Х.АЛТАНХУЯГ: Д.ЭРДЭНЭБИЛЭГ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧСӨН УЧРААС АН-ЫН БАЙР, ГАЗРЫГ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА

2023-08-17  

АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.


-АН өөрийн төв байраа ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт хулхидуулаад арван жил боллоо гэж та бүхэн дуугарч байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Миний бие “Улс төрийн жиргээ” контентоороо АН-ын байрны асуудал юу болсон талаар хөндөж тавьсан. АН анх ХХБ-тай 2013 онд гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ “АН-ын байр байсан газарт ХХБ шинээр арав гаруй давхар байшин бариад 2000 ам.метр талбайг нь танай намд хүлээлгэн өгнө” гэж гэрээлээд урьдчилгаа төлбөр болгож долоон тэрбум төгрөгийг АН-д өгсөн. Сүхбаатарын талбайн зүүн талд, нийслэлийн зүрхэнд байсан АН-ын шилэн байрыг Д.Эрдэнэбилэг гэдэг хүн авч нураасан. Тэрнээс хойш арван жилийн нүүр үзжээ. Төдийгөөс өдий хүртэл хоосон газрыг нь хашаалж, хотын өнгө үзэмжийг муухай харагдуулж ирлээ. Эргээд харахад АН өөрийн гэсэн байртай байсан. Хэрэв энэ байр байсан бол өнөөдөр долоон тэрбумаар хэмжигдэхгүй. Газар нь хүртэл асар үнэтэй. Гэтэл Д.Эрдэнэбилэг гэдэг нөхөр тухайн үед ийм бага мөнгөөр үнэлээд гэрээлчихсэн. Тэр цагаас хойш АН түрээсийн байраар явж ирлээ. Үүнээс болж өнгөрсөн арван жилийн хугацаанд манай нам асар их хохирол амссан. Үндсэндээ ХХБ-тай байгуулсан уг гэрээний хугацаа дуусгавар болсон учраас бид байраа нэхээд байгаа юм.

-Өнөөдрийг хүртэл АН түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирэхдээ хэдэн төгрөг зарцуулаад байна вэ. Ямар тооцоо гарав?

-Нөхөн төлбөрийг өнөөдрийн ханшаар тооцох юм бол 20-иод тэрбумын асуудал яригддаг юм билээ. Тиймээс бид бүхэн ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгээс АН-ын байр байсан газрыг нэн яаралтай шилжүүлж өгөхийг шаардаж байгаа юм. Яагаад гэвэл бүхэл бүтэн арван жил энэ газарт тэд ширхэг ч тоосго тавиагүй байна. Иймд АН-д яаралтай газраа эргүүлж өгөх, АН-ыг байртай болгох шаардлагыг тавьж байгаа юм. Ер нь Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг Монголын ард түмэн сайн таньдаг болсон. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цементийн үйлдвэр зэрэг Монголын ард түмний өмч болсон үнэт зүйл рүү улайран шунасан нөхөр. АН-д олон ялалтыг авчирч байсан шилэн байрыг маань нурааж өнөөдрийг хүртэл байшин барьж өгөөгүй. Ийм ёс зүйгүй хүн Монгол Улсаар тоглож байна. Д.Эрдэнэбилэгийн нам дамжсан маш том хүчтэй бүлэглэлтэй бид тэмцэж байгаа. Манай намд ч түүний гар хөл бишгүй бий.

-АН-ын байр байсан тухайн газар одоо хэний нэр дээр байгаа юм бэ?

-Бид бүхэн одоо бичиг баримтыг нь судалж үзэхэд ХХБ руу шилжсэн юм билээ. Мэдээж энэ асуудал бол тус банкинд ажиллаж байгаа жирийн ажилчдад ямар ч хамаагүй. Харин ХХБ-ны 50-иас илүү хувийг эзэмшдэг Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй л асуудлыг ярьж байгаа юм шүү. Тэрбээр ардчиллын буянаар хэмжээлшгүй их эд хөрөнгө цуглуулж чадсан хүн. Тэгсэн хэрнээ арван жилийн турш АН-ын байрыг бариад өгчих юмсан гэсэн сэтгэл гаргасангүй.

