НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа.
-НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс нүүрс авч, нийслэлийн гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй худалдаж, агаарын бохирдлыг бууруулна гэсэн Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан нь хурлыг нэлээд ширүүн уур амьсгалтай болголоо. НИТХ дахь ХҮН намын бүлэг энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж харагдсан. Юу болов?
-Монгол Улсын Засгийн газар хуралдаад Нийслэлийг 500 тэрбум төгрөг хүртэл үнэт цаас гаргаж болно. Босгосон үнэт цааснаасаа 177.5 тэрбум төгрөгөөр Хятад улсаас хагас кокс нүүрс асаагуурын хамт худалдаж авч ирээд өвөл иргэдэд хямд тарааж агаарын бохирдолтой тэмцэнэ гэсэн чиглэлийг НИТХ-д оруулж ирлээ. Үүнтэй холбоотой Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайд ирж тайлбар танилцуулга хийсэн. НИТХ-ын ХҮН намын бүлэг энэ арга хэмжээг эрс эсэргүүцэж байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах шийдэл биш. 177.5 тэрбумыг хоёр сарын хугацаанд шууд шатаах л шийдвэр. Ирэх жил энэ их хөрөнгөөс юу ч үлдэхгүй. 177.5 тэрбум гэдэг асар их мөнгө шүү дээ. Цэвэр агаар төсөл дээр жилд 80 тэрбум төгрөг зарцуулсан байна гээд муугийн жишээ болгоод ярьцгаадаг. Гэтэл үүнээс хоёр дахин их үнийн дүнтэй хөрөнгийг хоёр сарын хугацаанд зарцуулж, нийслэлчүүдийг аргацаасан арга хэмжээ л авах гэж байна.
-Ямар үндэслэлээр танай намын бүлэг эсэргүүцэв?
-Нэгд, улс төрийн талаасаа энэ бол 2024 оны сонгуулийг угтсан аргаа барсан арга хэмжээ. Бизнес талаас энэ бол Засгийн газрын түвшинд нэг хүний шахаа явж байна гэсэн хардлага төрж байна. Одоо наймдугаар сар дундаа орж байхад гэнэт гаргаж ирнэ гэдэг байж болохгүй. Бизнесийн зарчмаар бол энэ том нийлүүлэлтийг Хятадын ямар компани хэзээ яаж хийх вэ гэдэг гэрээ хэлэлцээр эрт хийгдэх ёстой байсан. Энэ үүднээс харвал тендер нийлүүлэгч нь аль хэдийнэ тодорчихсон, бэлдчихсэн ажил байна гэж харагдаж байгаа.
Хоёрдугаарт, хагас кокс нүүрс гэдэг нь дулааны илчлэг одоогийнхоос сайжирна. Гэхдээ шууд зуухандаа хийгээд шүдэнз зураад асаачихгүй. Тусгай асаагуураар асна. Аслаа гэхэд хагас кокс нүүрс сайн шаталт авахын тулд хүчилтөрөгч их шаарддаг. Энэ нь гэр хороололд монгол гэрийн зууханд шатахаар лабораторид асааж байгаа шиг утаа багасах уу. Онолын хувьд угаарын хий илүү их гарах эрсдэлтэй. Үүнийг яах вэ гэж мэргэжилтнүүд холбогдож анхааруулж эхэллээ. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд одоо л гэр хороололд туршиж эхэлнэ гэж байна. 177.5 тэрбум төгрөгөөр хоёрхон сарын хугацаанд тааруулж туршилт хийдэг ямар баян улс вэ. Маш утгагүй үйл ажиллагаа болж байна.
