Дэлхийд алдар нэрээ цуурайтуулж байгаа Монголын “Хү” рок хамтлаг 2022 онд гаргасан “Rumble Of Thunder” цомгийнхоо удахгүй гарах “люкс” хувилбарын шинэ клип, шинэчлэгдсэн дуунуудаараа сонсогчдын сонирхлыг татсаар байна. Саяхан тэд Монголын уламжлалт бүжгээ магтан дуулсан “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацаад байна.
Ирэх зургаадугаар сарын 30-наас худалдаанд гарах “Rumble Of Thunder: Deluxe” цомогт үндсэн цомгийн дуунуудаас гадна нэмэлт долоон дуу багтах бөгөөд тэдгээрийн дөрөв нь акустик найруулга, гурав нь дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран шинээр бичүүлсэн уран бүтээлүүд ажээ. Тэд Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дуугаа, мөн “System of a Down” хамтлагийн дуучин Серж Танкян, “Bad Wolves” хамтлагийн дуучин DL нартай хамтран “Black Thunder” дуугаа цацаад байгаа юм.
Эх сурвалж: ТОРОНТО. /Brave Words/. Монцамэ