-Нэгэнт газар нь ХХБ-ны нэр дээр шилжчихсэн юм бол та бүхэн хүний өмч рүү дайрч байгаа юм биш үү. Гэрээнд энэ тухай яг юу гэж заасан юм бэ. Хугацаандаа гэрээгээ биелүүлээгүй бол газраа буцааж өгнө, нөхөн төлбөр олгоно ч гэдэг юм уу иймэрхүү заалт бий юу?

-Иргэний хуулийн 75.1.2-т өмчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайн заалт бий. Гэрээ гэдэг тодорхой хугацаатай. Д.Эрдэнэбилэг гэрээгээ зөрчсөн. Тиймээс бид бүхэн тухайн газрыг АН буцааж авах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа. Иймд АН-ын гишүүд, залуучууд өөрсдөө намынхаа байрыг барья гэж санал нэгдээд байна. АН-ын байрыг залуучуудын өргөө болгох санал санаачилга хүртэл гараад явж байна.

-Та бүхэн цаашид ямар акц өрнүүлэх вэ?

-АН дотроосоо цэвэршиж асуудлаа шийдэхгүй бол өмч хөрөнгийн асуудал нь эзэнгүйдэж байгаагийн тод жишээ бол энэ. Ер нь АН-ын байрлаад байгаа байрууд дандаа түрээсээр явж ирсэн. Ингээд ХХБ-тай байгуулсан гэрээг ярихаар Д.Эрдэнэбилэгийг хамгаалдаг бүлэглэл манай нам дотор байгаа. Бидний гол шаардлага бол Монголын улс төрийн том хүчин, төрийн эрхийг барьж байсан АН өнөөдөр өөрийн гэсэн байр савгүй явж байгаа нь эмгэнэлтэй. Бид өөрсдийнхөө өмчийн асуудлыг шийдэж чадахгүй юм бол яаж бусдын эрх ашгийг хамгаалах юм бэ. Үнэндээ 2022 оны сонгуулиас хойш АН дотроо маргаантай явж ирсэн. Ингээд 2.5 жилийн дараа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нэг даргатай боллоо. Тэгэхээр одоо байраа нэхэмжлэх субъекттэй боллоо. АН-ыг төлөөлөх эрхтэй хүнтэй болсон гэсэн үг. Тиймээс бид энэ байр савны асуудлыг хуулийн дагуу шүүхээр шийдүүлнэ. Ингээд үе шаттай акциуд өрнүүлнэ. Наймдугаар сарын 21-нд АН-ын гишүүд ХХБ-ны гадаа сануулах суулт хийнэ. Сая бид ХХБ-ны удирдлагуудтай уулзах гэж очсон боловч хүлээж авсангүй. Иймд дараа дараагийн үе шаттай үйл ажиллагаа явуулна.

-АН өнгөрсөн арван жил түрээсэнд 20 тэрбумыг зарцуулсан гэлээ. Тэгэхээр байрны асуудал намын ялагдал, эв нэгдэлд нөлөөлсөн үү?

-Хэн дуртай нь нэг байр түрээсэлдэг. Өмч хөрөнгө нь шилждэггүй. Өмч хөрөнгийн мөнхийн маргаантай явж ирлээ. Амьдрал дээр залуу хосууд хүртэл байр түрээслээд явахаараа эд хөрөнгө цуглуулж чаддаггүй шүү дээ.Түрээсийн байр дамжиж явсаар байгаад сүүлд нь салж сарниад амьдрал нь бүтдэггүй гашуун түүх олон. Нам үүнтэй ижил л байгаа. Байрнаас байр дамжин түрээсэлж явсаар байгаад цуглуулсан эд хөрөнгөө алдана. Нэг хэсэг нь хоноцын сэтгэлээр хандана. Энэ нь намын ялалтад сөргөөр нөлөөлж байгаа. Сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулийн ялагдлын том шалтгаан бол энэ юм. Үнэндээ намынхаа гишүүдийг олигтойхон цуглуулаад хурлаа хийчихье гэхээр байр алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?