РОМЫН ПАПЫН ТҮҮХЭН АЙЛЧЛАЛЫГ ОРОСУУД МУУЛАХГҮЙ

2023-09-01  

Литва улс өөрийн улсад суугаа Ватиканы төлөөлөгчийг Оросын хаадын тухай Ромын Пап ламын мэдэгдэлтэй холбогдуулан “ярилцахаар” дуудав. Ромын Пап Францис Орост хийсэн цахим уулзалтаар “агуу эзэнт гүрний” тухай хэлсэн үгтэй нь холбогдуулан Литвийн Гадаад хэргийн яам Ватиканаас тус улсад суугаа албан ёсны төлөөлөгчийг дуудаж, яриа өрнүүлэх болсон нь энэ юм. Литвийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Паулина Левиските “Энэ уулзалт ирэх сарын эхээр, хамба лам Петар Ражич амралтаасаа буцаж ирэхэд болно” гэж хэлснийг “BNS” агентлаг мэдээлэв.

Литва нь тусгай төрийн шашингүй боловч 2021 оны хүн амын тооллогоор тус улсын оршин суугчдын 74.2% нь Ромын католик шашинд харьяалагддаг болох нь тодорхой болсон билээ. Мөн Литва нь Украины хамгийн тууштай холбоотнуудын нэг юм.

Өнгөрсөн баасан гаригт Ромын Пап лам Францис Санкт-Петербургт болсон католик шашны арга хэмжээний үеэр цахимаар үг хэлэхдээ “ Бусдын газар нутгийг хүн амтай нь эзлэн түрэмгийлсэн Петр I болон II Екатерина хаадыг гэгээнтэн гээд Оросын эзэнт гүрнийг гэгээрсэн, агуу соёл, агуу их гүрэн” хэмээн Оросын өнөөгийн суртал ухуулгатай адил зүйл айлдсан нь Украины албаныхан төдийгүй Украины католик сүмийн удирдлагын уур бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ватиканы Гадаад асуудал хариуцсан төлөөлөгчийн газраас “Ромын Пап лам Оросын эзэнт гүрнийг магтах гээгүй, харин түүхэн хүмүүсийг зөвхөн он цагийн тодруулга болгон дурдсан” гэж тайлбар тавиад байгаа юм. Харин барууны хэвлэлүүд хэлэх үгэндээ байгаагүй зүйлийг Пап лам дур мэдэн айлдсан хэмээн шуугиан тариад байна. Ийнхүү Санкт-Петербургт болсон Бүх Оросын католик шашны залуучуудын 10 дахь уулзалтын хүрээнд хийсэн Ромын Пап Францисын видео мессежийг тойрсон дуулиан намжихгүй байна.

Хамба лам “Оросын түүхийг мэддэг” гэдгийг Москва сайшааж, энэ тухай залуучуудад сануулах нь чухал гээд үүний зэрэгцээ Оросын түүхэн өв “зөвхөн Петр эсвэл Екатеринагаар хязгаарлагдахгүй, илүү эртний зүйл юм” гэж мэдэгдэв. Харин Украины ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Олег Николенко “Оросын архагшсан түрэмгийллийн гол шалтгаан болдог Орос агуу гүрэн гэсэн хийрхэл Ромын Пап ламын амнаас ухамсартай ч бай, ухамсаргүйгээр ч бай гарч байгаа нь үнэхээр харамсмаар явдал” гэж мэдэгдсэн билээ.

Оросын “Нет худа без добра” буюу “Сайн талгүй муу зүйл байдаггүй” гэсэн хэлц үг бий. Энэхүү шуугианы сайн тал нь юу ч гэж сурталдаж магадгүй “найдвар үгүй түнш” болох Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд хийх Ромын Пап ламын тав хоногийн түүхэн айлчлалын талаар ямарваа нэгэн муу зүйл ярихгүй гэдэг нь тодорхой болж буй явдал юм. Учир нь Ромын Папын Монголд хийх айлчлалын бэлгэдэл дүрсийг Ватикан урьдчилан танилцуулсан бөгөөд энэхүү айлчлалын уриа үг нь “Hoping Together” буюу “Хамтдаа найдацгаая” байх юм. Ватиканы хэвлэлийн алба “Итгэл найдвар бол зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагдахгүй ойлголт. “Хамт” гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагаа ямар чухал болохыг онцолж байгаа хэрэг. Энэ хоёр үг нийлээд Папын айлчлалын нийтлэг үзэл санаа, өвөрмөц байдлыг илэрхийлнэ” гэж тайлбарласан билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?