Гуравт, хуулийн дагуу төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөвт арга хэмжээг эрэмбэлж байгаад хамгийн зөв, оновчтой, шаардлагатай гэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хамгийн энгийн тооцооллоор 177.5 тэрбум төгрөгөөр шууд газ худалдаад авч болно. Нэг литр газ 1800 орчим төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ дүнгээр бол 100 мянган тонн газ авах боломжтой. Хагас кокс нүүсрийг оруулж ирээд 115 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ гэж байна. Хэмжээний хувьд нэлээд ойролцоо байгаа биз. Гэхдээ газ нь хоёр дахин их дулаан ялгаруулна. Энгийн тооцоо хийхэд хүртэл гайхал төрүүлээд байна. Ямар гайхалтай төсөл болоод ингэж зүтгүүлээд байна вэ. Энэ том хөрөнгөөр агаарын бохирдол бууруулахад хийж болох өөр ч үр дүнтэй үйл ажиллагаанууд бий. Тухайлбал, судлаач, мэргэжилтнүүд гэр хороололд пассив хаус ашиглах боломжтой гэж танилцуулдаг. Өртөг нь 50 орчим сая төгрөгөөр л босно. Энэ мөнгөөр пассив хаусны хүүгүй зээл олгочих. 3885 айлыг утаат яндангаас салгах боломж. Жил бүр энэ ажлыг үргэлжлүүлж болно. Ингээд харахад энэ бүх арга хэмжээнээс Хятад улсаас нүүрс худалдаж авдаг нь юугаараа давуу талтай болчихоод байна гэхэд Б.Чойжилсүрэн сайд хангалттай тайлбар өгч чадсангүй. Гэвч НИТХ энэ шийдвэрийг баталчихлаа.
-Газ худалдаж авч болно гэлээ. Б.Чойжилсүрэн сайдынхаар газ хэрэглэх нь өртөг өндөртэй. Гаднаас импортлоход өртөг нь 177.5 тэрбумаасаа 2.5 дахин илүү болно гэж тайлбарлаж байсан. Орон сууцжуулъя гэхэд механик өсөлтийг шинээр ашиглалтад орж байгаа орон сууц гүйцэхгүй байна гэж учирлалаа шүү дээ?
-Шууд газ түл гэсэн үг биш шүү дээ. За яахав, импортолж оруулж ирэхэд 2.5 дахин өндөр өртөгтэй гэж байна. Үнэндээ цаад үр дагавар нь өндөр шүү дээ. Ямар угаар байхгүй, илчлэг өндөр. Гаднаас авахад үнэтэй юм бол дотоодоосоо газ худалдаж аваад тарааж болно. Эдийн засгийн үр ашиг талаас адилхан. Тиймээс энэ бол зөв хариулт биш.
Аргаа барсан арга гээд 177.5 тэрбум төгрөгийг өвлийн хоёр сар шатаана гэдэг Засгийн газар, Эрчим хүчний сайд өөрөө агаарын бохирдлыг бууруулах тал дээр мухардалд орчихсон байна. Агаарын бохирдол их байна гэдэг нийслэлийн гэр хророоллын иргэд дулаан алдагдал багатай, ая тухтай орон байранд амьдарч чадахгүй байгаагийн сөрөг үр дагавар. Түлшийг солиод асуудал дуусхагүй. Цаад шалтгаан өнөөдөр XXI зуунд нийслэлийн иргэд гэрт амьдраад хичнээн гоё сайхан түлш түлээд гэрээсээ гараад л нөгөө модон жорлон, тав тухгүй орчин нөхцөл угтана. Харин үүний оронд инженерийн болон дэд бүтцүүдийг маш сайн хийх ёстой. Орон сууцжуулах төслүүдийг дэмжиж болно.
Нийслэл өөрөө үүнийг хийх гэхээр ямар ч төсөв байдаггүй. Инженерийн дэд бүтцийн ажилд 2022 онд 23 тэрбум төгрөг тавьж байсан бол 2023 онд гурван тэрбумыг л тавьсан. Цаад үндсэн асуудлаа шийдэх арга хэмжээ авах саналыг НИТХ дээр бидний зүгээс хэлж яриад дийлсэнгүй.
-Үнэт цаас босгож 177.5 тэрбумыг зарцуулна гэлээ. Энэ шийдвэрийг цаашид өөрчлөх боломжтой юу?
-177.5 тэрбумын үнэт цаасыг нийслэл өр тавьж босгоно. Хөрөнгө оруулагчид орж ирнэ. Одоогийн нөхцөл байдлаар бол нийслэлд итгээд хөрөнгөө оруулах хувийн сектор хэр байгааг мэдэхгүй юм. Ямартаа ч өмнөх Эрдэнэс Тавантолгой компани бонд босгоход банкуудыг нэлээд шахчихдаг юм билээ. Тэгэхээр арилжааны банкууд орж ирэх байх. Монголбанк ч тодорхой хэмжээгээр орж ирэх болов уу. Ингээд босголоо гэж бодъё. Үнэт цаасны танилцуулга гэж гардаг. Тэр хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Мөнгөө өгч байгаа тал нухацтай авч үзнэ. Шаардлагатай гэж үзвэл НИТХ-д оруулж өөрчилж болно. Үүнд иргэд, мэргэжилтнүүд судлаачид байр сууриа сайн илэрхийлэх ёстой.
