо бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлдэг парламенттай болох нь хамгийн чухал байгаа.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтөөр 76 гишүүний 50 хувь нь нэг тойргоос буюу сонгуулийн пропорциональ тогтолцоогоор, үлдсэн 50 хувь нь тойргийн төлөөллөөр ордог байх зохицуулалт орж байна.

Энэхүү хууль батлагдвал шинээр үүсэх парламентын 50 хувь нь улс орны эрх ашиг, түүнд чиглэсэн бодлогын мэтгэлцээн хийдэг, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцдэг, түүнийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлдэг болох нь. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн дор хаяж 50 хувь нь бодлогын улстөрч байх боломж бүрдэж байна.

Хоёрдугаарт, энэхүү нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо эрс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх зохицуулалт орж байгаа. Нэг жишээ хэлэхэд, 2020 оны УИХ-ын сонгуулиар 151 эмэгтэй нэр дэвшсэн боловч ердөө 13 нь сонгогдсон. Энэ бол нийт парламентын 17 хувь юм билээ. Тэгэхээр энэхүү хууль батлагдсанаар 17 хувь гэсэн энэ тоо жагсалтаар багадаа 27 хувь болж өсөх боломжтой. Мөн төлөөлөл 30 хувь болох боломж бүрдэж байна.

Гуравдугаарт, гадаадад суугаа Монголчуудаас санал авах боломж бүрдэж байгаа. Одоогоор 200 орчим мянган Монголчууд гадаадад ажиллаж, амьдарч байна. Энгийнээр жишиж хэлбэл, 3-4 аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд гадаад улсад амьдарч байна гэсэн үг. Эдгээр хүмүүсээс санал авах боломжийг бүрдүүлж байгаа нь онцлог.

-УИХ-ын гишүүдийн 50 хувь жагсаалтаар орох зохицуулалт нь иргэдийг төлөөлөх гэсэн гол агуулгатай хэр нийцэх бол. Ер нь иргэд жагсаалтад тийм ч дуртай байдаггүй шүү дээ?

-Хаалттай жагсаалтыг иргэдийн зарим хэсэг нь хүлээж авдаггүй. Учир нь намын даргатай ойр, эсвэл мөнгөтэй, нэр нүүрээ алдсан хүмүүс жагсаалтаар орж байна хэмээх шүүмжлэлтэй холбоотой. Бидний санал болгож байгаа жагсаалт бол нээлттэй жагсаалт. Өөрөөр хэлбэл, жагсаалтад орсон улстөрчдөөс иргэд дэмжиж байгаа улстөрчөө сонгох боломжтой. Үүнийг нээлттэй жагсаалт гэж байгаа юм.

-Сонгуулийн хуулиар сурталчилгааны самбар тэд байна, тэдэн ухуулагч ажиллуулна хэмээн заах нь мөнгөний сонгуулийг өөгшүүлж байна. Мөнгөтэй хүн нэр дэвших босго болчихоод байгаа юм биш үү гэдэг асуудал үүсдэг шүү дээ?

-Сонгуулийн зардлыг бууруулах, бага зардлаар сонгууль явуулах арга хэрэгслүүдийг аль болох түлхүү оруулахаар ажиллаж байна. Сонгуулийн хуулиар бидний оруулсан зохицуулалт нь ухуулагчийн тоог хязгаарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь жишээлбэл, 200 хүнд нэг ухуулагч байсан бол үүнийг 400 хүнд нэг ухуулагч болгож бууруулж байна. ХҮН нам бараг ухуулагчгүй байх ёстой гэдэг байр суурь илэрхийлдэг.

Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааг аль болох хямд төсөр байлгах зорилгоор нэг самбар дээр тухайн нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулах хэрэгтэй. Өөр ямар нэгэн хувийн самбар байх шаардлагагүй гэсэн саналыг манайхан оруулдаг. Сонгуулийн тухай хуульд самбарын тоог хязгаарласан. Хэвлэх материалын тоог хязгаарласан. Мөн сонгуулийн үйл ажиллагааг явуулдаг сонгуулийн төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах ёстой гэдэг байр суурийг ХҮН нам тавьдаг.

Сонгуулийн тухай хуулийг УИХ-д суудалтай гурван нам хамтарч өргөн барьсан. Ажлын хэсэг гарч хамтарч ажиллалаа. Мөн өргөн барихаасаа өмнө УИХ-д суудалгүй бүх намын төлөөллүүдтэй уулзаж саналуудыг нь тусгаж олон шатны хэлэлцүүлэг хийсэн. Энэ бол харилцан ойлголцол дээр явж байгаа төсөл. Тиймээс УИХ-аар уг төслийг дэмжигдэнэ гэсэн хүлээлт байна.

-Олон нийтэд хэвлэл мэдээлэл болон цахимаар хүргэх сурталчилгаанд ямар зохицуулалт орж байгаа бол. Энэ чиглэлд зарцуулах зардлыг хэрхэн хуульчилж байна вэ?

-Сонгуулийн сурталчилгааны үеэр телевизийн цаг гэж байдаг. Тэр цаг нь нийтэд чиглэсэн үнэ төлбөргүй байх зохицуулалтыг тусгасан.

Цахимын зардал нь нийт зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт орж байгаа.

-Энэ хуулиар сонгуулийн нийт зардал барагцаагаар хэр хэмжээнд тооцоолсон бэ?

-Миний тооцоогоор өмнө нь нэг тойргийн нэг гишүүний зардал дунджаар 600 орчим сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн тооцоо байсан. Олон сонгогчтой жишээлбэл, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 700 орчим сая төгрөг байсан. Одоо 400 хүнд нэг ухуулагч байхаар зохицуулж байгаа нь ухуулагчийн тоог хоёр дахин буруулж байна. Зардал нь буурч байгаа учраас 2020 оны сонгуулийн зардал хоёр дахин буурах болов уу. Тэгэхээр дунджаар 300 орчим сая төгрөгийн зардал гарах нь.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?