ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР 152 ГИШҮҮНТЭЙ БОЛОХ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2023-05-04  

Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж, ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин АН хуулийн зарим заалт дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан бол ХҮН-ынхан яаралтай өөрчлөн баталъя гэдэг байр суурьтай байна. Тэгэхээр энэ хаврын улс төрийн бас нэг гол сэдэв нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь. Эрх баригчид 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. 

Найрамдлын бүлгийн даргын хувьд 2021 оны зургадугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн.

Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа ямар өөрчлөлт оруулж ирсэн нь анхаарал татаж буй. Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт төсөлд ямар асуудал тусгасан тухай  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 152-оос дээш гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна

-Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг оруулна. Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй. УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдагаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа. Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог.  Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсэж байсан. Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүнд нээлттэй байх ёстой. Үүний хажуугаар УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Олон улсын жишгээс харахад парламентын гишүүний тоо бага байгаагаас уг асуудал үүсэж байгаа. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна. Энэхүү тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй. Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг гүйцээнэ

-Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулж, УИХ-аас 54 дүгээр тогтоол гаргасан. Мөн 34 дүгээр тогтоолыг баталсан. УИХ-аас баталсан 34 дүгээр тогтоолын хувьд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, дэвшилтэт сонгуулийн системийг судалж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг 54 дүгээр тогтоолоор УИХ-аас Засгийн газарт даалгасан байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл зэрэг. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийхээр байсан. Олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм. Иймд эхний ээлжинд баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг гүйцээж байгаа юм. Олон жил хүлээгдсэн асуудал. 1992 онд УИХ-ын гишүүн 23 мянган иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин одоогийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45 мянган орчим иргэнийг төлөөлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?