-177.5 тэрбумаар хагас кокс нүүрс авахын оронд дээрх шийдлүүдийг та ярилаа. Өвөл хаяанд ирж байгаа. Энэ намар багтаж хийж болох шийдэл аль нь вэ?
-Санал болгосон болгоогүй өвөл шахмал түлш хэрэглэж байгаа. Шахмал түлшийг 2020 оны сонгуулийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн. Эхний жил утаа харагдах байдлаар багассан. Энэ оны нийслэлийн төсөвт 33 тэрбумыг тавиад баталчихсан. Нэг ёсондоо шахмал түлшний мөнгө шийдэгдчихсэн. Одоо гол нь стандартын дагуу үйлдвэрлэлийг явуулах асуудлыг хөндөх ёстой. Яг л 2020 оны сонгуулийн өмнө ажилласан шигээ сайн ажиллуул. Дээр нь энэ 177.5 тэрбум төгрөгөөр пассив хаусны зээл олгох юм уу, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг хүүгүйгээр олгож болно. Ингэж чадвал нэг удаа тараагаад л хоёрхон сар шатаачих хөрөнгө болохгүй шүү дээ.
-Шахмал түлш өөрөө асуудалтай байгаа. Ам бүл тэр чигээрээ, нялх нойтон хүүхэд, хөгшид, залуус олноороо хордож амиа алдаж байна. Үүнд та бүхэн анхаарч үзэв үү?
-Шахмал түлш өнгөрсөн жилүүдэд хэрэглээд ирсэн. Яг стандартыг нь бариулж, барьцалдуулагч бодисыг нь яг л стандартаар нь хийлгэдэг болгох ёстой. Үүнд мэргэжлийн холбогдох байгууллагууд хянаж, шахаад ажлыг сайжруулах тал дээр ажиллах ёстой. Мэдээж бид ч ажиллана.
Хагас кокс бол технологийн талаасаа дэгдэмхий бодис нь багасна. Харин угаарын хий ихсэх эрсдэлтэй. Одоогийнхоос илүү угаарын хий нэмэгдэж болзошгүй. Одоогийн шахмал түлшнээс илүү угаар гараад эхэлбэл ямар арга хэмжээ авах вэ гэдгийг сануулаарай гэж мэргэжлийн хүмүүс бидэнтэй холбогдож байна. Ингээд харахаар энэ ажил бол хүн ардын эрүүл мэнд аюулгүй байдлын талаас, эдийн засгийн үр ашиг талаас аваад үзсэн ч ямар ч зөвтгөх шалтгаан шалтаг олдохгүй байна. Хагас кокс нүүрсийг агаарын бохирдлыг бууруулж нийслэлийн иргэдийг эрүүл аюулггүй орчинд амьдруулахын тулд худалдаж авч байна гэж тайлбарлаж байна. Энэ бол шулуухнаар хэлэхэд эрх баригчид 2024 оны сонгуулийн өмнө нийслэлийн утааг арай багассан болгож харагдуулах гэсэн арга. Хоёрт, сонгууль болох гэж байна. 177.5 тэрбумын нэг удаагийн тендер зарлагдана. Ийм том хэмжээний ажил авах бизнесийн сонирхол хэн нэгэнд байна гэдэг харлага төрж байна. Ач холбогдол, эрэмбээр нь харахад хийх ажил маш их байгаа. Үер усны аюул, замын түгжрэл гээд. Агаарын бохирдол гэж иргэдэд тулгамдсан асуудлын нэрийг барьж ийм утгагүй зүйл хийнэ гэж байж болохгүй. Бод доо. Монгол Улс Гашуунсухайт боомтоороо нүүрсээ түүхийгээр нь гаргачихаад нэмүү өртгийг нь хүний нутагт шингээгээд эргээд худалдаж авна гэж байж болох уу. Үнэхээр Б.Чойжилсүрэн сайдын хэлдгээр арга ядсан арга байгаа биз. Засгийн газар аргаа барж байна. Тэдэнд агаарын бохирдлыг бууруулах бодлого алга, зөвхөн сонгууль дөхсөн бизнес л хийх гэж байна гэж харагдаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин