ОРЧИН ҮЕИЙН ТӨР ЗАСАГ ТҮМ БУМАН КАМЕРЫН ДОР АЖИЛЛАЖ БАЙГААГАА САНАЖ ЯВМААР БАЙНА

2023-04-26  

Өнгөрсөн амралтын өдрүүдийн шуугианыг бид бэлээхэн мэдэж байгаа. Төрийн ордны ногоон будагтай хашаа, Польшийн хөгжмийн зохиолч Шопений хөшөөн дээр өөр хүний хөгжмийг бичсэн явдал, Нийгмийн сүлжээнд Элийрэгч хэмээн танигдсан Уянгын ОХУ-ын Элчингийн өмнө хийсэн жагсаал гурав юм. Энэ гурван шуугиан нь үнэндээ нийгмийн хэлэлцүүлэг болтлоо өрнөх үйл явдлууд биш билээ. Гэтэл болж чадлаа. Үүний хор хохирол юу вэ. Монголын төрд асар сэвтэй, асар хортой тусч, улам муухай харагдуулахад нэмэр болов. Энэ хэрээрээ төр хүчгүй болж байна. “Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэдэг шиг үйл явц болж хувирав. Өнөөдөр төрийн нэр хүнд ямар байгааг бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Ингэж сошиалд олзлогдохгүй байх боломж ажил хийсэн хүмүүст байсан. Гэвч тэдний хэн нь ч цаг үеэ мэдрэхгүй, хөгжилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулж чадсангүй. Ер нь ч тийм байгаа. Монголын төр засаг, Улаанбаатар хотын захиргаа, Уянгатай бүдүүлэг харьцаж байгаа цагдаагийн байгууллагын нэр хүндийг ингэж унагах ямар шаардлага байгаа юм бэ. Төрийн зарим нэгний зүгээс энэ ер юу болдог юм, “Жингийн цуваа явдагаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэсэн алдарт үгээ хэлцгээж байгаа биз. Бодит байдал дээрээ тийм биш байна шүү.

Монголын төрийг үл хүндэтгэх үзэл санаа, үл тоох үзэл санаа дэврэн бэхжиж байна. Саяын гурван шуугиан дээр зүй нь яах ёстой байв. Хамгийн эхлээд Монголын гурван сая иргэн, гурван сая камертай болсныг сана. Сайн ойлгож авцгаа, төрийнхөөн. Жишээлбэл, төрийн ордныг тойруулсан ногоон будагтай хашааг барихынхаа өмнө урьдчилаад түм буман камер цуглуулж байгаад “Хөрөнгө мөнгө, санхүүгийн боломжоос шалтгаалан, төрийн өндөр түвшний айлчлалын өмнө, нэг удаадаа ийм өнгөөр будахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Цаг хугацаа давчуу байна. Тийм учраас та бүгдэдээ урьдчилан мэдээлж байгаа юм аа” гээд хариуцсан албан тушаалтан нь мэдээлчихсэн бол өнөөдрийнх шиг ийм шүүмжлэл, муутгал сошиалд явахгүй байх байлаа. Үүнд жаахан сэтгэл гаргах, мэдрэх, сошиал ашиглан зөв мэдээллийг богино хугацаанд хүргэх л байсан. Энэ л дутсаных. Урьдчилан сэргийлэх мэдрэмж. Ингэсэн тохиолдолд бэлээхэн хүлээгээд авчих гурван сая камертай, гурван сая гар утас цаана чинь бэлэн байна шүү дээ.

Хөгжмийн суут зохиолч Шопений хөшөө байна. Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалд зориулсан бэлэг байсан байлгүй дээ. Буруу юм байхгүй. Үүнд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллага хариуцлагатай хандах ёстой байлаа. Хөшөөн дээр буруу бичсэн байсныг хөгжмийн боловсролтой хэн нэгэн хажуугаар нь өнгөрч явахдаа хараад, гар утсаараа бичиж сошиалд цацлаа. Өнөөх түм буман камерын нэг нь. Ингээд л бөөн шуугиан, цохилтын төв нь өнөөх л төр засаг. Улаанбаатар хотын удирдлага. Хариуцлагагүй хандсан нэг түшмэлээс чинь болж хийсэн бүтээснийг чинь матарлаж байгааг харав уу. Өнөөх л төрийн бүх ажил, цаг минут тутам гурван сая камерын хяналтад байгаагийн нэгэн тод илрэл. Бөөн асуудал дунд байдаг Нийслэлийн төр захиргааны байгууллагын нэр хүндэд улам нэрмээс болж байх жишээтэй. Цаашид ажилдаа хайхрамжгүй хандсан хүн бүрт ард түмний гурван сая камер ингэж хандана, төрийг ингэж гутаана.

Тэгэхээр төр засгийнхан минь хуучин цаг үе биш болсныг үргэлж сана. Улаанбаатар хотын 1,5 сая иргэний нялх хүүхдээс бусдыг нь оруулахад 1,2 сая иргэн нь камертай гар утастай. Тэр бүгдийн хараан дор та бүгдийн үйл ажиллагаа явагдаж байна. Урьд бол Үндэсний телевиз, Өдрийн сонин... бас бус мэдээллийн хэрэгслүүдийг байлгаад үйл ажиллагаагаа танилцуулаад болчихдог байсан. Одоо бол огт өөр. Бүр санаанд оромгүй мэдээллийн урсгал бий болсон. Түм буман камер цаана чинь өдөр шөнөгүй ажиллаж байна.

