НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙХИЙГ ШААРДСАН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ

2023-06-14  

Өнгөрсөн хаврын улс төрийн хүрээнд болсон гол шуугиан нүүрсний хулгайн асуудал байв. Уг асуудалд ард түмэн бухимдаж хагас сар орчим жагсаал үргэлжилснийг иргэд санаж байгаа. Одоо ч уг асуудлыг олон нийтэд ил тод болгож, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг ард түмэн хүсч, шаардаж буй. Иргэдийн шаардлага, шүүмжлэлийн хариуд эрх баригч намын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх болсноо ам бардам мэдээлж байсан. Уг сонсголыг хийхээр УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороо байгуулагдан ажилласан байдаг. Тус түр хороо нүүрсний хэргийг шалгах сонсголоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэнд хийхээр товлосон байсан. Гэвч тодорхойгүй шалтгаанаар уг сонсголыг өдийг хүртэл хойшлуулсаар байна. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, хуулийн дагуу шаардаж байгаа сонсголыг өдийг болтол хойшлуулаад байгаа нь ямар учиртай вэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болох ёстой байсан сонсгол яагаад хойшлов гэдэг асуултын хариуг иргэд нэхсээр. Тухайн үед буюу сонсгол болох ёстой байсан өдрийн өмнө тус түр хорооны хуралдаан болжээ. Гэхдээ түр хорооны хурал даргаа хүлээсээр бүтэн зургаан цаг болсон аж. Улмаар түр хорооны дарга Г.Ганболд хуралдаа ирж, нүүрсний хэргийн сонсголыг хойшлуулах санал гаргасан байна. Үүнийг нь түр хороо дахь сөрөг хүчний гишүүд эсэргүүцсэн ч МАН-ынхан олонхоороо хойшлуулахаар болж. Тухайн үед түр хорооны дарга Г.Ганболд гишүүдээ яагаад тэгж удаан хүлээлгэв. Сөрөг хүчний гишүүдийн ярьж байгаагаар Г.Ганболд нь намынхаа удирдлагуудтай уулзаж, чиглэл авч байсан гэв.

Өөрөөр хэлбэл уг сонсголыг явуулах уу, эс явуулах уу гэдэг асуудлаар намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатартай зургаан цаг гаруй ярилцаж суусан аж. Улмаар намынхаа удирдлагуудын чиглэлээр тус сонсголыг өдийг болтол тодорхойгүй хугацаагаар ийн хойшлуулсан болж таарч байгаа юм. Үүнээс харвал эрх баригчдын хувьд нүүрсний хулгайн асуудлаар сонсгол явуулахыг хүсэхгүй байгаа гэж хэлж болохоор байна. Цаанаа мэдээж улс төрийн далд тохиролцоо, яриа хөөрөө явагдаж байгаа гэдэг нь дээрх нөхцөл байдлаас тодорхой харагдаж буй. Харин сүүлийн үед энэхүү сонсголыг явуулах асуудлаар УИХ-ын гишүүд дор бүрнээ идэвхэжсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Нэр бүхий зарим гишүүд нүүрсний хэргийн сонсголыг явуулах асуудлаар бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэв. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Ганибал, С.Ганбаатар, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын гишүүд уг сонсголыг явуулах талаарх албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Энэхүү албан бичигт гарын үсгээ зурж, сонсголыг нэн яаралтай явуулах зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гишүүд ч нэмэгдэж байгаа сурагтай. Нөгөөтэйгүүр тус сонсголыг явуулах эсэхтэй холбоотойгоор эрх баригчдын дунд маргаан өрнөж, талцаж байгаа талаарх тамхины цэгийн яриа ордноор нэг шуугьж байна. Тодруулбал, Засгийн газрын гишүүд хоорондоо уг асуудлаар болж нэгэн рүүгээ хатуухан үг чулуудан, үзэл бодлын зөрүүтэй байгаагаа намын даргадаа хэлсэн гэв. Эрх баригч намын гишүүдийн талцсан хандлага Их хурал дээр ч ижилхэн байгаа бололтой. Товчхондоо нүүрсний жинхэнэ хулгайчдын нөлөөлөл УИХ, Засгийн газрын хүрээнд тод илрэх болж. Энэ бол ордонд яригдаж байгаа шуугиан. Харин сүүлийн үед энэхүү шуугианыг улам дэвэргэж байгаа нэг яриа бол уг сонсголыг явуулах дургүй ганц хүний тухай юм. Ганц хүн гэхээр мэдээж Ерөнхийлөгч байж таарна. Ард түмнээсээ сонгогдсон хүндэт Ерөнхийлөгч маань яагаад энэхүү сонсголыг явуулах дургүй байна вэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн дор бүрнээ ухаж ойлгохыг хичээж байгаа бололтой. Тэдний заримынх нь хэлж байгаагаар нүүрсний хулгайчид өөрсдийгөө хамгаалахын тулд Ерөнхийлөгч цайзаа болгосон байх магадлал өндөр гэлээ. Энэ үнэн бол энэ зуны халуунтай зэрэгцсэн улс төрийн халалт ард түмнийг давхар зовоох бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?