Уянга хэмээх бүсгүй ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд дайныг эсэргүүцсэн жагсаал хийхэд хүн цөөхөн цугласан байж магадгүй. Цагдаа нар үүнийг нь олз болгож, “Энэ муу тэнэг хүүхэн ганцаараа...” гэсэн байдлаар түүнд ямар дээрэлхүү хандана вэ. Ганц хүүхэн дээр гурав, дөрвөн цагдаа овоороод л, татаж чангаагаад, чирээд, түлхээд... элдэвлэж байна. Гэтэл тэр Элийрэгч чинь 120 мянган дагагчтай юм билээ шүү дээ. Түүний үг үйлдэл, хэлсэн ярьсан бүгдийг 120 мянган хүн тэр дор нь харж байгаа. Дор хаяж 80 мянган дагагч нь цаг алдалгүй мэдээллийг нь хүлээн авч, цагдаа нарыг харж, эгдүүцэж байгааг тэд яагаад мэдэхгүй, мэдрэхгүй, ойлгохгүй цагдаагийн нэр хүндээ гутаагаад байгаа юм бэ. Угтаа 120 мянган камер Уянгыг элдэвлэж байгааг харж байгаа шүү дээ. Наад захын ийм аюултай, хурдтай, халтайг мэддэггүй юм уу. Энэ хэрээр Монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд шороотой хутгалдаж байна шүү дээ.

Өнөөдөр Монголын төр засаг энэ бүгдийг тооцож ажил төрлөө явуулмаар байна. Сошиалд юу гэж байна, яг түүгээр ажлаа явуул гэсэн үг огтхон ч биш шүү. Харин эсрэгээрээ сошиалыг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн зөв ашиглах тухай энд ярьж байна. Монголын гурван сая иргэний, гурван сая камертай Монголын төр хэрхэн зохицож ажиллах, харилцан ашигтай ажиллах, ажлаа хэрхэн ойлгуулах, эрх ашгаа нэгтгэх, эцэстээ улс орны сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа хэрхэн зүтгэх тухай л асуудал юм. Ийм л үзэл санаагаар энд бичиж байна. Тэрнээс тэнд нийтийн эзэмшлийн талбайг хотын захиргаа хуулийн дагуу, ард иргэдийн эрх ашгийн төлөөнөөс авч ашигласныг сошиалд шүүмжилмэгц “Аа ерөөсөө болохгүй юм байна. Бид муухай харагдах нь” гээд шийдвэрээ цуцалдаг байж болохгүй. Төр засгийн шийдвэр сошиал дахь шүүмжлэлээс болж цуцлагддаг, тийм хүчгүй, арчаагүй байж болохгүй. Харин эсрэгээрээ тэрхүү хүчирхэг сошиал нөлөөг ашиглаж, урьдчилсан байдлаар, ухаалгаар ажлаа ойлгуулах, хийх гэж байгаа ажлаа танилцуулах тухай юм.

Энэ бүгдээс харахад Төрийн ордны ногоон хашааны талаар урьдчилсан байдлаар түм буман камер цуглуулаад нөхцөл байдлыг ойлгуулчихсан бол тэднээс 10 нь л шүүмжилнэ, үлдсэн 90 хувь нь зөвөөр ойлгох байлаа. Шопений хөшөөг ч гэсэн хариуцсан түшмэл нь Шопен биш Францын хөгжмийн зохиолчийн нотыг биччихэж гэдгийг анзаарахад, тийм нягт нямбай хандахад болчих байлаа. Тэгсэн бол өнөөдөр нийгмийн сүлжээнд “Ийм гоё хөшөө босчээ” гээд Улаанбаатар хотын ажил сайнаар үнэлэгдэх байсан. Элийрэгч хэмээх Уянгыг цагдаагийн байгууллагын зүгээс “Нэг муу тэнэг” гэж харахгүйгээр, цаана нь 120 мянган хаяг харж байгааг тооцож, түүнтэй цагдаагийн ажилтан соёлтой, боловсон, хүндэтгэлтэй харьцсан бол Монголын 120 мянган иргэнд цагдаагийн нэр хүнд өсөх байлаа. Өнөөдрийн технологийн ололтууд нь нийгэмд нэг хүний нөлөөг асар их болгосныг харуулж байна. Үүний нэг тод жишээ бол сошиалд Элийрэгч хэмээх хаягаар танигдсан Уянгаас харж болно. Энэ мэтчилэн орчин үеийн төр засаг түм буман камерын дор ажиллаж байгаагаа цаг үргэлж санаж явмаар байна. Ингэж л ажиллахгүй бол төрийн нэр хүнд шат шатандаа улам унасаар, гишгэгдсээр байгааг ойлгоно уу. Төр хүчгүй бол улс орон ч хүчгүй. Хүч чадалгүй эх орны иргэд ямар байх вэ...

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?